Дэлхий даяар тархаад буй халдварын тоо буурахгүй, халдварын вирус өөрөө хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед хүн төрөлхтний аврал бол вакцин. Дэлхийн олон улс орны эрдэмтэд вакцин шинээр гаргаж, хүн амыг дархлаажуулах, вакцинд хамруулах ажил хийгдэж байгаа ч вакцины хангамж, covid-19-ийн вирус өөрөө хувьсан өөрчлөгдөж байгаа нь эрдэмтдийн санааг зовоож буй. Тэгвэл бид энэ удаад вакцины талаарх судлаачийн нийтлэлийг хүргэж байна.
2019 оны сүүлээр Хятад улсын Ухань хотод covid-19 вирус анх бүртгэгдэж улмаар дэлхийн бүх улс орноор тархаж, хүн төрөлхтний амьдралын хэв маяг тэр чигээрээ өөрчлөгдөөд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас дэлхий даяар нийтдээ 115-н сая хүн өвчилж, үүнээс 2,6 сая хүн нас бараад байна. Цар тахлын тархалтыг зогсоож, өвчлөл нас баралтыг бууруулахын тулд covid-19 вирусийн эсрэг вакцин бүтээх нь бүхий л улс орнуудын зорилго болоод байна. Вакцин шинээр бүтээж зах зээлд нийлүүлэхэд олон жилийн эрдэм шинжилгээний судалгаа, нарийн туршилт шаардлагатай болдог. Харин 2020 онд дэлхийн эрдэм шинжилгээний ажилчдад covid-19 вирусийн эсрэг аюулгүй, өндөр үр дүнтэй вакцин гаргаж авах шаардлага тулгарсан бөгөөд тэд вакциныг урьд өмнө байгаагүй хурдан хугацаанд бүтээж хүн амыг дархлаажуулж эхлээд байна.
ФАЙЗЕР БИОНТЕК
Эдгээрээс хамгийн анх 2020 оны арваннэгдүгээр сарын 9-нд Америк, Германы хамтарсан “Файзер БиоНТек” компани өөрсдийн вакцинаа covid-19-ийн эсрэг 90 хувиас дээш үр дүнтэй байна гэдгээ зарлаж түүхэн амжилт тогтоов. АНУ-ын Хүнс Эмийн Хүрээлэн (FDA) тус вакцины клиникийн туршилтыг хараат бусаар бие даан хянасны эцэст 95 хувийн үр дүнтэй, ноцтой хариу урвал үзүүлдэггүйг тогтоосон бөгөөд Англи 2020 оны арванхоёрдугаар сарын 2-нд, АНУ 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл тус тус олгосон бол ДЭМБ 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд зөвшөөрөл олгосон байна. Тус вакциныг анх Израйл Улс их хэмжээгээр авч, хүн амаа дархлаажуулсан нь амьдрал дээр ч вакцин өндөр үр дүнтэй байгааг харуулсан юм. “Файзер БиоНТек” вакцин амжилттай байсан боловч вакциныг -70°С-д тээвэрлэж, хадгалах нь ихэнх орнуудад хүндрэлтэй байсан юм. Үүнээс хойш 2021 оны хоёрдугаар сарын 19-нд вакциныг -25°С-аас -15°С-д хадгалах боломжтой болсныг тус компаниас мэдэгдсэн бөгөөд 2021 оны сүүлээр дэлхий даяар хоёр тэрбум тун вакцин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. ДЭМБ яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл олгосноор өөр бусад олон улс орнуудад зөвшөөрөгдсөн.
Вакцины заалт: 16-аас дээш насныханд 2 тунгаар 21 хоногийн зайтай хийх заалттай.
Гарч болох зарим гаж нөлөө: Толгой өвдөх, ядарч сульдах, тариа хийсэн газар улайж хавдах зэрэг шинж тэмдгүүд 1-2 хоногийн дотор арилна. Маш ховор тохиолдолд харшлын анафилактик шок өгнө.
