ШИНЭнамын Төв зөвлөлийн II хурал дээр намын дарга Ж.Батзандангийн хэлсэн үгийг хүргэе

2019-11-4 Нам хөдөлгөөний амьдрал

 

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Төв зөвлөлийн 2-р хурал дээр намын дарга Ж.Батзандангийн хэлсэн үгийг нийтэллээ. 

Монгол орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн элэг нэгт ахан дүүс,намын гишүүд, дэмжигчид, журмын нөхөд Та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
….
ШИНЭ нам маань үүсгэн байгуулагдаад даруй 7 сар болжээ. Энэ хугацаанд бид намаа улсын дээд шүүхэд бүртгүүлж, улс орон даяар нийт 90 мянга гаруй гишүүд, дэмжигчидтэй болж, улмаар үндэсний хэмжээний манлайлагч улс төрийн хүчин болох зорилт тавин, бүтэц зохион байгуулалтын ажлаа эхлээд байна.
Улс орныг маань аалзны тор мэт бүрхсэн МАНАН бүлэглэлийн эсрэг УИХ-ын 5 гишүүн, Иргэний нийгмийн байгууллагууд, Шинэ намын гишүүд, дэмжигчдийн эхлүүлсэн тэмцэл эхнээсээ үр дүнгээ өгч байгааг Та бүхэндээ дуулгахад таатай байна.
Тухайлбал, бид хамтдаа хулгайд алдагдсан Стратегийн ордуудаа ард түмнийхээ мэдэлд буцаан авч, Баялгийн сан байгуулан нийт Монголчуудаа баялагт нь эзэн болгох бодлого хэрэгжүүлэх заалтыг ҮХНӨ-ийн төсөлд тусгуулж чадлаа.
МАНАН бүлэглэлийн саварт хууль бусаар орсон Эрдэнэтийн 49%, Асгатын мөнгөний орд, Багануурын нүүрсний ордоос эхлээд “Ачит Их” компаний луйвар хүртэлх 20 гаруй орд баялгаа иргэд олон түмний мэдэлд буцаан авах ажил ид өрнөж байна.
Мөн хууль хяналтын салбарт шударга ёс тогтоож, шударга бусын хонгилыг нураах тэмцэл үргэлжилж байна. АТГ, Прокурор, Шүүхэд тодорхой өөрчлөлтүүд орж, олон жил дарагдсан хэргүүд эхнээсээ шүүхрүү шилжлээ. Жишээлбэл, Оюу толгой, Дубайн луйвар, 60 тэрбумын хэрэг, Шинжиан шинфаны гэх тодотголтой улс төрчдийн оролцсон томоохон хэргүүд эхнээсээ шийдэгдэж байна.
Гэсэн хэдий ч МАНАН бүлэглэл гэмт хэргийн сүлжээгээ хамгаалан авч үлдэхийн тулд хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээс мултрах, мананжсан шүүгч нараараа дамжуулан цаг хожиж, хариуцлагаас мултрахаар амь тэмцэн зууралдсаар байна.
Мөнгө угаалт, авлига, хулгай, албан тушаалын гэмт хэргүүдийг шударга шүүхээр шүүж чадахгүй байгаа нь Монгол Улсын шүүх засаглал дампуурсны илрэл юм. Мөн АТГ-ын дарга асан Х.Энхжаргалын хэлснээр, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэгчийг баталж, 34 их наяд төгрөгийн хулгайн хөрөнгийг өршөөснөөр Монгол Улс саарал жагсаалтад ороход хүрсэн гэж бид үзэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад мөнгө угаалт хэрээс хэтэрсэн.


Миний бие 20 настайдаа та бүгдийн нэгэн адил өнөөгийн улс төрчдөд итгэж, Монгол орноо Азийн 5 дахь бар болно гэж мөрөөдөж явсан. Даруй 30 жил өнгөрчээ. 30 жил гэдэг бол хүний амьдралын бүхэл бүтэн нэг үе юм. Өнөөдөр Монгол орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, иргэд олон түмний аж амьдрал ямархуу байдалд орсныг та бүгд надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал бүхэлдээ бүлэглэлийн гарт орж, хүн амын 90% нь ядуу тарчиг амьдралтай болсон байна. Монгол Улс маань 30 тэрбум долларын өртэй болж, нэг хүнд ногдох өрийн хэмжээ 30 мянган долларт хүрч, авлига, ядуурал, өрийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж эхэллээ.
Тэд өнгөрсөн 30 жилд улсын өмч хөрөнгийг дээрэмдээд зогсохгүй нийтийн эзэмшлийн газар, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газрыг ч хууль бусаар дээрэмдэн авч, улсад нийт 2 их наяд төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хохирол учруулсан байна. Өнөөдөр бид эдийн засгаа дампууруулж, баялагтаа эзэн Монгол бус ОУВС хэмээх эзэнтэй болж, эдийн засгийн эрх чөлөөгөө бүрэн алдчихаад байна.
Төрийн албан хаагчдын ёс зүй алдагдаж, хүчирхийлэл, авлига, хулгай, дээрэм, үндэстэн дамнасан хар тамхины наймаанд оролцож, Монгол төрийн нэр хүндийг сэвтүүлж, уландаа гишгэж байгааг бид зүгээр хараад сууж болохгүй ээ.
Мөн нийтийн өмч хөрөнгө, нийтийн эзэмшлийн газартай холбоотой маргаан шүүх дээр очоод гацдаг нь жирийн үзэгдэл болжээ.
Шударга үнэний төлөө дуугардаг, хэлдэг, шүүмжилдэг нэгнээ шударга бусын хонгил руу чирдэг, эрүүдэн шүүж, хилсээр ял тулгадаг харгис тогтолцоо одоо ч амь бөхтэй байсаар байна. 1937 оны айдас хүйдсийг санагдуулсан Монгол хүний амьд явах эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн эрүү шүүлтийг таслан зогсоохоор бид ажиллаж байна.
Саяхан хуралдсан ОУПХ-ны дэргэдэх Хүний эрхийн хорооноос эрүүдэн шүүх замаар ял тулган хоригдсон Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг нэн яаралтай суллах нь зүйтэй гэсэн дүгнэлт, шийдвэр гаргалаа.

