Улсын онцгой комиссын 21 дүгээр ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар, мэргэжлийн буюу богино хугацааны сургалт явуулж буй төвүүдийг үе шаттай нээхээр шийдвэрлэж, тогтоол гаргажээ.
Засгийн газрын “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулснаар УОК-ын тогтоол хүчин төгөлдөр үйлчилнэ. Тиймээс Засгийн газрын 139 дүгээр тогтоолоос “сургалтын төв”-ийг хасах саналаа Засгийн газарт хүргүүлсэн байна. Ингэснээр ирэх лхагва гарагийн Загсийн газрын хуралдаанаар эл асуудлыг шийдвэрлэх юм.
Мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд Улсын хэмжээнд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1088 сургалтын төв байдаг аж.
Эдгээр сургалтын төвүүдэд, биеийн халуун үзэх, амны хаалт зүүх, аль болох цахим сургалт хийх, ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах, нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх, анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах шаардлага тавих юм. Түүнчлэн 2 цаг тутамд агаар сэлгэх, хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх, сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх, анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх, ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх, анги танхимд хооллохгүй байх, урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-наас тавьж байна. Дээрх шаардлагыг биелүүлсэн сургалтын төвийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх юм байна.
Мөн хурлаар УОК-ын Шуурхай штаб болон Нийслэлийн Онцгой комиссын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус тус тайлан мэдээллийг сонсов. Гадаад улс орнууд руу дараагийн чартер нислэгүүдийг хийх нь зүйтэй гэж комиссын гишүүд үзлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор БНЭУ-руу захиалгат нислэг хийх боломж, нөхцлийн талаар судалж, танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад УОК-ын дарга үүрэг болгов.
18 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.