Төмөр замын тээврийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

2020-12-17 Парламент

Чуулганы танхимаас


Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг төсөл болон хамт өргөн мэдүүдсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцээд төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 74 хувь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төмөр замын тээврийн салбарын хууль тогтоомжийн хүрээнд үүсээд байгаа зөрчил, давхардал болон зохицуулалтгүй байгаа зарим харилцааг хуульчлах замаар эрх зүйн орчин сайжран, төмөр замын тээврийн салбар хөгжиж, Монгол Улсын эдийн засаг, нийгэмд бодитой, эерэг үр дүн гарна гэж үзэж байгаа юм.Түүнчлэн төмөр замын тээврийн салбарт төрийн бодлогын нэгдмэл уялдааг хангах, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг төлөвлөлттэйгөөр хэрэгжүүлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэн, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн орчин сайжрах юм. Мөн тэдгээрийн үйлдвэрлэл, угсралт, ашиглалт боловсронгуй болж, инновацийг нэвтрүүлэн салбарын шинэ бүтээн байгуулалттай холбоотой үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт технологи эзэмших, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж байна.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооноос найруулгын шинжтэй нийт зургаан горимын санал гарчээ. Горимын санал тус бүрээр санал хураалт явагдана.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.