МОДЕРНА
АНУ-н Хүнс Эмийн Хүрээлэн (FDA)-ээс яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл авсан 2 дахь вакцин бол АНУ-н Модерна компанийн гаргасан covid-19 вирусийн эсрэг вакцин юм. Модернагийн вакцин нь “Файзер БиоНТек” вакцинтай адилхан mRNA технологийг ашигладаг бөгөөд клиникийн туршилтаар covid-19 вирусийн эсрэг 94.1 хувь үр дүн үзүүлсэн нь “Файзер БиоНТек” вакцинтай ижил өндөр хувьтай байгааг харуулсан юм. Тус вакциныг удаан хугацаагаар (6-н сар) -20°С-д хадгалж болно. Энгийн хөргөгчинд 30 хоног хадгалж болдгоороо давуу талтай юм. 2021 онд нийт нэг тэрбум тун үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Монгол Улс АНУ-аас гадна Канад, Европын Холбооны Улсууд, Англи, Сингапур зэрэг улсууд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосон байна.
Вакцины заалт: 18-аас дээш насныханд 28 хоногийн зайтай 2 тунгаар хийж хэрэглэнэ.
Гарч болох зарим гаж нөлөө: Толгой өвдөх, ядарч сульдах, тариа хийсэн газар улайж хавдах ба эдгээр шинж тэмдгүүд нь 1-2 хоногийн дотор арилна. Маш ховор тохиолдолд харшлын анафилактик шок өгнө.
ОКСФОРД АСТРАЗЕНЕКА
2020 оны арванхоёрдугаар сарын 8-нд Англи Улсын Оксфордын Их Сургуулийн эрдэмтэд болон АстраЗенека компанийн хамтран бүтээсэн covid-19 вирусийн эсрэг вакцины клиникийн туршилтын үр дүнг танилцуулсан бөгөөд тэдний гаргаж авсан вакцин нь 2 тун хийсний дараа 82.4 хувийн идэвхтэй байсан бөгөөд хүндээр өвдөж, covid-19 вирусээр нас барах эрсдэлийг 100 хувь бууруулна гэжээ. Мөн шинж тэмдэггүй өвчтөний вирус тархаах эрсдэлийг 67 хувь хүртэл бууруулдаг байна. Энэ вакциныг Аденовирусыг генийн инженерчлэлийн аргаар covid-19 вирустэй төстэй болгож бүтээсэн. Анх 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд Англи болон Аргентин Улс энэ вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл олгосон ба ДЭМБ 2021 оны хоёрдугаар сарын 16-нд тус вакциныг 18-аас дээш насныханд хийхийг зөвшөөрсөн. АстраЗенека АНУ-д вакцинаа нийлүүлэх зөвшөөрлөө хүлээж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд АстраЗенека компани ОХУ-н Спутник-V вакциныг зохион бүтээгчидтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн бөгөөд тэдний хамтарсан клиникийн туршилт нь 2021 оны хоёрдугаар сард эхлүүлсэн байна. АстраЗенека вакцины хувьд өрсөлдөгчдөөсөө ялгарч буй давуу тал нь хямд үнэ, энгийн хөргөгчний температурт тээвэрлэн 6-н сар хүртэл хадгалах боломжтой юм. Яаралтай горимоор вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн зарим орнуудаас дурдвал Австрали, Англи, Монгол Улс, Канад, Европын Холбооны Улсууд, Солонгос, Вьетнам, Энэтхэг, Саудын Араб, Бразил, Өмнөд Африк гэх мэт.
Вакцины заалт: 18-аас дээш насныханд 28-аас 84-н хоногийн зайтай 2 тунгаар хийх заалттай.
Илэрч болох гаж нөлөө: Тарьсан газар өвдөх, улайх, загатнах, хавдах ба эдгээр шинж тэмдгүүд 1-2 хоногийн дотор арилна.
