Дөрөвдүгээр сар. Холыг зорих монгол хүн бүр үүрээр эртлэн хөдөлж, зорьсон газар руугаа тэмүүлдэг уламжлалтай. Ёсыг мөрдлөг болгож наран ургахтай зэрэгцэн манай сурвалжлах багийнхан Говьсүмбэр аймгийг зорилоо. Үүрээр нийслэлийн авто замын хөл хөдөлгөөн багатай, хааяа нэг хөнгөн тэргүүд хурд мэдэн хүнгэнэлдэж зөрнө. Урин цагтай хаяалах цаг дор ч, хаврын хавсарга амьсгал давчдуулах нь таагүй. Гэхдээ биднийг оройхон зорьсон газраа хүрэхүйд хувьтай хүн хур борооноор гэж говь нутаг хуртай угтлаа. Ийнхүү монгол хүний ёсоор билэгдлийг тунгаан зорьсон ажил саадгүй бүтэхийн ерөөл тавьж, маргааш нь морин цагт зорьсон их ажлынхаа чигээр Боржигин чуулгат саатлаа.
Боржигин овгийнхон нэгэн дээвэр дор чуулахын учиг
Манай сурвалжлах багийнхан тус нутагт саатсан нь “Боржигин голомт”-ыг цогцлоох хүндэтгэлийн арга хэмжээнд зочилсон маань энэ. Тус арга хэмжээнд аймгийн удирдлагууд, нутгийн иргэд болон боржигиноор овоглосон таван аймгийн 14 сумын төлөөлөл гээд нэлээд өнөр өтгөн оролцсон юм.
Нээлтийг боржигин морин хуурын аялгуугаар хөгөлж, боржигин уртын дуу Богдын өндрийг нутгийн уран бүтээлчид тольдон соёрхуулсан нь ураг удмаа гэсэн хүмүүсийн сэтгэлийг улам огшоох шиг… Их эзэн Чингис хааны язгуур овог болох хиад яст, боржигин овгийн түүхийг мөнхлөх зорилготой тус төслийг орон нутгийн удирдлагууд төдийгүй нутгийн зон олон чин сэтгэлээсээ дэмжиж буй нь нээлтийн ажиллагааны уур амьсгалаас төвөггүйхэн ойлгож болохоор байв. Үүх түүх, өв соёлоо хойч үедээ танин мэдүүлж, өвлүүлэх гэсэн энэхүү төслийн гол санаачлагч нь тус аймгийн “Жанжин Чойрын Данжин сахиус” ТББ юм. Тус байгууллага нь анхны шангаа татсан цагаасаа хойш аймгийнхаа хөгжил цэцэглэлт, өв уламжлал, соёл урлаг, утга зохиолыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ. Ёстой л зан сайтынд хүн бүр цуглана гэж. Эднийхээр орж, гарах хүний цуваа өглөөнөөс эхлээд үдшийн бүрий хүртэл үл тасарна. Ийм л нутаг орондоо нэр хүндтэй, буянтай ажлын автор болсон эгэл бүсгүйн нүсэр ажлын нээлтэнд уригдсан маань энэ билээ.
Энэхүү шинэ цагийн “Боржигин голомт”-ыг Халхын Сэцэнхан аймгийн Сэцэн вангийн хошууны отгон ноён хэмээн ард олондоо хүндлэгдсэн Гомбосүрэн ноёны Тамгын өргөө байрлаж байсан Өлзийтийн голын дэнж дээр цогцлоох юм.
Цогцолборын гол чимэг юу байх вэ
Суурингийн төвд Боржигин овогтны дээд өвөг Бодончарын хөшөөт ургийн мод бүхий байгууламжийг босгох юм. Хөшөөг цогцлоосон утга нь Боржигин овогтны голомт гэсэн агуулга утгыг зангидахад оршиж буй.
Ийнхүү Боржигин овогтны ургийн модыг бэлэгдсэн цогцолбор гэдэг утгаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа боржигин овогтон аяллын замынхаа нэгэн сэжмийг эндээс эхлүүлэх боломж бүрдэж байна.
