Тогтоолын төслийг буцаахаар шийдвэрлэжээ

2020-11-5 Парламент

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.05) нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.

Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлыг байгуулж, тэр үеийн БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллах анхны Засгийн газрыг байгуулж, 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын ажиллагаа эхэлсэн түүхтэй хэмээн тэрбээр танилцууллаа. Улсын Бага Хурал хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоосон олон хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцыг баталсан юм. Мөн Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчимд тулгуурлан боловсруулж, өргөн барьсныг Ардын Их Хурлын депутатууд 76 хоног хэлэлцэж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан. Ингэснээр Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон.

Түүнчлэн Улсын Бага Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Улсын Бага Хурлын ажлын аппарат нь Улсын Бага Хурлын Тамгын газар мөн” хэмээн тодорхойлж, түүний бүтэц, орон тоо, дүрмийг Улсын Бага Хурлын дарга батлахаар заасан байсан юм. Ийнхүү төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын түүхэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад анхны парламенттай хамт Тамгын газар нь үүсгэн байгуулагдсан байдаг. Өдгөө тохиож буй байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын таван гишүүн Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т үндэслэн Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн хүрээнд “Монгол Улсын Их Хурал 30 жил” гэсэн ойн хүндэт медаль бий болгох нь зүйтэй хэмээн үзэж холбогдох төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд уг медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан байна.

Байнгын ажиллагаатай парламентын ой нь хувь байгууллагын ой биш, харин Монгол Улсын төрийн байгууллын том бүрэлдэхүүн хэсэг, шинэ зарчмаар, эрх зүйн шинэ орчинд ажиллаж эхэлсэн түүхэн үйл явдал гэдгийг Н.Энхболд гишүүн танилцуулагадаа онцолсон. Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяг нар асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт, тайлбар авав. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулах үйлсэд хувь нэмрээ оруулсан төр нийгмийн зүтгэлтнүүд, олон улсын байгууллагын төлөөлөлд энэхүү хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгох нь зүйтэй хэмээн үзэж, төслийг боловсруулсан гэв. Байгууллага бүр ойн хүрээнд хүндэтгэлийн медаль гаргадаг, зардлыг төсвөөс гаргадаг, тодорхой шалгуургүйгээр олгодог асуудлыг цэгцлэх нь зүйтэй, Улсын Их Хурал үүн дээр жишиг үзүүлэх ёстой гэдэг саналыг гишүүд хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нар одон медалийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийтийн эрх ашгийн төлөө онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг шагнах шалгуурыг бий болгох нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн.

Түүнчлэн энэ төрлийн арга хэмжээг дотоод зохион байгуулалтынхаа хүрээнд шийдвэрлэдэг байх нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Байнгын ажиллагаатай парламентын ойн арга хэмжээ гэдэг зөвхөн Улсын Их Хурлын гишүүдэд хамаатай гэж ойлгох нь өрөөсгөл, парламентат ёсыг өнөөдрийг хүртэл бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан үе үеийн олон зуун мэргэжилтэн, албан хаагчид, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнуудад талархал илэрхийлэх, хүндэтгэл үзүүлэх агуулгыг орхигдуулж болохгүй хэмээн Ж.Сүхбаатар гишүүн хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 47 гишүүний 66 хувь нь “Монгол Улсын Их Хурлын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Иймд “Тогтоолын төсөл буцаах тухай” тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан эцсийн найруулгыг танилцуулав.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.