Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.16) цахим хуралдаан 10 цаг 34 минутад 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны 2020 оны 07 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.
Санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 тоот тогтоолоор уг ажлын хэсэг байгуулагдаж, Улаанбаатар хот орчимд мал төхөөрөх, мах боловсруулах, махны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож, санал солилцсон.
Манай улсад энэ оны 10 дугаар сарын байдлаар мал төхөөрөх, мах боловсруулах 86 үйлдвэр, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 89 үйлдвэр, нийт 175 үйлдвэр үйл ажиллагаа эрхэлж байна. Үүнээс дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 53 үйлдвэр байгаагаас экспортын зөвшөөрлийн эрх авсан 13 үйлдвэр байна. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн зөвлөмжөөр 2020 онд адууны мах 27.9 мянган тн, үхрийн мах 8.3 мянган тн, дулааны аргаар боловсруулсан мах 26.6 мянган тн-ыг, үүнээс үхрийн мах 8.0 мянган тн, хонины мах 6.6 мянган тн, ямааны мах 12.0 мянган тн байхаар тогтоосон байна.
Max бэлтгэл, махны үйлдвэрлэл, мах экспортлодог аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзахад үйлдвэрийн хүчин чадалд тооцож зөвшөөрөл өгдөггүй, үйлдвэрүүд хүчин чадлынхаа хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй, үйлдвэрүүд тогтвортой ажиллах боломжгүй, авсан зөвшөөрлөө зарим нэг үйлдвэрүүд бүрэн ашиглаж чаддаггүй, мал төхөөрөх, нядалгаа хийдэг үйлдвэрүүд хязгаартай /цөөн тоотой/, махыг экспортод гаргахад үүсч байгаа хүндрэлийн талаар, мөн экспортын тээвэрлэлтийн асуудалд тулгараад байгаа гааль, мэргэжпийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хөндөн ярьж байсан.
Иймд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсгээс Засгийн газарт чиглэл өгөх тухай дараах тогтоолын төсөл боловсруулсныг танилцуулж байна гэв. Үүнд,
1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсад мах экспортлох зөвшөөрлийг зөвхөн нэг улсаас хамааралтай олгож байгаа нь энэ төрлийн цөөн хэдхэн аж ахуйн нэгжид давуу эрх олгож, үндэсний аж ахуйн нэгжийн хувьд өрсөлдөх чадваргүй болгож байгааг анхаарах;
2.мах экспортлогч үндэсний аж ахуйн нэгжүүдийг мал бэлтгэлийн үед бага хүүтэй, урт хугацаатай зээлийн эх үүсвэрээр дэмжиж ажиллах;
3.мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл олгохдоо зарим аж ахуйн нэгж мах бэлтгэл хийгээгүй байхад их хэмжээгээр зөвшөөрөл олгодог, зарим аж ахуйн нэгжид бэлтгэсэн махны тал хувьд нь зөвшөөрөл олгож байгаа зэргийг үндэслэн мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөл олгохын өмнө ажлын хэсэг байгуулж мах бэлтгэл, агуулахын нөөц, махны гэрээ, аж ахуйн нэгжийн үйлдвэрийн хүчин чадал зэрэгтэй уялдуулан зөвшөөрлийг олгож байх;
4.аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн дулааны боловсруулалт хийсэн 2,0 мянган тн үхэр, 9,0 мянган тн бог, 3,0 мянган тн адууны ясгүй түүхий хөлдүү махны экспортын зөвшөөрлийг шинээр олгох;
5.2020 онд олгосон экспортын махны зөвшөөрлийн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгах асуудлыг шийдвэрлэх;
6.экспортод гаргаж байгаа мах, махан бүтээгдэхүүний тодорхой хувь нь чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа тул мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг сайжруулж, оновчтой зохион байгуулалт хийх;
7.экспортод гаргах түүхий болон дулааны аргаар эсхүл, бүрэн боловсруулсан махны гаалийн бүрдүүлэлтийг гүний гаалийн байгууллага хийж, гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгчээр тээвэрлүүлэн хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэж байгааг судалж шийдвэрлэх;
8.хилийн чанадад гаргах түүхий болон дулааны аргаар эсхүл, бүрэн боловсруулсан махыг тээвэрлэхэд гаалийн байгууллагаас олгох итгэмжлэлд тавигдах шалгуурыг ил тод болгох;
9.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед махны экспортыг тасралтгүй явуулах, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас мах, махан бүтээгдэхүүний импортод эрүүл ахуй, хорио цээрийн хяналтыг хэрэгжүүлж буй арга хэмжээ, жолоочийн аюулгүй байдал, тээвэрлэлтийг хэрхэн хамтран зохион байгуулах талаар импортлогч талтай холбогдох нөхцөл, шаардлагыг яаралтай тохиролцох.
