ЦАХИМ ТОГЛООМ-ын 44 газар шалгалтад бүдэрч, нэр бүхий зочид буудал шаардлага хангаагүй байна

2020-09-16 Мэдээ, мэдээлэл
Сэнтий, Винзөү, Dream зочид буудал хоол хүнсний шаардлага хангаагүй

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд гарсан зарим асуудлаар өнөөдөр /2020.09.16/ албаны хүмүүс мэдээлэл өглөө.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Цар тахлаас урьдчилан сэргийлэх,  дотоодод халдвар алдахгүй байх үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас холбогдох байгууллагуудтай хамтран 11 мянган аж ахуй нэгжид хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. Сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа есдүгээр сарын 21-ны өдрөөс хэвийн горимд шилжиж байгаа тул анги танхимд 1.5-2 метр хүртэлх зай барихаас бусад зөвлөмжүүд хэрэгжинэ. Хүүхдүүд амны хаалт тогтмол зүүх, анги танхимд агаар сэлгэлтийг хийх ёстой. Мөн наймдугаар сарын 27-ны өдрөөс цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор хяналт шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтад  цахим тоглоомын 47 газар хамрагдснаас 44 нь ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг мөрдөөгүй зөрчил илэрсэн. Зөрчил гаргасан найман иргэнд 1,5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан” гэлээ.

Түүнчлэн гадаадаас эх орондоо ирж буй иргэдийг тусгаарлан ажиглах нийт 49  эмнэлэг, сувилал, амралтын газар, зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа. Гэвч тусгаарлах байрны хоол хүнстэй холбоотой шүүмжлэл цөөнгүй гарсаар байгаа. Хамгийн сүүлд гэхэд л, “Dream” зочид буудалд тусгаарлагдаж буй 14 хүн хоолны хордлого авч ХӨСҮТ-д эмчлүүлж буй юм.

Энэ талаар НМХГ-ын мэдээлснээр өнөөдрийн байдлаар хоолны хордлого авсан хүмүүсийн шинжилгээний хариу гараагүй байгаа гэнэ. Ямартай ч “Dream” зочид буудалд тусгаарлагдаж байсан 15 хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д эмчлүүлж буй юм. Мөн өвчтөнүүдээс авсан сорьцын шинжилгээний хариу гараагүй. Тиймээс хоолны хордлого уу, ходоод гэдэсний хямрал уу гэдгийг одоогоор тогтоож хэлэх боломжгүй гэв. Нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. Дээр дурдсанаар НМХГ-аас иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр хяналт тавьж ажилладаг болохыг албаны хүмүүс тодотголоо. Одоогийн байдлаар хоолны хордлого гарсан зочид буудлын хоол хүнсийг татан авч, үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоосон байна. Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “Dream-1”, “Dream-2” зочид буудлын нэг нь шаардлага хангаж байгаа тул эрүүл ахуйн  шаардлага хангасан хүнсний түүхий эдийн татан авалт хийж, хоол үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Энд нэг зүйлийг тодруулахад, тусгаарлан ажиглах байрыг УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас сонгон шалгаруулдаг.  Иймд  дүүрэг, орон нутгийн холбогдох байгууллагууд  ажиглах байрны хоол хүнс, орчны эрүүл ахуйн байдалд хяналт тавьдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдийн гомдол мэдээллийн дагуу хяналт тавьж ажилладаг. Гомдол мэдээллийн мөрөөр хяналт тавихад зарим гомдол үндэслэлтэй байсныг албаныхан хэлж байна. Тиймээс шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг гэв. Тухайлбал, Сэнтий зочид буудлын үйл ажиллагааг зогсоосон. Нөгөө талаас зарим гомдол мэдээлэл үндэслэлгүй байдгийг хэлэх нь зүйтэй гэдгийг ч хэллээ.

Мөн зарим ажиглах байрны  хоол үйлдвэрлэлийн газрууд шаардлага хангахгүй байгаа учраас үйл ажиллагааг нь түр зогсоожээ. Тухайлбал, Винзөү, Дрийм зочид буудал хоол хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.