СПУТНИК-V
ОХУ-н Гамалея Институт covid-19 вирусийн эсрэг 91.6 хувийн идэвхтэй Спутник-V вакцин бүтээснээ “Lancet” эрдэм шинжилгээний сэтгүүлд анх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд нийтлүүлсэн байна. Мөн тус вакциныг бүтээгчдийн хэлснээр covid-19 вирусээр хүндээр өвчлөхөөс 100 хувь хамгаална гэжээ. Вакцин бүтээсэн технологи нь АстраЗенека вакцинтай төстэй ба “Ad5 болон Ad26” адиновирусыг хэрэглэдэг. 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн ОХУ-н Засгийн Газар ард иргэддээ Спутник-V вакцинаар дархлаажуулах аян эхлүүлсэн боловч иргэдийн дунд вакцины чанар болон аюулгүй байдалд эргэлзээтэй байсан юм. 2020 оны арванхоёрдугаар сарын 22-нд тус вакциныг Беларус Улс хэрэглээнд нэвтрүүлснээр ОХУ-аас бусад улс хэрэглэсэн, зөвшөөрөл олгосон анхны улс болсон юм. Үүнээс хойш вакциныг яаралтай горимоор зөвшөөрсөн зарим улс орнуудаас дурдвал, Алжир, Аргентин, Египет, Казакстан, Киргизтан, Пакистан, Туркменстан, Узбекстан, Серби, Сири гэх мэт. ДЭМБ одоогоор тус вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгоогүй байгаа. Хадгалах тээвэрлэх нөхцөлийн хувьд энгийн хөргөгчний температур буюу 2°С-аас 8°С-т боломжтой аж.
Вакцины заалт: Спутник-V вакциныг 18-аас дээш насныханд 21 хоногийн зайтай 2 тунгаар хийх заалттай.
Илэрч болох гаж нөлөө: Бусад вакцинтай ижил толгой өвдөх, халуурах.
СИНОВАК
БНХАУ-н Синовак Биотек компани 2020 онд covid-19 вирусийн эсрэг КоронаВак вакциныг бүтээжээ. Тус вакциныг идэвхгүй болгосон covid-19 вирусийг ашиглан бүтээсэн бөгөөд энэ арга нь вакцин бүтээх түгээмэл аргуудын нэг юм. 2021 оны эхээр энэхүү вакцины эмнэлзүйн судалгааг Бразил болон Турк улсуудад хийж гүйцэтгэсэн боловч гарсан үр дүн нь хоорондоо зөрүүтэй байгаа нь олон улсад энэ вакциныг хэрэглэхэд эргэлзээ төрүүлээд байсан юм. Бразил Улсад хийсэн клиникийн судалгаагаар энэ вакциныг 50 хувийн идэвхтэй гэсэн үр дүн гарсан бол Турк Улсын судалгаагаар 83.5 хувийн идэвхтэй гэж гарсан байна. Эдгээр судалгааны үр дүнгүүд нь хараахан олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдээгүй байгаа боловч Хятад Улс энэ вакциныг хэрэглэх тусгай зөвшөөрлийг 2021 оны хоёрдугаар сарын 6-нд олгосон. Короновак вакцин нь covid-19 вирусийн эсрэг хэр зэрэг үр дүнтэй болох нь хараахан тодорхойгүй байна. Гэхдээ энэ вакцин нь бусад вакцинтай адил covid-19 вирусээр хүндээр өвчлөхөөс идэвхтэй сэргийлдэг нь тогтоогдсон. 2021 оны хоёрдугаар сард Синовак компани вакцин үйлдвэрлэлийн багтаамжаа өргөтгөж нэг тэрбум вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай болсноо мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар вакциныг яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн улс орнуудаас дурдвал, Азербайжан, Бразил, Чили, Хонг Конг, Индонез, Лаос, Тайланд, Турк, Мексик гэх мэт. Энэхүү вакцины эмнэлзүйн судалгааны талаарх үр дүн нь бусад барууны улсуудын вакцинуудтай харьцуулбал хомс байгаа юм. ДЭМБ одоогоор тус вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгоогүй байгаа. Энгийн хөргөгчний температурт хадгалж, тээвэрлэнэ.
Вакцины заалт: 18-аас дээш насныханд 2 тунгаар 14 хоногийн зайтай тарьж хэрэглэнэ.
Илэрч болох гаж нөлөө: Мэдээлэл одоогоор олдоогүй.