Эрхэм журмын нөхөд өө,
Шударга ёсны зам хэзээ ч дардан байгаагүй ээ. Үнэний төлөө тэмцэж хэлмэгдсэн, хавчигдсан, гадуурхагдсан мянга мянган иргэдээ ШИНЭ нам өмгөөлөх болно.
ШИНЭ нам нь улс орноо хөгжлийн замд хөтлөх, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах алсын хараатай, цэгцтэй бодлогыг хэрэгжүүлэх болно.
Өнөөдөр дэлхий нийтээрээ аж үйлдвэрийн 4-р хувьсгал, тоон эдийн засаг, зохиомол оюун ухааны эрин үеийн сорилтуудын өмнө тулж ирлээ.
Шинэ цагийн шинэ сорилтууд биднээс үндэсний эрх ашгаа хангаж чадахуйц шинэ бодлого боловсруулахыг шаардаж байна.
ШИНЭ нам нь оюуны санааны, бодлогын манлайлагч улс төрийн хүчин байхыг эрмэлзэх болно.

Эрхэм журмын нөхдөө.
Бид 1992 онд Үндсэн хуулиа батлахдаа Хүмүүнлэг, Энэрэнгүй, Шударга нийгмийг байгуулна гэсэн зорилт тавьсан билээ.
Иймд ШИНЭ нам өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралыг арилгаж, гэр бүлд ээлтэй нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэ бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:
 Монгол Улсын Хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор гурваас дээш хүүхэдтэй айл, өрхүүдийг хүн амын орлогын албан татвараас 100% чөлөөлөх бодлогыг ШИНЭ намаас дэвшүүлнэ.
 Нэг хүүхэдтэй, хоёул хөдөлмөр эрхэлж байгаа залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад нь ипотекийн урьдчилгаа төлбөрийг тэглэх, жилийн хүүг 5% хүртэл бууруулах бодлого хэрэгжүүлнэ.
 Герман, Унгарын нэгэн адил төрийн өмчит Их, Дээд сургуулиудын сургалтын төлбөрийг тэглэж, боловсролын салбарт чанарын хувьсгал хийх нь зүйтэй.
 1990 онд Монголчуудын дундаж цалин 300 доллартай тэнцүү байсан. 30 жилийн дараа монголчуудын цалин 300 долларт хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жил хөдөлмөрийн мөлжлөгийг хөгжүүлсэн гэж бид дүгнэж байна. Ийм учраас Монгол Улс дахь хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох зорилгоор олон жил хөдөлмөрийн мөлжлөгт автсан багш, эмч нарын цалинг 2 сая төгрөгт, өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх зорилтыг ШИНЭ нам тавьж байна.
 Гэр хороолол, хөдөө орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх хөрөнгө оруулалтыг хийж буй аж ахуйн нэгж, иргэдийг ашгийн болон НӨАТ-аас 100% чөлөөлнө.
 ЖДҮДС-г татан буулгах биш харин хөрөнгийг нь 500 тэрбумд хүргэнэ. Таван жилийн турш ажлын байр олноор бий болгосон аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтөд тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
 Эрүүл мэндийн системд реформ хийж 18-аас доош насны хүүхдүүд болон 65-аас дээш насны ахмадуудын Монгол Улсад авч буй эрүүл мэндийн бүх үйлчилгээг үнэ төлбөргүй болгоно. Жич: эрхтэн шилжүүлэн суулгах, протез гэх
 Эрүүгийн хэргийг санаатайгаар үйлдэж, ял шийтгүүлж байсан этгээдийг төрийн албанд ажиллахыг хориглоно.
 Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгоно.
 Төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилогдох шалгуурт таван үеийн намтрыг харгалзан үздэг болно.
 Стратегийн орд газрын тоог 15-аас 50 болгон нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн сан байгуулж, ард түмэндээ баялгаасаа хүртэх, ногдол ашиг авах бололцоо боломжийг бүрдүүлнэ.
Эдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол Улсад хангалттай нөөц бололцоо, баялаг байна. Би та нарт хэдхэн жишээ хэлье. Нэг даргын оффшор данснаас 70 сая доллар гарч байна. Нэг хурган даргын оймсноос 250 сая төгрөг гарч байна. Жил бүр монголын төсвийг 2 их наядын алдагдалтай баталж байна. Бид төсвийн, санхүүгийн зөв бодлого явуулах юм бол, алдагдсан баялгаа эргэж авчрах юм бол, улс орныхоо баялаг ордуудыг зөв эргэлтэд оруулах юм бол эдгээр бодлогыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
Эрхэм журмын нөхөд өө, ШИНЭ нам эх орондоо хүмүүнлэг, иргэний шударга нийгмийг төвөлшүүлэх, шинэ хөгжлийн замыг бүтээх их зорилгоосоо өчүүхэн ч ухарч болохгүй ээ гэдгийг намын даргын хувьд хариуцлагатайгаар мэдэгдье.
Монгол түмнийг маань мөнх хөх тэнгэр ивээх болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.