ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх хөтөлбөр үндсэн хоёр зорилготой байсан. Нэгдүгээрт, эдийн засагт тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах, хоёрдугаарт, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах бодлогын баазыг бий болгох байсан. Монгол Улсын урт хугацааны төлөвийн тухайд маш их боломж, нөөц байгаа гэж харж байна.
Хөтөлбөрийн бодлогын арга хэмжээнүүд нь төсөв дээр голлон хэрэгжинэ. Монгол Улсын төсвийн алдагдал маш их байгаа. 2016 оны төсвийн алдагдал ДНБ-ний 17 хувьтай тэнцсэн. Төсвийн алдагдал их байхын хэрээр их хэмжээний өр үүсч байгаа. Өр өндөр байна гэдэг нь төсвийн зарлагын ихэнхийг өрийн үйлчилгээнд зарцуулж байна. Өр өндөр биш байсан бол энэ их мөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг өөр зүйлд зарцуулах боломжтой байсан.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулан оруулж ирснийг бид бүрэн дэмжиж байгаа. Өнгөрсөн онд ДНБ-ний 17 хувьтай тэнцэж байсан төсвийн алдагдлыг энэ онд 10.5 хувьд хүргэх зорилтыг Засгийн газар дэвшүүлсэн 2020-иод оны эхэн үед төсвийн алдагдалгүй болох зорилт дэвшүүлснийг бид дэмжиж байгаа” гэсэн юм.
Мөн Төсвийн урсгал зардал дээр танах арга хэмжээ авагдсан. Жишээ нь төрийн албан хаагчдын тоог аажимдаа бууруулах бодлого тусгагдсан. Төсвийн бодлого дээр хийгдэж байгаа энэ тохиргооны 2/3 нь төсвийн зарлага тал дээрээ, 1/3 нь төсвийн орлого тал дээр байгаа. Шударга байдлыг хангах үүднээс нийгмийн халамжийн зардлыг бууруулаагүй. Татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь ядуу эмзэг бүлгийнхэнд ямар нэгэн ачаалал үүсгэхгүй байхаар тохиролцсон. Орлого тал дээр авч байгаа арга хэмжээний ихэнхи нь чинээлэг монголчуудад үйлчлэх юм. Ядуу эмзэг бүлгийнхэн орлого нэмэгдүүлэх арга хэмжээний нөлөөллийг амсахгүй гэж хэлж болно.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг өсгөөгүй гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй. Хувь хүний орлогын татвар шатлалтай болж байгаа. Энэ шатлал нь өндөр орлоготой хүмүүс өндөр татвар төлөхөөр зохицуулагдсан учраас бага орлоготой хүмүүст хувь хүний орлогын албан татвар ямар нэгэн нэмэгдэл үзүүлэхгүй. Тэгэхээр дундаж амьдралтай хүн татварын нэмэгдлийг өөр дээрээ амсахгүй гэж хэлж болно. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжвэл Монгол Улсын эдийн засаг тогтворжино гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хөтөлбөрийн үр дүнд валютын ханш тогтворжино, инфляцийн болоод хүүгийн түвшин буурна. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хөгжил дэвшилд хүрэх бүрэн нөөц бололцоогоо дайчлах бололцоо бүрдэнэ. Дунд хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрэх боломж бий. Ингэснээр хүн амын амьжиргааны түвшин дээшилнэ.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Өнгөрсөн 7 хоногт ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаад манай улсын зүгээс тавьсан хүсэлтийг хойшлуулсан. Үүний шалтгаан нь Хөрөнгө оруулалтын тухай хууль, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөнтэй холбоотой. Үүнийг дахин нягтлах хугацаа хэзээ бол?
-Бид энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Ирэх 2-3 долоо хоногт багтаагаад хөтөлбөрийг батална.
-ОУВС-гийн зүгээс 7 төрлийн татварыг нэм гэсэн чиглэлийг өгсөн үү?
-Бидний хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөр маань хоёр талаасаа яригдсан гэдгийг байнга хэлж байгаа. Бодлогын хүрээнд талууд бүх асуудлууд дээр харилцан тохиролцож шийдвэрээ гаргасан.
-“Оюутолгой” тэргүүтэй уул уурхайн компаниудын мөнгийг Монголын банкуудаар дамжуулах тухай заалтыг ОУВС яагаад дэмжихгүй байна вэ?
-Монгол Улсын тодорхой нэг компанитай байгуулсан гэрээний талаар бид байр сууриа илэрхийлэх боломжгүй. УИХ-ын тогтоолд тусгасан заалттай холбоотойгоор Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин муудах нөхцөл бүрдэж магадгүй гэсэн болгоомжлол бий. Ер Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин гадаадын хөрөнгө оруулалттай аль болох олон компанид хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Энэ нь эргээд Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлнө. Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвартай сайн орчинтой болно гэдэгт итгэлтэй байна.
-Татвар эмзэг бүлгийнхэнд биш чинээлэг давхаргад чиглэгдсэн гэдгийг та хэллээ. Гэхдээ Монгол Улс асар их уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байгаа мөртлөө бага татвар авч байна. Тухайлбал алтны татварыг нэмэгдүүлэх талаар гишүүд санал гаргаж байсан. Энэ асуудлыг хэлэлцсэн үү?
-Алтны татварыг нэмэгдүүлэхээр алт олборлогчид татвараас зайлсхийх, орлогоо нуун дарагдуулах асуудал өнгөрсөн хугацаанд гарсан. Алт олборлогчдын татварын орчныг дэлхийн жишигт өрсөлдөхүйц түвшинд тогтоосноор алт олборлогчид өөрсдийн үйлдвэрлэл, орлогын хэмжээг үнэн зөв шударгаар мэдээлнэ. Үүний үр дүнд нөөц ашигласны Засгийн газарт төвлөрч буй орлогын хэмжээ сүүлийн үед нэмэгдсэн. Сүүлийн саруудад Монголын экспортолдог эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд нэмэгдсэн. Үүний үр дүнд Засгийн газарт илүү их орлого төвлөрч байгаа гэж ойлгож байна.
С.Гэрэлсүх