Агаарын чанар хэмжигчийн гэмтлийг засварлаж байгаа гэв
МҮОНРТВ болон Багшийн дээдийн цэгт байрлах агаарын чанар мэдээлдэг лед дэлгэцийн мэдээлэл найм болон есдүгээр сараас хойш шинэчлэгдээгүй байна. Энэ талаар нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас тодруулахад интернет, техник хангамжид гэмтэл гарсан гэж мэдээллээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын мэдээллийг 15 станцаар хэмжиж, тоон мэдээллийг лед дэлгэцээр харуулдаг. Гэтэл багшийн дээдэд байрлуулсан мэдээллийн дэлгэцийн мэдээлэл 8 дугаар сарын 20 ноос хойш шинэчлэгдээгүй байна. Мөн хамгийн их бохирдолтой цэгт ордог МҮОНРТВ-ийн цэгт байрлуулсан дэлгэцийн мэдээлэл мөн шинэчлэгдээгүй сарын өмнөх хуучин мэдээлэлтэй байна. Угтаа энэ хэсэгт оройн цагаар угаар ихтэй байгаа учраас дэлгэц дээр зааж байгаа агаар цэвэр гэх мэдээлэл нь ташаа юм.
Агаарын чанар мэдээлэх энэ суурин харуул тоног төхөөрөмжийг Германы хотын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй нийлүүлсэн байдаг. Иргэд агаарын чанарын мэдээллийг авах боломжтой болсон гэж мэдээлж байсан ч гэмтэл, саатал гарч, мэдээлэл нь шинэчлэгдэхгүй байх тохиолдлууд гарсаар байна.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Б.Даваажаргал “Манай байгууллагын хувьд суурин харуулын интернет болон техникийн бусад байдлын алдаанаас болоод мэдээ тухайн гаднах самбарт жаахан хожигдолтой гарсан байгаа. Гэхдээ агаарын чанарын тухайн үеийн мэдээлэл агаар.мн болон апплэкейшнд тасралтгүй орж байгаа” гэв.
Өнгөрсөн жил агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан гэж албаныхан мэдээлсэн. Энэ жил 80 хүртэл хувиар бууруулах зорилт тавьжээ. Өчигдрийн 16:00 цагийн байдлаар агаарын чанар Толгойд, Амгалан орчимд бага бохирдолтой, Нисэх, Мишээл экспо, Бөхийн өргөө 100 айл, Нэгдүгээр хороолол орчимд хэвийн МҮОНТВ, Баянхошуу орчимд цэвэр гэж агаарын чанар мэдээлдэг агаар.мн сайтад мэдээлжээ.