Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.03) нэгдсэн хуралдааны ирцэд 52 гишүүн бүртгүүлснээр 72.5 хувийн ирцтэйгээр нэгдсэн хуралдаан 10.05 цагт цахимаар эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа тогтов. Хуралдаанаар эхлээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Байнгын хороо энэ сарын 1-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн 1, 2 дугаар зүйлийн “…бүх төрлийн малын тэжээл…” гэснийг “…мал, амьтны бүх төрлийн тэжээл…” гэж өөрчлөх, төслийн 3 дугаар зүйл дэх хуулийн хэрэгжиж дуусах хугацаа “…2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл…” гэснийг “…2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл…” гэж өөрчлөх санал гаргасныг Байнгын дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаас хариулт, мэдээлэл авав. Малын тэжээлийн үнэ өнгөрсөн 3 дугаар сартай харьцуулахад 60 гаруй хувиар, өвс 50 хувиар нэмэгдээд байгааг С.Чинзориг гишүүн дуулгаад төслийг баталснаар буюу гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлснээр өвс, тэжээлийн үнэд ямар нөлөө үзүүлэхийг лавлав. Өвч, тэжээлийн үнийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэдэг саналыг тэрбээр хэлж байсан. Мөн С.Чинзориг гишүүн экспортын чиглэлээр бэлтгэж буй мах бэлтгэлийн явц удаашралтай байгааг хэлж, малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдлыг тооцон мах бэлтгэлийг эрчимжүүлэхийг хүслээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж цар тахлын үед иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох, керосин, төсвийн орлогыг 45 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх ач холбогдолтой керосин, нафта зэрэг хуурамч шатахууны гол түүхий эд болдог бодисуудыг хилээр нэвтрүүлэхэд онцгой албан татвар ноогдуулах, тамхинд онцгой албан татвар ноогдуулах зохицуулалт бүхий хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснээ хэлж, эдгээр төслийг хэлэлцүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Уг төслүүд хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаа гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл гаалийн албан татварыг хөнгөлж байгааг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч үүнтэй зэрэгцэн хэлэлцэж буй НӨАТ-ыг хөнгөлөх тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Төр засгаас сүүлийн 5 жилд 150 орчим тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр тариаланчдад олгосон, ТЭДСан нь 240 тэрбум төгрөгийн авлагатай. Ийм хэмжээний дэмжлэг төр засгаас авдаг атлаа жил бүр нийт хэрэглээнийхээ 30 хувийг импортоор авдаг гэдгийг хэллээ. ТЭДСанг аж ахуйн тооцоотой, бие даасан үйл ажиллагаатай болгон өөрчлөхөөр ажиллаж байгаагаа салбарын сайд хэлсэн юм.
Өвс, тэжээлийн үнийн өсөлтийн шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол бөгөөд гаалийн албан татварыг хөнгөлснөөрөө нийлүүлэлт нэмэгдэнэ хэмээн тооцож байгаа ч яг тодорхой үнэд барина гэж хэлэх боломжгүй гэдгийг З.Мэндсайхан сайд тайлбарлалаа. Гадаад зах зээл дээр энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч байна, ОХУ ирэх оны 2 дугаар сараас экспортдоо квот тогтоох гэж байгаа зэрэг нөхцөл байдлын улмаас юу ч энэ удаа авч байгаа арга хэмжээний үр дүнд дотоодод дутагдал үүсгэхгүй байх, улмаар нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилготой гэв. Энэ жил улаанбуудайны үнэ өссөн, эрэлт ихэсмэгц тэжээлийн үнэ өссөн. Тиймээс зах зээлийн зохицуулалтынх нь дагуу нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, ингэснээр үнэ тогтворжиж, буурна гэж үзэж байгаа гэв.
