Цагаан сараас өмнө тэтгэврийн зээлийг тэглэж дуусгана

2020-02-4 Мэдээ, мэдээлэл

 

Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс Нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, энэ онд улсын төсөвт тэтгэвэр нэмэгдүүлэх 150 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр тусгасан юм.

Энэ дагуу өчигдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийг Засгийн газрын шинэчлэн тогтоосон хэмжээгээр тэтгэвэр олгох арга хэмжээ зохион байгуулж эхэллээ. 

Тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 350 мянган төгрөгт, харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300 мянган төгрөгт хүргэжээ. Бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийг 25-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ.

Мөн он солигдох мөчид Төрийн тэргүүн нийт ахмад буурлуудын тэтгэвэрийн зээлийг улсаас нэг удаа тэглэх сайхан мэдээ дуулгасан. Энэхүү санаачлага ажил хэрэг болж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарч Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр барьцаалсан тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль батлагдсан. Энэ хууль батлагдсанаар  “Эрдэнэс Монгол” компанийн эзэмшилд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авч эхэллээ. Өөрөөр хэлбэл, энэхүү ажлыг нийт орон даяар энэ сарын 24-нөөс өмнө буюу цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийг тэглэж дуусгах юм.

Одоогийн байдлаар есөн арилжааны банкаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг олгож эхэллээ. Тэтгэврийг олгохдоо Засгийн газраас тогтоосон шийдвэрийн дагуу шинэчилсэн тэтгэврийг олгож эхэлсэн юм. Мөн холбогдох хууль батлагдсантай холбоотойгоор хоёрдугаар сарын тэтгэврээс зургаан сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлтэй байсан иргэдийн тэтгэврээс нь зээлийн төлбөр суутган тооцохгүй олгож байгаа аж. Мөн нэгдүгээр сарын тэтгэврээс зээлийн үлдэгдэл төлбөрийг тооцон суутгасан төлбөрийг буцааж хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нь олгож эхэлж байна. Харин зургаан саяас дээш тэтгэврийн зээлтэй байсан иргэдийн тэтгэврийг зургаан сая хүртэл тэглээд түүнээс дээш үлдсэн тэтгэврийг тухайн арилжааны банкууд зээл авагчтай хийсэн гэрээгээ шинэчлэн ажиллах юм байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.