Ажлын хэсгээс боловсруулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход малын гарал үүсэл, бүртгэлжилт болон эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэх нь нэн шаардлагатай болохыг онцолж, үүнд ямар ажил хийсэн талаарх тодруулав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсантай холбогдуулан 50 орчим сая толгой малд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, тарилга хийсэн, мөн аймаг бүрт бүртгэлжилтийн ажил хийгдсэн гэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг мах экспортлогч аж ахуйн нэгжүүдийн тоо болон тулгамдаж буй асуудал Ажлын хэсгээс боловсруулсан санал, дүгнэлтэд тусгагдсан бол дотооддоо ямар бодлого хэрэгжүүлэх талаар тодруулав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, 15 орчим сая толгой мал дотооддоо нийлүүлэх, энэ нь нийт боловсрулах мах, махан бүтээгдэхүүний 30 орчим хувь болно гэв.
Ажлын хэсгийн ахлагч Г.Ганболд хийсэн нэмэлт тайлбартаа, мax бэлтгэгч аж ахуйн нэгжүүд экспортын мах тээвэрлэхдээ хөргөлттэй, мах тээвэрлэх битүүмжлэл, ариун цэврийн горим шаардлага хангасан тээврийн хэрэгсэл бүхий тээврийн компаниудтай гэрээ хийж тээвэрлүүлдэг байсан. Гэтэл энэ оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын “Хилийн чанадад гаргах түүхий болон дулааны аргаар эсхүл, бүтэн боловсруулсан махны гаалийн байгууллагаас итгэмжпэл авсан тээвэрлэгчээр тээвэрлүүлэн хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээж байхаар тогтоосугай” гэсэн тушаал нь мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байна. Иймд уг тушаалыг хүчингүй болгосноор мах экспортлох автотээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх боломжтой гэлээ.
Махны эрчимжсэн экспортыг нэмэгдүүлэх хүрээнд дөрөв дэх асуудал хэрэгжих боломжтой эсэх талаар тодруулахад, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд уг квотыг яам бус аж ахуйн нэгжүүдээс гаргасан нийт квот ба ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарна. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн хувьд хоорондоо квот наймаалцах асуудлыг таслан зогсоох ач холбогдолтой гэв.
Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа уг тогтоолын төслийг батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80,0 хувь дэмжсэн.
Дараа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг шилжүүлэх хэрэгцээ, шаардлагын талаарх салбарын сайдын мэдээлэл сонсов.
Мэдээллийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хийв. Тэрбээр, сүүлийн 30 шахам жилд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн болон үйлдвэрлэл-туршилтын баазыг бэхжүүлэх талаар төр засгаас авч, хэрэгжүүлсэн, томоохон арга хэмжээ, хөрөнгө оруулалт байхгүй, эрдмийн зэрэгтэй боловсон хүчинг төрийн бодлогоор төлөвлөгөөтэй бэлтгэхээ больсон нь салбарын эрдэм шинжилгээний ажлын онол, арга зүйн түвшин орчин үеийн шаардлагаас ихээхэн хоцорч, Дорнод тал, говь, өндөр уулын бүс, баруун бүсийн хүрээлэнтүүдийг үндсэн чиг үүргээр нь ажиллуулахгүй, зарим салбар хүрээлэнгийн үйл ажиллагааг зогсоож, шинжлэх ухааныг үйлдвэрлэл, хөгжлийн бодлогоос нь хөндийрүүлсэн нь бодит үйлдвэрлэлтэй салбарын хөгжилд ухралт бий болгож байна.
Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн хүрээлэнгүүдийг салбарын яамны харъяалалд шилжүүлэн ажиллуулж, салбарын тулгамдсан асуудлыг үе шаттай, эрэмбэлэн шийдвэрлэх, төлөвлөх, тогтвортой хөгжүүлэх, шинэ техник, технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын хүчийг практик үйлдвэрлэлд бүрэн дайчлах, үр өгөөжийг дээшлүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг холбоог нягтруулж, үйл ажиллагааг зөв зохистой зохион байгуулах, нэгдмэл бодлогоор чиглүүлэх, салбар хоорондын уялдааг зорилтот түвшинд хүргэх шаардлагатай байна. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлж эрчимжүүлэхэд чиглэсэн хөгжлийн гарцууд, тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэх, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжруулж, үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлээр хөтлөн явуулах, хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологийн ололтыг нэвтрүүлэх, салбарын хүний нөөцийн бодлого, боловсон хүчний хангамжийг удирдан зохион байгуулах, салбарын эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх замаар улс орны эдийн засгийн, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжилд томоохон түлхэц болно гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуухын сацуу байр сууриа илэрхийлэв. Үүнд, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, уг асуудлыг өмнө нь Байнгын хороогоор оруулж байсан ба тухайн үед дэмжигдээгүй, мөн өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанд танилцуулагдаагүй тул уг асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг уг асуудлыг Засгийн газраас оруулж байгаа бол Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх зарчмын асуудал тул Улсын Их Хурлын Байнгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй гэсэн байр суурь хэлж байв.
Ингээд гишүүд үг хэлж, саналаа хэлсэний дараа Байнгын хорооны дарга Х.Болорчулуун Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Ургамал хамгааплын эрдэм шинжилгээний хурээлэнг Боловсрол, шинжлэх ухааны яам буюу Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяалад байгааг өөрчилж, Хунс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяалалд шилжүүлэх асуудлыг 2021 оны 02 дугаөр сарын 15-ны өдрийн дотор судалж, хэлэлцэн шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн гаэарт чиглэл болгох тухай тогтоолын төсөл танилцуулж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78,6 хувь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.