Монгол, ОХУ-ын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох зорилго бүхий “Азийн хаалга 2017” олон улсын үзэсгэлэн өнөөдөр МҮХАҮТ-д нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнг МҮХАҮТ, ОХУ-ын Бизнес Контакт компани хамтран 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ сарын 27 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд ОХУ-ын Киров, Ангарск, Якутск, Эрхүү зэрэг 10 том хотын автомашин, хөнгөн үйлдвэрлэл, хүнс, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үнэт эдлэл үйлдвэрлэдэг 36 аж ахуйн нэгжийн 50 гаруй төлөөлөл оролцож байна. Мөн Монголоос Төрийн банк, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Гурван сор” болон БНХАУ, Пакистаны тус бүр нэг аж ахуйн нэгж оролцож байна.
Монгол Улс, ОХУ-тай олон жилийн найрамдалт харилцаатай. 2014 оноос хоёр орны иргэд харилцан визгүй зорчиж эхэлснээр аж амьдрал, соёлын хамтын ажиллагаа ч өргөн хүрээнд хөгжиж эхэлсэн гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлов.
Тэрбээр, “Монгол Улсын шатахуун, тос тослох материалын 90 хувийг ОХУ дангаараа бүрдүүлдэг. Энэ нь ОХУ Монголын хувьд худалдаа, эдийн засгийн хамгийн том хөрш гэдгийг харуулж байна. Гэхдээ хоёр орны компаниуд дөнгөж хөгжлийн эхний шатандаа явж байна. Тиймээс өмнөх нийгмийн үед тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах үүднээс компаниудын харилцааг бэхжүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ асуудлыг маргааш болох хоёр орны бизнес форумын үеэр ярилцах болно” гэлээ.
ОХУ-тай улс төр, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дурьдсан.
Сүүлийн жилүүдэд Монгол, ОХУ-ын гадаад худалдаа огцом буурч байгаа юм. Тухайлбал, 2013 онд гадаад худалдааны эргэлт нэг тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 725 тэрбум болж буурсан байна. Энэ нь хоёр орны бизнес эрхлэгчдэд тулгамддаг томоохон асуудал буюу гаалийн болон бусад татварын хэмжээнээс шалтгаалж байгаа юм. Засгийн газраас уг асуудлыг шийдвэрлэхээр тодорхой санал, санаачлага гарган ажиллаж байна хэмээсэн юм.
Харин Бизнес контакт компанийн Ерөнхий захирал Сидоров Александр Алексеевич хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өөдрөгөөр харж байгаагаа онцолсон юм. Тэрбээр, “Монгол,ОХУ-ын эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас гадаад худалдаа буурч байгаа нь үнэн. Гэхдээ энэ байдал удахгүй өөрчлөгдөнө. Үүнд хэд хэдэн чухал зүйл нөлөөлж буй юм. Тухайлбал, хоёр орны иргэд харилцан визгүй зорчиж байна. Алтанбулаг, Хиагт боомт 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа. Үүнтэй зэрэгцээд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнасан Эдийн засгийн коридор байгуулах ажил өрнөж байна. Энэ бүхний хүчинд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжих нь дамжиггүй” гэв.
А.Уянга
87308
30074
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.