Чацарганаар “өвчилсөн” баян орнууд нэг тонныг нь 5000-7500 ам.доллараар худалдан авдаг, бидэнд боломж байна

2021-02-10 Нийтлэл

 

Бидний эцсийн бүтээгдэхүүн болгож, гаднынханд “чулуу болгож” өгч чадахгүй байгаа олон бүтээгдэхүүний дунд нэг ирээдүйтэй бүтээгдэхүүн байгаа бөгөөд та сонсоод битий гайхаарай. Энэ бол чацаргана. Ирээдүйд нүүрснээс илүү моодонд орж, Монголын брэнд болох бололцоо өндөртэй, гадныханд эрэлттэй энэ байгалийн жимсийг “чулуу” болгоход юу дутаад байгааг монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал хөндсөн юм. Өнгөрсөн онд ердөө л 655.2 тонн чацаргана хураан авсан ч түүнийхээ 5000 гаруй тонныг түүхийгээр экспортолж, тонн тутмыг 4500-5000 ам.доллараар худалдаалжээ. Уг нь чацарганагүй атлаа чацарганаар “өвчилсөн” Унгар, Шинэ Зеланд тэргүүтэй орнууд БНХАУ, ОХУ, Их Британи, Итали зэрэг орноос ердөө нэг тонн түүхий чацарганыг 5000-7500 ам.доллараар худалдан авдаг байна. Чацарганы тос үүнээс ч маш өндөр үнэтэй бөгөөд манай улсаас чацарганы нэг тонн тутмыг нь 5000 ам.доллараар импортолсон бол япончууд 100 миллграмм чацарганы тосыг 120 ам.доллараар худалдаалдаг байна.

Монгол чацаргана гадаад зах зээлд ямар алт шиг үнэтэй эд болохыг эрхэм уншагч та эндээс анзаарч байгаа биз ээ. Япон улс чацарганын орцтой гоо сайхны бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэх туршилт хийж эхэлсэн бөгөөд гол түүхий эдээ Монголоос татах нь мэдээж. Иймд ирээдүйд тарих гэж буй 35 мянган тонн чацарганаа түүхийгээр нь экспортлохгүй байх нь чухал юм. Үүний тулд дэвшилтэт технологитой үйлдвэрүүд шаардлагатайг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж буй. Ядаж л чацарганы тос гаргаж авдаг үйлдвэр байгуулахад төрийн дэмжлэг ихээхэн хэрэг болж буйг салбарынхан ярьж байна. Гэхдээ энэ салбарт хэрэгтэй техник технологийг нэвтрүүлж, чацарганы тос үйлдвэрлэхэд дор хаяж найман жил шаардлагатай аж. Байгаа баялгаа үнэд хүргэж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь тухайн салбарт хэрэгтэй дэвшилтэт технологи, боловсруулах арга механизм хэрэгтэй гэдгийг эрхэм та хэнээр ч хэлүүлэхгүй ойлгож байгаа биз ээ.

Эцэст нь хэлэхэд, баялгийг олдоггүй, баялгийг бүтээдэг ажгуу. Баялаг газраас ухдаг алтнаас биш чөлөөт солилцоо, тархинаас гардаг сэдэлд байдаг гэж нэгэн агуу сэтгэгч хэлсэн байдаг билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.