X ээлжинд үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив

2020-10-5 Мэдээ, мэдээлэл

Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь НҮБ-ын энхийг дэмжих “UNMISS” ажиллагааны 10 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэхээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 33 алба хаагч тус орныг өнөөдөр зорьж байна.

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас 19, дотоодын цэргийн байгууллагас 14 алба хаагч үүрэг гүйцэтгэхээр хувийн болон сэтгэлзүйн бэлтгэлээ бүрэн хангаад байна. Эдгээр алба хаагчийг хүлээн авч, үдэн гаргах ажиллагаа өчигдөр ЦЕГ-ын Хүндэтгэлийн танхимд болжээ.

Үдэн гаргах ёслолд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, хошууч Б.Чинзориг болон “UNMISS” ажиллагааны 10 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчид оролцсон юм.

Цагдаагийн байгууллага 2006 оноос эхлэн Сьерра Леон, Ирак, Чад, Афганистан, 2012 оноос Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны 9 удаагийн ээлжинд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас нийт 388 алба хаагчийг дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт үүрэг гүйцэтгүүлсэн.

Энэ оны байдлаар Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 28 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.