Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Ногоон технологи ” өдөрлөгийг найм дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд байгальд ээлтэй техник технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэн эл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байгаа билээ. Тус үзэсгэлэнд оролцож буй “Баухаус” ХХК-ийн ерөнхий инженер С.Отгончулуунтай цөөн хором ярилцсан юм.
-Танай компани “Ногоон технологи” өдөрлөгт хэд дэх удаагаа оролцож байна?
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгальд ээлтэй техник технологи, инновацийн шийдэл, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилготой “Ногоон технологи” өдөрлөгийг 2013 оноос хойш уламжлал болгон хийсээр ирсэн. Манай компани тус өдөрлөгийг анх зохион байгуулагдсан үеэс нь тасралтгүй оролцож, өөрийн бараа бүтээгдэхүүн, байгальд ээлтэй шийдлүүдийг санал болгосоор ирсэн. Бид тус арга хэмжээний анхны өдөрлөгөөс аж ахуйн нэгж, албан байгууллагад олгодог “Ногоон гэрчилгээ”-г хүртэж байсан.
-Та бүхэн энэхүү өдөрлөгийг зохион байгуулж эхэлсэн анхны жилүүдээс тасралтгүй оролцож иржээ. Ер нь тус өдөрлөг аж ахуйн нэгж болон хувь хүмүүст хэр өгөөжтэй байна?
-Байгальд ээлтэй ногоон технологийг төр засаг, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, олон нийтэд нэг дор танилцуулдаг маш чухал арга хэмжээ. Тэр дундаа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ нэг дор танилцуулахад хэрэглэгчид худалдан авалт хийхэд сонголт арвин таатай боломж болдог. Мөн Хас банк, Хаан банк, Төрийн банкаар хэрэгжүүлж буй “Ногоон зээл”-ээр бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл, цогц үйлчилгээг нэг дор бүрдүүлж өгдөг нь их ач холбогдолтой санагддаг.
-Та компаниа танилцуулна уу?
-Манай компани халаалт, халуун ус, бохирын асуудлыг шийдэх зорилгоор тасралтгүй 15 дахь жилдээ ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд хор нөлөөгүй, цахилгааны хэмнэлттэй, он удаан жилийн найдвартай ажиллагаатай баруун европын орчин үеийн халаалт, халуун ус болон ахуйн бохирын цэвэрлэх байгууламжийн техник технологийг эх орондоо нутагшуулах явдал юм. Түүнчлэн хүрээлэн буй орчны агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад чиглэн ажилладаг.
-Өнгөрсөн хугацаанд танай компанийн гүйцэтгэсэн томоохон бүтээн байгуулалтаас нэрлэвэл?
-Хамгийн сүүлд гэхэд Герман технологиор гэр хорооллын дэд бүтцийн хүрээнд 300 айлын дунд цэвэрлэх байгууламж барьсан. Нэг үгээр, 300 модон жорлонгийн асуудлыг шийдсэн гэсэн үг. Энэхүү шийдэл нь тодорхой хэмжээний газрын хөрсний бохирдлыг арилгаж байгаа юм.
-Танай байгууллагаас санал болгож буй бохирын бие даасан системийг үзэсгэлэнд оролцож буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд нэлээд сонирхож байна. Та энэхүү системийнхээ талаар тодруулна уу?
-Герман улсын бактер үржүүлэгчтэй бохирын септик систем нь бохирыг гурван үе шаттайгаар цэвэрлэн байгаль орчинд шингээдэг шилдэг технологи юм. Энэхүү технологийн эцсийн үр дүн нь хөрсний бохирдлын асуудлыг шийддэг. Ингэхдээ механик цэвэрлэгээ буюу хэрэглээнээс гарсан бохир ус нь эхний септик системд орж, хүнд элемент болох лаг нь тунан үлдэнэ. Үүний дараа шингэн хэсэг нь дараагийн байгууламж руу урсан орж, тэнд байгаа бичил биетүүдийг тусгай бактериар устгаж саарал ус болгон хөрсөнд шингээдэг. Энэ систем нь ашиглалтын зардал багатай бөгөөд 3-5 жилд нэг удаа хуримтлагдсан лагийг тусгай зориулалтын машинаар соруулна. Энэ системийн онцлог нь төвийн халаалтад холбогдоогүй зуслан, гэр хороолол, жуулчны бааз, амралт, сувилалын газарт бүрэн суурилуулах боломжтой байдаг. Тус технологи нь Дэлхийн байгаль хамгаалах сангаас хүлээн зөвшөөрөгдсөн, байгаль орчинд ээлтэй гэдгээрээ давуу талтай.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.