Д.Амарбаясгалан: Удирдах зөвлөлөөс М.Энхболд, Ц.Нямдорж нар нэр дэвших болсон

2017-05-3 Нам хөдөлгөөний амьдрал
МАН-ын Бага хурал 12.00 цагт эхэллээ. Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг тодруулна. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Бага хурал эхлэхийн өмнөхөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэх асуудал, нэр дэвшигчийн дэвшүүлэн орох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Бага хуралд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэх хүнээ сүүлийн жил гаруйн хугацаанд хийгдсэн олон нийтийн дунд хийгдсэн социологийн судалгааны дүнг үндэслэн оруулсан.
Социологийн судалгаанд нийт санамсаргүй түүврийн аргаар 50 мянга орчим иргэн хамрагдсан. МАН иргэдийнхээ санал бодлогод тулгуурлаж, зөвхөн намын гишүүдийн хүрээнд бус, ард түмний дунд хүлээн зөвшөөрөгдөж буй улстөрчийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойно. Судалгаанд Ерөнхийлөгчийн сонгуульд орох таван эрхмийн нэр орсон байдаг. Тодруулбал, намын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, намын дарга байсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гарсан.
Эдгээр хүмүүстэй уулзаж ярилцаж, санал бодлыг нь сонссон. Харин өчигдөр УЗ-ийн хурлаас Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар нэрээ татсан. Тэд намаасаа гарах бодлого шийдвэрийг дагаж, намаасаа нэр дэвших хүнйг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр өнөөдрийн Бага хуралд намын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлэхээр болоод байна” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Нэр дэвшигчдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулиар тавигдсан шаардлагыг л тавьж байна. Дэнчин мөнгө, босго, мөнгө хандив зэрэг асуудал байхгүй. Нэр дэвшигч тодорсны дараа сонгуулийнхаа ажилд орно. Өмнөх жилүүдэд байсан тогтсон жишгээрээ хандиваа босгоно.

Заалнаас нэр дэвшүүлэх боломжтой юу?

-Заалнаас нэр дэвших эрх нь нээлттэй. Удирдах зөвлөлөөс М.Энхболд, Ц.Нямдорж нар нэр дэвших болсон.

-Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хаанаас гаргах вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гэж байдаг. Нэр дэвшигч өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцдог. Гэхдээ улстөрийн намууд тухайн намын улстөрийн бодлоготой уялдуулсан мөрийн хөтөлбөрийг дэмжих үүрэгтэй. Түүнээс батлах үүрэгтэй. Нэр дэвшигч өнөөдөр тодроод тавдугаар сарын 11-ны дотор мөрийн хөтөлбөрөө гаргана.

С.Гэрэлсүх

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.