БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч иргэдээ илүү их амраана

2017-05-16 Ертөнц

Ази тивд хамгийн их ажилладаг хүмүүс бол өмнөд солонгосчууд. Харин солонгосчууд шинэ Ерөнхийлөгчтэй болсноор их ажилладаг гэсэн тодотголоо гээж магадгүй нь. Учир нь, Ерөнхийлөгч Мүүн Жэй Ин улсынхаа иргэдийг ажил амьдралаа зохицуулж, илүү их амраадаг болгоно хэмээн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөрөө амласан юм.  Тэрээр сонгуулийн сурталчилгаагаар иргэдтэй уулзах үеэрээ “Хүмүүст амрах эрх нь бий” гээд аливаа байгууллагын дарга, удирдлагууд ажлын цаг өнгөрчихөөд байхад гар утас, нийгмийн сүлжээгээр дамжуулан ажлын даалгавар өгдөг явдлыг зогсооно гэсэн юм. Мүүн Жэй Ин Ерөнхийлөгч энэ амлалтаа биелүүлэхийн тулд нэг жилд ажиллах цагийг 15 хувиар бууруулж,  бүх нийтээр амрах баяр ёслолын үе амралтын өдөр таарвал өөр өдөрт шилжүүлэх хууль батлах юм байна.

БНСУ-ын Хөдөлмөрийн институтийн хийсэн судалгаагаар  ажилтнууд  долоо хоногтоо ажлын бус цагаар  11 цагийн хөдөлмөрийг гар утас, таблет, зөөврийн компьютерээрээ амжуулдаг байна.

Иргэдийнхээ ажлын цагийг багасгах нь зөвхөн тэднийг амраах гэсэндээ ч бус, жил ирэх тусам буурч буй хүн амын төрөлтийг нэмэгдүүлэх давхар зорилготой юм. Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд БНСУ төрөлтийн түвшингээр хамгийн бага буюу 1,5 хувь хүрэхгүй үзүүлэлтээр сүүл мушгиж байгаа. Төрөлт ийнхүү буурсанд хүн амын хөдөлмөрийн нөхцөл ихээхэн хамааралтай гэж үздэг.

Энэ асуудал эрх баригчдын санааг зовоож, хөдөлмөрийн хуулиа өөрчлөх гэж санал оруулдаг ч улстөрчид нэгдсэн зөвшилцөлд хүрч чаддаггүй аж. Өмнөх Ерөнхийлөгч Пак Гын Хэ хөдөлмөрийн хуулиа өөрчилж, одоогийн долоо хоногийн ажлын цаг 68 байгааг 52 болгон бууруулах санал оруулсан ч дэмжлэг хүлээж чадаагүй байна.

Шинэ Ерөнхийлөгч Мүүн Жэй Ин ч хөдөлмөрийн хуулийг шуурхай өөрчлөх гэж оролдвол бизнесийн байгууллагуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай.

Олон цагаар, ачаалал дааж ажиллаж сурсан компанийн соёлыг өөрчлөхөд цаг хугацаа хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.