С.Эрдэнэ: Х.Баттулга ч байна уу, хэн ч бай …

2017-05-4 Нам хөдөлгөөний амьдрал
Хэвлэлийн бага хурал
-Их хурлын үеэр заалнаас нэр дэвшүүлэх боломжгүй-

 Ардчилсан намаас өнөөдөр /2017.05.04/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ танилцуулж, мэдээлэл хийлээ. Тус намын дотоод сонгууль өчигдөр болж, нийт гишүүдийнхээ дунд асуулга явуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан билээ. Намын дүрмийн дагуу Х.Баттулгын нэрийг тавдугаар сарын 8-нд болох Ардчилсан намын наймдугаар Их хуралд өргөн мэдүүлж, баталгаажуулахаар болсон тухай Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар мэдээлэл хийлээ.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зургаан нэр дэвшигч өрсөлдсөнөөс:

УИХ-ын гишүүн асан Х.Баттулга 2740.9 оноо
Р.Амаржаргал 2374.8 оноо
Д.Дорлигжав 1058.6 оноо
Н.Алтанхуяг 1044.1 оноо
Л.Болд 917.3 оноо
Б.Жаргалсайхан 213.3 оноог тус тус авчээ.

Тодруулбал, VIII Их хурлаар хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг баталгаажуулахдаа нууц санал хураалт явуулна. Сонгуулийн ерөнхий хуулийн дагуу тухайн нэр дэвшигчийг авсан саналын тоо хувь дэмжсэн, дэмжээгүйгээр нь гаргаж баталгаажуулж Сонгуулийн Ерөнхий хороонд мэдүүлэх хуулийн заалттай. Тэгэхээр хуулийн дагуу нууц санал хураалт явуулах юм байна. Хэрэв унасан тохиолдолд асуудлаа үргэлжүүлээд хэлэлцээд явах гэнэ. Тиймээс Их хурлын бүрэн эрхийн хүрээнд хэлэлцээд шийдвэрлэх боломжтой гэдгийг тус намын дарга С.Эрдэнэ энэ үеэр тодруулсан юм.

Харин Үндсэн дүрмийн заалтын дагуу намын дарга тухайн Их хурал дээр шаардлагатай үед нэр дэвшигчийг санал оруулах заалттай байдаг. Гэвч энэ удаагийн Их хурлаар заалнаас дүрмийн дагуу хэн нэгнийг нэр дэвшүүлэх боломжгүй юм байна.

Түүнчлэн сонгуулийн зардлын тухайд, Үндэсний Аудитын газрын даргаас ирүүлсэн албан бичгээр улс төрийн намууд дээд хязгаар нь 6,8 орчим тэрбум төгрөг, хувь нэр дэвшигч 3,9 тэрбум төгрөгийг зарцуулж болох аж.

Хурлын үеэр Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан “Үндсэн хууль дээдлэх зарчимд хэн нэгнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн байдаг. Өнөөдөр шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж ярьж болохгүй. Хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Монгол Улсын иргэний эрхийг эдлээд явж байгаа Х.Баттулга ч байна уу, хэн ч бай Монгол Улсын хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэх эрхтэй” хэмээн тодруулсан юм.

Дашрамд дуулгахад, Их хурлаар Үндэсний бодлогын хорооны 389 гишүүний бүрэн эрхийг батламжлах юм байна.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.