ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮД  НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ  ХҮРТЭЭМЖТЭЙ  АВДАГ БОЛНО

2020-04-24 Мэдээ, мэдээлэл

Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо ТББ нь ФЛОМ төлөөлөгчийн газрын дэмжлэгтэй “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дэмжих бүлгүүдийг чадваржуулах замаар тэдэнд хүрэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хот, орон нутгийн таван аймгийг хамруулан хэрэгжүүлж байна.

Тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд, зарим өндөр настнууд,   зогсох, алхахад  хүндрэлтэй байгаа жирэмсэн ээжүүд эмнэлгийн яаралтай тусламж авах, хагалгаанд орох, төрөх  үед  жингээ тодорхойлуулах нь маш чухал  боловч тэдэнд  тохиромжтой зориулалтын  жин хэмжигч   байдаггүй нь  хүндрэл, эрсдэлийг үүсгэдэг.

Иймд дээрх бэрхшээлийг  багасгахад нөлөөлөх, хувь нэмрээ оруулах  зорилгоор Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо ТББ нь төслийн  хүрээнд  Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд  “Суугаа жин хэмжигч”-ийг хүлээлгэн өглөө. Тус төв нь Улаанбаатар хот,  орон нутгийн 21 аймгаас ирсэн эрсдэл бүхий  жирэмсэн ээжүүдэд  харъяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлдэг тул,  илүү олон хүнийг  хүртээмжтэй  үйлчилгээнд хамруулах  үүднээс тус эмнэлгийг сонгосон ажээ.

Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо ТББ нь  Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дархан-Уул, Хэнтий аймгуудын эмнэлгүүдэд мөн адил  “Суугаа жин хэмжигч”-үүдийг өнгөрсөн сард хандивласан.

Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнд  саадгүй, хүртээмжтэй  хамрагдах боломжийг нэмэгдүүлэхэд  санхүүгийн дэмжлэг үзүүлж буй  Финляндын гадаад хэргийн яам, Флом олон улсын байгууллага,  сайхан сэтгэлт  Финляндын ард  түмэнд   гүн талархлаа илэрхийлье!

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.