ЖОНСОН ЭНД ЖОНСОН
“Жонсон энд Жонсон” компанийн салбар болох “Жансен Фармасетика” компанийн бүтээсэн вакцинд АНУ-н Хүнс Эмийн Хүрээлэнгээс (FDA) 2021 оны хоёрдугаар сарын 27-нд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосон нь тус улсад хэрэглэж болох гурав дахь вакцин болсон юм. “Жонсон энд Жонсон” компани энэ вакцины клиникийн III шатны судалгааны үр дүнг 2021 оны нэгдүгээр сарын 29-нд танилцуулсан бөгөөд АНУ-д 72 хувь, Өмнөд Африкт 64 хувь, Латин Америкт 61 хувийн идэвхтэй үр дүн үзүүлсэн байна. Тус вакцин нь АНУ болон Өмнөд Африкт covid-19 вирусээр хүндээр өвчлөх эрсдэлээс 86 хувь хамгаалдаг гэсэн үр дүн гарчээ. Вакциныг хийлгэсэн хүмүүс covid-19 вирусийг бусдад халдаах эрсдэлийг бууруулдаг гэдэг нь ч мөн тогтоогдсон байна. Өмнөд Африк Улсад илэрсэн covid-19 вирусийн шинэ хувилбарын эсрэг “Жонсон энд Жонсон” вакцин илүү үр дүнтэй байсан тул тус улс энэ вакциныг АстраЗенека вакцины оронд эмч, эмнэлгийн ажилчдаа дархлаажуулахаар болсон байна. Одоогийн байдлаар АНУ, Бахрейн Улс энэ вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа бол Европын Эмийн Холбоо (EMA) зөвшөөрөл олгох шийдвэрээ гуравдугаар сарын 11-нд гаргах төлөвтэй байна. Вакциныг хадгалж тээвэрлэхэд хялбар бөгөөд зөвхөн нэг тун хийлгэдгээрээ давуу талтай юм. Гэхдээ тус вакциныг үргэлжлүүлэн хоёр тунгаар хийлгэхэд ямар идэвх үзүүлэхийг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-аас эхлэн судалж байгаа бөгөөд судалгааны үр дүн энэ хавар гарах юм. “Жонсон энд Жонсон” компани 2021 онд нэг тэрбум тун вакцин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хадгалах нөхцөл нь хөлдөөгчинд -20°С-д 2 жил, хөргөгчинд 2°С-аас 8°С-т 3 сар хүртэл хадгалж тээвэрлэх боломжтой.
Вакцины заалт: 18-аас дээш насныханд 1 тунгаар хийгдэнэ.
Илэрч болох гаж нөлөө: Ядрах, сульдах, халуурах, толгой өвдөх, тарьсан газар хөндүүрлэх ба эдгээр шинж тэмдгүүд нь 1-2 хоногийн дотор арилна. Файзер болон Модерна вакцинтай харьцуулахад гаж нөлөө нь харьцангуй бага байгаа нь тогтоогдсон.
Яг одоогоор аль вакцин хамгийн үр дүнтэй болохыг хэлэх боломжгүй. Энэ нь ирээдүйд эсвэл хэсэг хугацааны дараа тодорхой болно. Бүх төрлийн шинээр гарч ирж, бүтээгдсэн вакцинуудыг маш олон хүнд хийж, үргэлжлүүлэн судалсны эцэст тодорхойлох боломжтой болох юм. Гэвч дээр дурдагдсан вакцинууд бүгд covid-19 вирусийн эсрэг дархлаа үүсгэж, хүндээр өвчлөхөөс сэргийлэхээс гадна вирусийн тархалтыг бууруулна.
Вакцинжуулалт нь цар тахлыг давж туулахад хүн төрөлхтний хамгийн эхний алхам болоод байна. Түүнээс гадна бас нэг сайн мэдээ дуулгахад одоогийн байдлаар дээрх вакцинуудаас гадна 73 өөр вакцин эмнэлзүйн шатанд хүн дээр туршигдан, судлагдаж байгаа юм. Түүгээр зогсохгүй covid-19 вирусийн эсрэг олон, өндөр үр дүнтэй, аюулгүй вакцинууд удахгүй гарч ирэх нь тодорхой байна. Гэвч covid-19 вирусийн шинэ мутаци болон хувилбаруудаас эдгээр вакцин үр дүнтэй хамгаалж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа учраас вакцин хийлгэсэн ч одоохондоо бид сонор сэрэмжээ алдахгүй, халдвар хамгааллын дэглэмээ хатуу чанд сахих шаардлагатай байна.
Доктор, профессор Э.Оргил
Эх сурвалж:
www.nytimes.com
www.nature.com
www.yalemedicine.org
www.statnews.com
www.bbc.com
www.who.int
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.