А.Цогцэцэг: Хөхний сүү орлуулагчийн импорт жилийн дотор 400 тонноор нэмэгдсэн

2017-05-18 Эрүүл мэнд

Тодруулга:

Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуультай холбоотойгоор хүүхдээ хөхөөр хооллоогүй ээжид хуулийн хариуцлага хүлээлгэн, эхийн сүү орлуулагчийг зөвхөн эмчийн жороор, эмийн сангаар худалдаална гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж, олон нийтийг багагүй бухимдуулсан. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс зарим асуудалд тайлбар авсан юм.

-Эхийн сүү орлуулагчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь цахимд нэлээд ташаа мэдээлэл тархах шиг боллоо. Энэ талаар тайлбар хийнэ үү?

-Энэ хуулийг анх 2005 онд баталсан байдаг. Гэвч тус хууль өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй, нэр нь хүртэл хөхний сүүг орлох боломжтой мэт ойлголт төрүүлж байсан учраас шинэчлэх шаардлагатай болсон.  Энэ дагуу хэд хэдэн нэмэлт өөрчлөлт хийсэн байгаа.

-Тус хуулийн нэмэлт өөрчлөлтөнд 0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр юу ч өгөхгүй гэсэн заалт оруулсан юм уу?

-Ийм буруу мэдээлэл цахимаар нэлээд явлаа. Иргэд ч бухимдалтай байсан. 0-6 сартай хүүхдийг зөвхөн хөхний сүүгээр хооллох ёстой. Хэрвээ хооллоогүй бол эхийг нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ гэсэн ташаа мэдээлэл гарсан. Харин хуульд энэ талаар тусгаагүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай. Мөн сүүн тэжээлийг эмчийн жороор зөвхөн эмийн сангаар худалдаална гэсэн нь ч ташаа мэдээлэл юм. Сүүн тэжээлийг Хүнсний тухай хуулиар худалдааны зөвшөөрөлтэй аль ч газар худалдаалах боломжтой.

-Гэхдээ нэмэлт тэжээлийг ер нь хаана ч хамаагүй худалдаалдаг шүү дээ. Энэ байдалд ямар нэгэн зохицуулалт хийж болдоггүй юм уу?

-Хилээр хяналтгүй оруулж ирж байгаа нэмэлт тэжээл нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, стандартын шаардлага хангаагүйн дээр хувцасны лангуу, барилгын материалын дэлгүүр гээд шаардлага хангахгүй газраар худалдаалж байгаа нь тогтоогдсон. Тиймээс тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай болсон. Энд бас нэг зүйлийг онцлон хэлэхэд, хуульд хүүхдийн хүнсний найрлага, сав, баглаа боодол, шошгонд тавигдах шаардлагуудыг нэмэгдүүлснээр транс тос, хувиргасан амьд бие организмаас гаралтай түүхий эд зэргийг ашиглахыг хориглож өгсөн.

Хүүхдийг эхийн сүүгээр сүүгээр хооллох үзүүлэлт нь улс орнуудын эрүүл мэндийн чухал үзүүлэлт болдог бөгөөд хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 2 ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж буй хүүхдийн амь насыг аварч, уушгины хатгалгаагаар өвдөх эрсдэлийг 30 хувь, суулшалтаар өвчлөх эрсдэлийг 50 хувь, суулгалт өвчнөөр эмнэлэгт хэвтэлт 72 хувь, хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтэлтийг 57 хувь, эмэгтэйчүүдийн хөх ба өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг жил тутамд 6 хувиар бууруулж, хүүхдийн амьдрах чадвар 14 дахин илүү байдаг” нотолгоог ДЭМБ-аас тогтоосон. Гэтэл үүнтэй зэрэгцээд Монгол Улсад экологийн доройтол буюу хөрс, агаар, усны бохирдол нэмэгдсэн болон бусад нөлөөгөөр хүүхдийн халдварт болон халдварт бус өвчлөлүүд нэмэгдсээр байна.

Ганц жишээ дурдахад, өнгөрсөн жилд улаанбурхан өвчний дэгдэлтээр эхний 3 сард 59 хүүхэд нас барсан аймшигт тохиолдол гарсан ба тэдний 76.2 хувь нь 0-8 сартай байсан ба эдгээрийн дийлэнх нь эхийн сүүгээр дагнан хооллодоггүй байв. Ер нь 6 сар хүртлээ хөхөө хөхөж байгаа хүүхдүүд халдварт өвчнөөр ховор өвддөг байна.

-Манай улсад хөхөөр хооллолт харьцангуй өндөр байдаг болов уу. Уламжлалт талаасаа гэх үү дээ?

Манай улсын хувьд 2000 онд хөхөөр хооллолт 90 хувьд хүрч дэлхий нийтэд сайн жишээ болж байсан бол 2005 онд 56, 2013 онд 47 хувь болж буурсан байна. Үүнтэй зэрэгцээд хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт нэмэгдэж, жилийн дотор 400 тонноор нэмэгдсэн тул хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болсон. Энэ нь их хортой л доо. Ядаж л эхчүүдийн дунд хөхөөр хооллоогүйгээс үүдэлтэй хөх болон өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэл үүсдэг. Хэрвээ хүүхдээ хөхөөр хоолловол энэ эрсдэл зургаан хувиар буурах жишээний. Хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж буй хүүхдүүдийн амь насыг аварч, уушгины хатгалгаагаар өвдөх эрсдлийг 30 хувь, суулгалт 50 хувиар бууруулах боломжтой. Улаанбурхан өвчнөөр амиа алдсан хүүхдийн 70 хувь нь хөхөөр хооллоогүй байсан нь үүнийг баталж байна.

О.Соёмбо

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.