Хүйтний улирал эхэлж, дархлаажуулалтын аян орон даяар эхэлсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улс дархлаажуулалтын 10 хоногийг жилдээ 2 удаа зохион байгуулж ирсэн. Энэ жил “Томуугаас сэргийлье” уриан дор 1-10-ний өдрүүдэд эрсдэлт бүлгийн хүмүүсийг вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна.
Монгол Улс томуугийн эсрэг вакцинжуулалтыг эртнээс хийж эхэлсэн. Тоо хэмжээний хувьд энэ жилийг бодвол бага хэмжээгээр хийж байсан.
2016 оноос АНУ-аас манай улсад вакциныг ханган нийлүүүж байгаатай холбоотой ханган нийлүүлэлт нэмэгдэх болсон. Мөн энэ оноос дархлаажуулах хүн амын тоо эрс нэмэгдсэн.
Жишээ нь, энэ жил дархлаажуулах хүний тоог өмнөх жилтэй харьцуулахад 3 дахин вакцин авч, эрсдэлт бүлгийн хүн амаа дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.
Жил болгон хийж байгаа энэ томуугийн эсрэг вакциныг ханган нийлүүлэлтээ НҮБ-ын хүүхдийн сан болон холбогдох байгууллагаар дамжуулан хийдэг. Тухайн жилд хэдэн удаагийн хангалт хийж байгаагаас хамаарч үйлдвэрлэгчид өөр өөр байх боломжтой.
Жишээ нь 2016 онд Монгол Улс 3 үйлдвэрлэгчийн вакциныг авч хүн амаа дархлаажуулж байсан. 2017 онд 2 өөр төрлийн үйлдвэрлэгчийн вакцин авч байсан бол 2018-2019 онд эрсдэлт бүлгийн хүн амд хүргэх хүрээнд 20 гаруй байгууллагад нийтдээ 487.000 тун вакциныг хүргэсэн.
Томуугийн эсрэг вакциныг аймгийн төвийн 2-5 насны хүүхэд, нийслэлд 6 сартайгаас 9 насны хүүхдүүдийг харьяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын болон түр цэгүүд дээр зохион байгуулж байна.
Хүүхдүүд томуугийн өвчлөлд өртөмхий байдаг учир энэ ажлыг зохион байгуулж байна.
65 буюу түүнээс дээш насныхан, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болон бусад архаг суурь өвчтэй иргэд харьяа ЭМТ-ийнхөө дархлаажуулалтын нэгжид вакцинд хамрагдаж байна.
Томуугийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулахад анхаарах зүйлс:
- Сүүлийн нэг сарын хугацаанд товлолын болон томуугийн вакцинд хамрагдаагүй байх, хэрэв хамрагдсан бол хойшлуулах ёстой
- Бусад насныханд эсрэг заалт байхгүй
- 6 сартайгаас 2 насны хүүхдүүдийг 2 тунгаар, 3-аас дээш насныхныг 1 удаагийн тунгаар дархлаажуулж байгаа.
Томуугийн эсрэг вакцинд хамрагдсанаар томуугийн өвчлөл болон хүндрэлээс сэргийлэх үр дүнтэй байдаг тул эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгээс авч байгаа зөвшөөрлийн хуудастай танилцан, мэдээлээ бүрэн бүтэн өгч, гарын үсэг зуран баталгаажуулан бага насны хүүхдүүдээ дархлаажуулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.