Нэгэн цагт Боржигин овогтон нь монголчуудын төдийгүй хүн төрөлхтний түүх, соёлд онцгой чухал үүрэг гүйцэтгэж явсан билээ. Эсгий туургатныг нэгэн туган дор нэгтгэж байсан гавъяатай. Наран ургахуйгаас шингэхүй доорх олон улс иргэнийг нэгтгэсэн Монголын хүчирхэг их эзэнт гүрнийг байгуулахад энэ овогтон манлайлсан түүхтэй. Тэдний явуулсан улс төр, эдийн засгийн дэлхийн хэмжээний бодлого нь хүн төрөлхтний цаашдын хөгжил дэвшилд чухал үүрэгтэй байсныг буурал докторууд түүхийн шар хуудаснаа үлдээжээ. Ийм л хүчирхэг овгийн үр удмыг нэгтгэх “Боржигин” цогцолбор анхны шангаа татаад байна.
Боржигин овгийн 100-200 байшин цогцлоосон эртний сууринг байгуулна
Энэхүү төслийн бас нэгэн өв соёлоо авч үлдэх гэсэн санаа бол Боржигин сумдад байгаа түүхийн дурсгалт өв болох боржигин байшингуудыг нэгтгэн байрлуулах явдал юм. Энэ нь боржигиноор овоглосон иргэдэд өөрсдийн ураг овгийн бахархлыг алдаршуулах боломжийг нээж өгөх зорилготой гэнэ. Үүнийг бүтээхэд 100 гаруй жилийн түүхийг агуулсан боржигин байшин хамгийн үнэт зүйл нь билээ. Нутгийн иргэдтэй уулзалт хийхэд эхнээсээ үнэ хөлс нэхэлгүй өөрсдийн боржигин байшинг хандивлахаа илэрхийлсээр байсан гэнэ. Цогцолборын нээлтийн үеэр энэ сайхан мэдээ биелэлээ олж, эхний хүн 14 байшин хандивласныг зарласан юм. Түүний араас хоёр, дөрөв гээд л хандивын байшингийн жагсаалт хөвөрсөөр. Иргэдийн энэхүү сайхан сэтгэл өв соёлоо хамгаалж үлдэх их ажлын түүчээ болсоор байна.
Боржигин байшингийн тухайд, дан хар модоор ганц ч хадаас оруулалгүй барьдаг. Нүүдэл суудалд нэн тохиромжтой. Хэзээ дуртай цагтаа углуурга ховилоор нь салгаж задлаад ердийн хөсөгт боловч ачиж тэгнээд баглаж зөөж, аль тааралдсан газраа бууж гэр барьж байгаа юм шиг угсраад барьж болдог. Нүүдлийн амьдрал ахуйд жинхэнэ тохирсон 10, 12, 14, 16 чийний /1 чий нь 32 см/ байшин юм. Тушаа модыг ховилдон нүхлэж яс модыг суулгаад, туурганы байрыг нэг нэгдээ орох углуургатайгаар хийж угсран барьдаг байна. Яс модыг улаан зосоор, ханыг цагаан шавар /шохой/-аар буддаг нь ялзруулахгүй, модондоо нэг ёсны идээлгэ болдог байжээ.
Өдгөө боржигин сумдад мэр сэр тухайн үеийн ийм байшингууд бий гэнэ. Тиймээс төсөл санаачлагчдын зүгээс 100-200 байшин цогцлоосон эртний сууринг байгуулахаар ажиллаж байна. Иймд энэ суурингаас аялагчид болон нутгийн иргэд боржигин өв соёлын тухай хамгийн өргөн дэлгэр мэдээллийг нүдээр үзэх боломжтой болох нь таатай.
Их хэлмэгдүүлэлтийн үед Чойрын хийдийн сүм, дугана, байшин устаж сүйтсэн. Өдгөө Гомбосүрэн ноёны эдэлж байсан гонхонтой, 18 чийний, 5 үе ханын банзтай байшин арай дөмөг нь байна гэдгийг нээлтийн үеэр нутгийн судлаач тодруулж байлаа.
Боржигин нэрийн гарал үүслийн тухайд
Дарма гүүш Алтан хүрдэн мянган хигээст хэмээх зохиолдоо “Боржигин овогтны хатныг тэнгэр хайрлаж төрсний тул тэнгэрийн үндэст бөгөөд эрдэм ид их асар хүмүүн үгүй хэтэрхий, ухаан бодлого гүний тул тэнгэрийн хөвүүн үүний боржигэд овогтон болон нэхэх Монгол Улс ноён болгон өргөсөн” хэмээсэн түүхтэй.
