АН-ын бүлэг Авлигын эсрэг хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авлаа

2020-12-15 Нам хөдөлгөөний амьдрал
АН-ын бүлэг Авлигын эсрэг хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг тус хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдлээ.

Уг хуулийн төслийн агуулга нь АТГ-ын дэд даргын томилгоотой холбоотой юм. Тодруулбал, АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосоноор УИХ томилдог одоогийн зохицуулалтыг өөрчилж, АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа томилдог болох зохицуулалттай. УИХ дахь АН-ын бүлэг энэхүү хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм. Тус бүлгийн дарга Д.Ганбат завсарлага авч байгаагаа мэдэгдэхдээ “Асуудлыг нягт нямбай хэлэлцэх ёстой. Ингээгүйгээс хууль алдаатай гарч дараа нь нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсдэг. УИХ-ын гишүүд мэдээлэлтэй байх ёстой. Авлигын эсрэг хууль хэлэлцэх гэж байхад АТГ-ын дарга ч энд алга. Тиймээс АН-ын бүлэг Авлигын эсрэг хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авч байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.