Францын Ерөнхийлөгчөөр 39 настай, залуухан улстөрч Эммануэль Макрон сонгогдлоо. Сонгогчдын нийт саналын 98 хувийг тоолсон дүнгээр Э.Макрон 65,51 хувь буюу олонхийн дэмжлэг хүлээж, ялалт байгуулсан нь тодорхой болжээ.
Улс төрийн туршлага бараг үгүй гэж хэлэхэд хилсдэхгүй, банкир мэргэжилтэй тэрээр Францын улс төрийн гол намуудын эсрэг шинээр байгуулсан намтайгаа хамт өрсөлдөөд ялалт байгууллаа. 2012 онд одоогийн Ерөнхийлөгч Франсуа Олландын туслахаар ажиллаад, удалгүй 2014 онд Эдийн засгийн сайд болсон тэрээр сайдын суудалд удаан ажиллаагүй юм. 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлахтайгаа зэрэгцэн төвийн үзэл баримтлалтай шинэ нам байгуулсан нь хэдхэн сарын дотор маш өргөн хүрээний дэмжлэг олж авч чаджээ.
Уламжлалт эрх баригч намын дэмжлэггүй, төрийн ажил хийж байсан туршлага багатай, шинэ залуу улстөрч ийнхүү төрийн тэргүүнээр сонгогдсон нь Францын улс төрийн түүхэнд шинэ эргэлт болж байна. Энэ удаагийн сонголтоороо францчууд улс төрийн гол намуудад итгэл алдарсан, шинэ ирээдүйг хүсч хүлээж байгаагаа харуулсан ч басхүү Марин Ле Пенийх шиг Францыг Европын холбооноос салгах үндсэрхэг үзлийг ч сонгохгүй гэдгээ харууллаа. Үүгээрээ францчуудын сонголт европчуудын санааг юутай ч амраалаа. Хэрэв Э.Макроны өрсөлдөгч Марин Ле Пен Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол Францыг Европын холбооноос гаргаж, дэлхийн хамгийн том, хамгийн гүн бат интеграци болох Европын холбоог задлах аюултай байв.
Харин Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Эммануэль Макрон ялалтын баяраа хуваалцаж, сонгогдод хэлсэн үгэндээ Францад одоо талцал хуваагдал бус эв нэгдэл хэрэгтэй гэдгийг онцолсон юм. Ард иргэдийнх нь дунд үүсээд буй үзэл бодлын хагарал улс орны амьдралыг улам дордуулах учраас үүний эсрэг эв нэгдэл авчрахын төлөө чармайн ажиллана гэж Э.Макрон Луврын музейн гадаа цугласан хэдэн мянган дэмжигчийнхээ өмнө Европын холбооны сүлд дуулал болсон Людвиг ван Бетховены “Баяслын магтуу”-гийн тайзнаас амласан юм.
Э.Макрон ялсан нь баттай болсны дараа түүний өрсөлдөгч, Үндэсний фронт намын дарга Марин Ле Пен баяр хүргэсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ “Францын улс төрийн ертөнц дахин шинээр бүрэлдэж байгааг бид энэ сонгуулиар харлаа. Улс төрийн уламжлалт нам хүчнүүд зайгаа тавьж, харин шинэ либералууд эх орончдын хоорондох өрсөлдөөн маягаар улс төр өрнөх боллоо” гэж онцолжээ.
Францын одоогийн Ерөнхийлөгч Франсуа Олланд ч Э.Макроны ялалт францчууд бүгд найрамдах үзэл санааны үнэт зүйлээрээ эвлэлдэн нэгдэхийн сацуу улс орноо дэлхий дахинд нээлттэй, Европын холбоонд нэгдсэн хэвээр байхыг хүсч буйг харууллаа гэж дүгнэжээ.
Э.Макроны ялалт зөвхөн францчуудаар зогсохгүй Европын холбоог ч баярлууллаа. “Францын ард түмэн Европын ирээдүйг сонгосонд баяртай байна” гэж Европын комиссын дарга Жан Клауд Юнкер Твиттертээ бичжээ. Тереза Мэй, Дональд Трамп, Ангела Меркел гээд дэлхийн бусад удирдагч ч Э.Макронд баяр хүргэж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Францын шинэ Ерөнхийлөгч Э.Макроны тухай төгсгөлд нь товч танилцуулвал, банкны салбарт амжилттай ажиллаж, саятан болсон экс банкир 2012 онд Ф.Олландын туслах болсноор улс төрд хөл тавьжээ. Тэрээр Ерөнхийлөгчийн туслахаар хоёр жил ажилласны дараа Эдийн засгийн сайд болж, бизнест ээлтэй либерал бодлого явуулах гэсэн нь өөрийнхөө танхим болоод хууль тогтоогчдын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч, огцорсон юм. Гэхдээ түүний улс төрийн энэ богинохон замналаас илүүтэй хувийн амьдрал нь олны анхаарлыг татаж, кампанит ажлын үеэр ярианы гол сэдэв болж байсан. Учир нь, Э.Макрон өөрөөсөө 24 насаар эгч, ахлах сургуулийнхаа багштай гэрлэсэн юм. 17 настайдаа сургуулийнхаа багшид дурласан Э.Макрон анхны хайр нь болсон, гурван хүүхдийн ээж, гэр бүлтэй эмэгтэйгийн сэтгэлийг татаж, тун удалгүй хамт амьдарч эхэлжээ. Гэсэн ч тэд бүр хожуу хуримаа хийжээ. Өөрийн гэсэн үр хүүхэдгүй ч эхнэрийн хүүхдүүд, үр ач гээд өнөр өтгөн гэр бүл Макронд бий. Түүнийг гялалзсан өндөр амжилтад хүрсэн энэ карьераа бий болгоход эхнэр нь маш их үүрэг гүйцэтгэж, өглөөнөөс үдэш хүртэл хамт байж, ажил хэрэг, амин хувийн асуудал аль алинд нь түшиж тулж, дэмжиж зөвлөж байдаг хэмээн шинэхэн Ерөнхийлөгч сонгуулийн кампанит ажлыг үеэр ярьж байсан юм.
Ийнхүү Наполеоноос хойшхи Францын түүхэнд хамгийн залуу удирдагч энэ улсын төрийг толгойлохоор сонгогдлоо. Энэ мөчөөс Францад шинэ түүх эхэллээ гэж тэрээр ард түмэндээ хэлсэн юм.
Б.Номун
87308
30074
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.