Монгол Улс долоо дахь Ерөнхийлөгчөө сонгох түүхэн шийдвэрийн өмнө ирээд байна. Энэ удаагийн сонгуульд өрсөлдөж, удирдагч болох хүсэлтэй улстөрч гарын арван хуруунаас хэдийнэ давжээ. Гэхдээ гол өрсөлдөөн парламентад суудалтай гурван намын дунд болох бөгөөд нэр дэвшигчээ тодруулах намуудын сунгаа, гол сунгаанаасаа илүү ширүүн болох шинжтэй.
Өнөөдрөөс эхлэн Ардчилсан намын дотоод санал асуулга албан ёсоор эхэлж байна. Тиймээс тус намын нэр дэвшигчдийн талаар тогтон тодотгож буй юм. Одоогийн байдлаар ирэх сард болох Төрийн тэргүүний сунгаанд тус намаас найман хүний нэр дуулдаж байна. Горилогсод төрсөн биеэ төрд тушааж, Төрийн тэргүүн болмоор байна гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан нь ийн хэлэхэд хүргэв. Өдгөө Н.Алтанхуяг, Женко, Г.Батхүү, Лу.Болд, Баабар, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Л.Амаржаргал нар намаасаа нэр дэвшмээр байгаагаа илэрхийлээд буй. Тэд өнөөдөр албан ёсоор өрсөлдөх бүртгэлээ хийлгэж, үнэмлэхээ авна.
Гэхдээ санал асуулгад ялсан нь дэнчингийн мөнгө тавьж, зам мөр нь шуудрах эрхтэй болох гэнэ. Өөрөөр хэлбэл, горилогчдоос шалгарсан нь дэнчингийн мөнгө тавиад Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох учиртай. Хамгийн багадаа нэг тэрбум гэж ярилцаж байна.
Ер нь сүүлийн үед тус намынхан иймэрхүү башир аргаар мөнгө босгож, амь зуух болсон. Саяхан болж өнгөрсөн намын даргын сонгуульд хэдэн саяар дэнчин нэхэж, овоо юм босгож авсан нь лавтай. Өөрөөр ч яах билээ. Хүний эмзэг сэдэв дээр дөрөөлөх чинь энэ цагийн зах зээлийн хууль гээ биз. Тэгээд ч намын хэдэн гишүүд нь төрд гололоогүй голомтонд татвар өгөх нь харам болчихдог гэсэн явган яриа дуулдах л юм билээ.
За ямартай ч тэрбумаар нь шидчих ямар хоншоортой аавын хүү байгааг тодруулах гээд үзье. Ялах, ялахгүй нь тодорхойгүй энэхүү өрсөлдөөнд буюу мөнгөний өмнө хүчин мөхөстөж хүссэн хүсээгүй хамгийн түрүүнд Баабар, Л.Амаржаргал нар нэрээ татаж магадгүй л юм. Харин Э.Бат-үүл гуай халаасны хэдээсээ хэдэн төгрөг босгох гээд гүйж явсныг нэгэн нөхөр ам алдана лээ. Юутай ч эл эрхэм өөртөө нэлээн найдлага тавьж, хойдох урдахаа зохицуулах аянд сэтгэл шулуудан морджээ.
Түүнчлэн юун төлөө ар өврийн бизнестэй билээ Г.Батхүү, Лу.Болд, Женко гуравт лав толгой өвтгөж, бадар гуйж гүйхгүйгээр дэнчинд үрчихээр мөнгө бий. Мөн бизнес хийж шалихгүй ч хөрөнгө мөнгөний гачаалд орсон гэж дуулддаггүй Д.Дорлигжавт, Н.Алтанхуягт бас хангалттай мөнгө байгаа. Гэлээ гээд хэн чиг л тэрбум төгрөгийг элс рүү ус хийсэн юм шиг алга болгохдоо бодож л таарна. Боломжоо цэгнэж үзээд бооцоогоо тавих нь лавтай.
Их мэдэгчдийн дүгнэж буйгаар болон одоогийн үүсээд буй нөхцөл байдал дээр авч үзэхэд, бүлэг фракцаар талцдагаараа хэдийнээс алдартай эл намынхан тулсан газар ирэхээрээ бүлэг фракцаа тоодоггүй бололтой. Сунгааны сургаар шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг тал бүрт шөнө дөл хүртэл хуралдах болсон гэнэ. Тэд Их хурал хүртэл үзэлцэхээр шийдсэн хэдэн нөхрөө тал бүрээс нь “овоглож” аваад ид хор гүйлгэж, гар өргөх гишүүдээ багцлан хувааж байгаа юм байх. Тэгэхээр өнөөгийн удирдлагуудын нөлөө хэдий хүчирхэгжиж буй ч санал өгөх хоёр мянган хүн бүгд тэднийг дагана гэсэн үг биш. Фракцууд амь бөхтэй үлдэхийг оролдож, идэвхжиж буй нь энэ.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр “өрөлт” авчхаад байгаа дээрх эрхмүүдийн хэн нь хэн бэ, хэн нь Ерөнхийлөгчид нэр дэвшвэл нийцтэй вэ гэдгийг гишүүд нь тал талын хэмжүүрээр цэгнэн тунгаах биз ээ. Тэдний итгэл үнэмшил чухам хэнийг гаргаж ирэхийг харах л үлдлээ. Ямартай ч бэл бэнчин, фракцтай нь л санал асуулгын жагсаалтыг тэргүүлэх төлөвтэй байгааг өдгөөгийн дүр зургаас харж болохоор байгаа нь л лав бодит үнэн.
О.МӨРӨН
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.