Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг өсчээ

2020-04-6 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 21 хувиар буурсан ч тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг өсчээ. Энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оныхоос 17.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ялангуяа нэгдүгээр сард, иргэд автомашинаа халааж байна гэж түлхүүртэй нь асаалттай орхисноос үүдэн хулгайд алдах дуудлага мэдээлэл их бүртгэгдсэн гэнэ.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн хэлснээр тээврийн хэрэгслийн гэмт хэргийн хулгай нь ихэвчлэн хяналтын камергүй, гэрэлтүүлэггүй орчинд дуут дохиололгүй авто машиныг гэмт этгээдүүд онилдог байна. Ихэвчлэн Prius маркийн автомашины яндан, толь, дугуй зэрэг бусад хэрэгслүүдийг тонохоос гадна хулгайлж унах тохиолдол гарах болжээ. Иргэд ч бас автомашинаа алдлаа, эд ангийг нь дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээллийг өгдөг байна.

Хамгийн сүүлд гэхэд, өнгөрсөн бямба гаригт /2020.04.04/ -ны өдөр Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг Хөгжил хотхоны гадаа байршуулсан Prius 30 маркийн автомашин алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг хэргийг 26 настай Б гэгч нь үйлдсэн болохыг Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, автомашиндаа дуут дохиолол байршуулах, хяналтын камер, харуул хамгаалалттай газар тээврийн хэрэгслээ байршуулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.