Боржигин нэрийн гарлын асуудлыг дундад эртний түүхч, бичгийн мэргэд хийгээд эдүгээ цагийн дэлхийн олон монголч эрдэмтэн анхааран судалж, өөрсдийн санал, дүгнэлтийг хийж иржээ. Анх Рашид-ад-Дин Судрын чуулганд Боржигин хэмээх нь Чингис хааны эцэг Есүхэй баатрын үр ач нарын цол хэмээж байв.
Харин Түрэг хэлэнд боржигин гэхийн утга нь цэнхэр нүдтэй хүнийг өгүүлнэ гэжээ. Энэ нь дундад эртний Перс хэлнээс Орос руу хөрвүүлэгч бээр бор буюу хөхөлбөр өнгийг цэнхэр хэмээсний дам орчуулга ажгуу. Түүнчлэн Халхын Галдан туслагч Эрдэнийн эрхи зохиолдоо “Боржигин овог хэмээсэн учир болбоос бүри харчу эх, чи тэнгэр эцэг, хиан тэр хоёрын хөвүүн” гэж үзсэн бол Дарма гүүш Алтан хүрдэн мянган хигээст хэмээх зохиолдоо “Боржигин овогтны хатныг тэнгэр хайрлаж төрсний тул тэнгэрийн үндэст бөгөөд эрдэм ид их асар хүмүүн үгүй хэтэрхий, ухаан бодлого гүний тул тэнгэрийн хөвүүн үүний боржигэд овогтон болон нэхэх Монгол Улс ноён болгон өргөсөн” хэмээсэн түүхтэй.
Мөн дэлхийн монголч эрдэмтдээс Н.П.Поппе, П.Поуха нар Боржон гэдэг эм галууны нэрэнд ямар нэг дагавар залгаснаас үүссэн гэж үзсэн бол Элдэндэй Ардажав Хөлөнбуйрын Боржиун голын нэртэй холбон тайлбарлажээ. Түүнчлэн нэлээд эрдэмтэн боржигин хэмээхийг бөртэ чино гэдэг үг сунжирсаар боржигин болсон хэмээв. Энэ санал нь Боржигин нэрийн гарал чонотой холбогдохыг хэлж буй хэрэг бөгөөд эрдэмтэн А.Очир, Ж.Сэржээ нар энэ талаар судлаад эртний түрэгийн бүри тегин чоно эзэн гэдгээс үүсэж, сунжиран боржигон болсон гэж үзжээ. Гэвч эдгээр судалгаанд үгийн гарлыг гүнзгийрүүлэн түүний утга, учир шалтгааныг бүрэн дүүрэн тайлбарлаж, батлан нотлосон нь хараахан үгүй байна.
Нээлтийн үеэр эрхэм зочдын сэтгэгдлийг хуваалцсан юм.
Ц.Дашдулам: 100 жилийн настай боржигин байшингуудыг хүрээ үүсгэн хамгаална
(“Жанжин чойрын данжин сахиус” ТББ–ын тэргүүн, төсөл санаачлагч)
-Би боржигин түүх, өв соёлоо дэлхийн хэмжээнд таниулах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх том зорилго зүрхэндээ тээж явдаг хүн. Энэхүү бодлоосоо үүдэж “Боржигин голомт” цогцолборын анхны санааг дөрвөн жилийн өмнө гаргаж байсан. Тэр үеэс эхлэн санаачлагыг маань ажил хэрэг болгоход дэмжиж тусалж байгаа аймаг, сумдын удирдлагууддаа баярлаж байгаагаа хэлэхэд таатай байна. Мөн энэ цогцолбороор дамжин олон төрлийн соёл, аялал жуулчлалын гарцуудыг нээх боломжтой гэж үзэж байгаа. Энэ төсөлд Монгол туургатан хэн ч оролцож болох бөгөөд оролцогч талууд хэдий чинээ өргөн хүрээтэй байна Боржигин хүрээ төдий чинээ том болж нөгөө талаас энэ нутгийн түүх соёлын нэгэн дурсгал хамгаалагдаж үлдэх ач холбогдолтой.
