УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөлд АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн саналаар бус АТГ-ын дарга томилох өөрчлөлтийг анх тусгасан байв. Харин хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй зарчмын саналын томъёолол дэмжигдэж, Ерөнхий сайдын саналын дагуу АТГ-ын даргыг, АТГ-ын даргын саналын дагуу дэд даргыг томилох зохицуулалтыг төсөлд тусгаад байна.
Тодруулбал, чуулганы хуралдааны үеэр “21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно”, “21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн юм.
Тиймээс ажлын хэсгийнхэн дэмжигдсэн саналуудыг хуулийн төсөлд тусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Хууль зүйн байнгын хороонд танилцууллаа. Хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй бөгөөд төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.