Отор, өвөлжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг тухай бүр шийдвэрлэж байгаа талаар салбарын сайд хэлж байв. Энэ долоо хоногт Шадар сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нар аймгуудын Засаг дарга нартай цахим хурал хийж өвөлжилтийн бэлтгэл ажил, отрын малчдын талаар орон нутагт баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаж, үүрэг чиглэл өгсөн байна. Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг гишүүний тодруулсны дагуу улаанбуудайн нөөц, импортлох хэмжээний талаар З.Мэндсайхан сайд мэдээлэл өгөв. Энэ онд 408.000 тонн улаанбуудай хурааж авсан, гурилын үйлдвэрт 248.000 тонныг нийлүүлжээ. Үлдсэнийг нь тэжээл, спиртийн үйлдвэрт нийлүүлээд байгаа аж. Гурилын үйлдвэрүүдэд 68.000 тонн, тэжээлийн үйлдвэрүүдэд 80.000 тонн улаанбуудай дутагдалтай байгаа гэлээ. Цаашдаа мал аж ахуй болон тариалангийн салбарт оновчтой бодлогыг тодорхойлж, тэжээлийн ургамал тариалалт, ногоон тэжээлийн үйлдвэрлэлийг төрөөс зохицуулах арга хэмжээ авахгүй бол 1 га талбайгаас хураасан улаанбуудайгаа малчдад 1.5 сая төгрөгөөр малчдад өгөх, эсвэл 0.7 сая төгрөгөөр гурилын үйлдвэрт өгөх нөхцөлөөс тариаланчид сонголт хийх болоод байгаад хэлэв. Мал аж ахуйн асуудал газар тариалангийн салбараа татаж унагах, улмаар хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байгааг хэлсэн. Цаашдаа тэжээлийн үйлдвэрийг дэмжих, ногоон тэжээл үйлдвэрлэх нэн шаардлага бий гэдгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэлж байв.
Аймгуудын ИТХ-ын дарга нартай цар тахлын үеийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал асууж цахим хурал хийснээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ үеэр хэллээ. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд өвс, малын тэжээлийн үнийг нэмэгдүүлэхгүй, тогтвортой байлгах талаар ИТХ-ын дарга нар, малчид хэлж байсныг Улсын Их Хурлын дарга хэлэв. Төрөөс бодлогын арга хэмжээ авч, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр арга хэмжээ аваад байхад цар тахлын нөхцөл байдлыг далимдуулж үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа тохиолдлуудтай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам анхаарч, хатуу тэмцэх ёстой гэв.
Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын 3 томъёоллоор санал хураалт явуулаад, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Байнгын хороо 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн 1, 2 дугаар зүйлийн “…бүх төрлийн малын тэжээл…” гэснийг “…мал, амьтны бүх төрлийн тэжээл…” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр зүйлийн “…боловсруулсан ургамлын тос…” гэсний дараа “…дотоодод борлуулсан мал, амьтны амьтны бүх төрлийн тэжээл, өвс…” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйл дэх хуулийн хэрэгжиж дуусах хугацаа “…2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл…” гэснийг “…2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл…” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонр дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Т.Аубакир, Н.Алтанхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, О.Цогтгэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Туваан, Ж.Батсуурь нар асуулт асууж, салбарын сайдаас хариулт, тайлбар, мэдээлэл авав.
Улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны гуравдугаар сарын 01-нээс зургаадугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд чөлөөлөх шийдвэр гаргасан ч дэлгүүрийн лангуунаас ургамлын тос худалдан авсан иргэд НӨАТ төлсөөр байсан асуудлыг О.Цогтгэрэл гишүүн хөндөж, энэ талаар тайлбар, мэдээллийг авсан юм. Улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны гуравдугаар сарын 01-нээс зургаадугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд чөлөөлөх шийдвэрийн хэрэгжилтийн талаар Төсвийн байнгын хороо нягтлан судлах чиглэлийг Улсын Их Хурлын дарга өгч, төслийн эцсийн хэлэлцүүлгийн явцад энэ нөхцөл байдлыг анхаарч, шаардлагатай бол тодруулга хийж батлах ёстой гэв. НӨАТ-ын хөнгөлөлттэй бараа, бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчид хүрэхдээ дээрх төрлийн татвар нэмэгдээгүй байх зохицуулалтыг хийхэд анхаарах ёстой гэдгийг тэмдэглэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал гаргасан зарчмын зөрүүтэй саналынхаа талаар тайлбар хэлэв. Тухайлбал, төсөл дэх хуулийн хэрэгжиж дуусах хугацааг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээтэй нийцүүлэн өөрчлөх санал гаргасан гэв. Түүнчлэн, төслийн 1, 2 дугаар зүйл оруулж буй “…мал, амьтны бүх төрлийн тэжээл…” гэдэг нь гахай, тахианы аж ахуйн зориулалттай тэжээл гэж ойлгох нь зүйтэй гэдгийг тайлбарласан юм.
