УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ

2021-03-15 Парламент

Өнөөдөр УИХ хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ жилээс эхлэн гуравдугаар сарын 15-наас эхлүүлж байхаар болсон. Учир нь, 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр чуулж байхаар болсон юм. Өмнө нь 50-иаас доошгүй ажлын өдөр чуулах хуультай байсан учраас хаврын чуулганыг дөрөвдүгээр сарын 5-нд эхлүүлдэг байв.

Ээлжит чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүдээс гадна манай улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөллүүд зочноор оролцдог уламжлалтай. Харин энэ удаад цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зочдыг цахимаар оролцуулж байна.

Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж байна. Тэрбээр “Энэ хаврын чуулганы Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, эрхзүйн хувьсгалыг хийхэд онцгой ач холбогдолтлй байх болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс нь ардчилал, хүний эрхийг баталгаажуулах явдал байсан. Ийм учраас эрхзүйн хувьсгалын үндсэн зорилго нь хүний эрхийг дээдэлсэн эрхзүйт төрийг төлөвшүүлэх явдал юм. энэ хаврын чуулган ардчилал, хүний эрхийн чуулган байна” гэдгийг тодотголоо.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.