Өвс, тэжээлийг малчдад зээлээр олгох боломж бий эсэхийг хэд хэдэн гишүүн тодруулсан. УОК аймгуудын нөөцөд байгаа өнжмөл өвсийг үнэгүй, ингэхдээ шинэ өвстэй холиод малчдад өгөх шийдвэр гарсан бөгөөд аймгуудын удирдлагуудад чиглэл хүргүүлсэн байна. Харин өвс, тэжээлийг зээлээр олгох асуудлыг малчид болон аж ахуйн нэгжүүд хоорондоо тохиролцоод, шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Салбарын яамны зүгээр үйлдвэрлэгчидтэй санал солилцон, энэ чиглэлээр бодлогын арга хэмжээ авч ажиллана гэв. Өвөлжилт, хаваржилт нэгэнт хүндрэх нь тодорхой байгаа ийм тохиолдолд боломжоороо малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, үүнд төр зохих хэмжээний оролцоотой байж арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг мөн гишүүд хэлж байсан. Төрөөс ийм төрлийн ажлыг гардан гүйцэтгэх боломж байхгүй, малчин, аж ахуйн нэгж хоорондоо ийм төрлийн тохиролцоо хийх замаар малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой, харин төр бодлогын дэмжлэг үзүүлэх байдлаар оролцож, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ.
Ингээд Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй 4 саналын томъёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулан эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийг төсвийн дэмжлэг хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байна.
Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж төсвийн зарлагыг санхүүжүүлэх юм байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь соёрхон батлахыг дэмжжээ.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн сайдаас хариулт авав. Ж.Ганбаатар гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр хөл хорионы дэглэмийг сулруулах, 12 дугаар сарын 11-ний өдрийг хүлээхгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлан зарим төрлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг явуулах асуудлыг шийдүүлэх хүсэлтээ танилцуулав. Энэ хүсэлтээ мөн бичгээр холбогдох газруудад хүргүүлж байгаа гэлээ.
Хямралын үеийн менежмент бол боломжоор удирдах ёстой гэдгийг энэ үеэр Улсын Их Хурлын дарга хэлэв. Олон улсын туршлагыг Улсын Их Хурлын ПСХүрээлэн судалсан. Солонгос, Энэтхэг, Грек тэргүүтэй бусад улс орны парламент шилэн хаалтаар тусгаарлах хэлбэрээр хуралдаануудаа зохион байгуулж байгаа аж. Дэлхийн хэмжээнд, бүх улс орон эдийн засгийг уналтад оруулахгүйн тулд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг чанд баримтлаж, аливаа төрлийн үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоогоо хангаж байна. Хүн хоорондын зай барих, амны хаалт тогтмол зүүх, шилэн хаалт хэрэглэх тэргүүтэй халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг Улсын Их Хурал чанд баримталж, жишиг болгон нэвтрүүлээд байна. Урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллыг дэглэмийг үл хэрэгсэж байгаад цар тахлын халдвар дэгдвэл хэн хариуцах билээ. Нөгөөтэйгүүр, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг чанд баримтлаагүй шалтгаанаас бүх төрлийн үйл ажиллагааг хориглож байгаа, үүнээс үүдэх хохиролыг хэн хариуцах билээ гэдгийг хаа хаанаа бодолцож, хариуцлагатай байхыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дарга уриаллаа.
Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд коронавирусийн цар тахалтай эдийн засгийн хүндрэлтэй үед урт хугацаатай, бага хуүтэй зээлийг авч дотоодын эдийн засгаа сэргээх, зээлийг төслийн санхүүжилт гэхээсээ илүү төсөийн дэмжлэг байдлаар авах, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байрыг хамгаалахад анхаарч, олон улсын байгууллагуудтай яриа хэлэлцээр хийх, эх үүсвэрийг татах чиглэлээр Сангийн яам ажиллах шаардлагатай гэдэг саналыг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан энэхүү зээлээр ирэх оны бусад төрлийн зээлийн эргэн төлөлтийн санхүүжилт болгон ашиглах боломж бий эсэх, иенээр авч буй зээлийн эргэн төлөлтийг иенээр хийхдээ ханшийн зөрүүг хэрхэх талаар тодруулж, Сангийн сайдаас хариулт авав. Энэ удаагийн зээл зөвхөн коронавируст цар тахлын нөлөөллөөс ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах чиглэлээр төсвөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх зорилгоор авч буй зээл гэдгийг тодрууллаа. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Н.Энхболд, Ц.Туваан, Ч.Ундрам, Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням нар асуулт асууж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, сайн нөхцөлтэй зээл гэдгийг хэлж байв.
Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 69 гишүүний 44 нь 63.8 хувийн саналаар дэмжин, Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа. Иймд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийн эцсийн найруулгыг уншиж танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.