Цогцолборыг байгуулахдаа гурван үетэй байхаар төлөвлөсөн. Эхний үе нь 1.5 жилийн хугацаанд хэрэгжинэ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын дараа Бодончарын хөшөөг босгож, Боржигин байшингийн хүрээг үүсгэнэ. Улмаар спорт цогцолборын ажлыг эхлүүлнэ. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, Жанжин Чойрын Цагаан дарь эхийн хийд 1778 онд баригдсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Сүүлд 1938 онд устсан гэж үздэг. Үүгээр тооцож үзэхэд боржигин байшингууд дээд тал нь 230 жил, доод тал нь 110 жилийн настай. Олон улсын хартид 100 жилийг элээсэн байшин дэлхийн өв болохоор тэмдэглэгдсэн байдаг юм байна. Тиймээс одоо айлын амбаар хэлбэрээр ашиглагдаж байгаа хэдэн зуун жилийн настай боржигин байшингуудаа хойч үедээ үлдээх өв болгон үлдээх нь боржигин овогтон бидний үүрэг юм даа. Энэхүү байшингуудаа додомдож, тордоод дахиад 100 жилийн нас өгч, хайрлан хамгаалахын тулд боржигин байшингийн хүрээ үүсгэн бахархалт зүйлсээ сурталчилдаг музей болгохоор төлөвлөсөн.
Харин энэхүү төслийн ач холбогдол гэвэл түүх соёлын дурсгалт өв хамгаалагдана. Аялал жуулчлалын цогцолбортой болж иргэд аж ахуйн нэгж байгууллага, аялал жуулчлалаас орлого олох боломжууд нэмэгдэнэ. Ирээдүй хойч үе маань Боржигин өв соёлоо сурталчлах, хадгалж хамгаалах, судлах боломжууд нээгдэж төрөл бүрийн эвент арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, цаашлаад тасралтгүй хөгжих боломжтой болно.
Х.Нэмэх: Боржигин сумдаар аялах маршрут гаргана
(Дорноговь аймгийн Их хэт сумын ИТХ–ын дарга)
-Боржигин хошуу нутгаа, түүх соёлоо сурталчлах зорилгоор энэ том ажлыг эхлүүлсэнд баярлаж байгаа. Энэ ажилд төрийн оролцоог оруулж, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр ярилцсан. Боржигин нутгийн хүний хувьд хууль номын дагуу өөрсдийн чадах бүх зүйлээр тусалж дэмжих болно. Боржигин сумдаар аялах маршрут гаргахаар ярилцсан. Одоо л бид үүнийг хийж хойч үедээ боржигин өв соёлоо, түүхээ сурталчлан таниулахгүй бол замхраад алга болох нь.
Ж.Энхтөр: Олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн бүтээн байгуулалт болно
(Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга )
-Боржигин судлал, өв соёлыг хамгаалах асуудлаар энэ нутагт хоёр дахь удаагаа ирж ажиллаж байна. Дундговь, Дорноговь, Төв зэрэг боржигин овогт харьяалагддаг таван аймгийн 20 гаруй сум байдгийн дотор Хэнтий аймгийн Дархан сум ордог. Цаашид ч боржигин өв, соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд залуу үеийн төлөөлөл болж үргэлж дэмжиж ажиллана.
Аймгийн төвөөс 20 км-т Боржигин байшингийн хүрээг үүсгэж, цогцолбор байгуулах ажлыг их зөв зүйтэй гэж дэмжиж ажиллаж байгаа. Өнөөгийн орчин нийгэмд тохирсон, гадаад дотоодын аялагчдын заавал ирж үзэхийг хүсдэг цогцолбор сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Ийм сайхан зүйлийг санаачлан хэрэгжүүлэхэд олон хүний тус дэм, сэтгэл шингэж байгааг харж байна. Тиймээс цогцолборын ажил төлөвлөсний дагуу үргэлжлээсэй. Манай сумын зүгээс бүх зүйлээр дэмжин ажиллах болно.
Б.Туулайхүү: Боржигин өв соёлыг түгээхэд байнгын оролцоотой ажиллана
(Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ–ын дарга)
-Манай ээж Даланжаргалан сумын боржигин нутгийн хүн. Чойрын хийдийн отгон лам байсан Ширэмпилийн үр удам л даа. Мөн айраг сум бол боржигин нутгийн гал голомтыг сахисан нутаг гэдэг. Тиймээс боржигин нутгийн өв соёл, түүхийг хүмүүст таниулсан ажил хийх юмсан, хамтрах юмсан гэсэн хүсэл, бодолтой явж ирсэн. 2014 онд анх боржигин сумдын уулзалтаар олон ажил хийхээр төлөвлөж байсан. Үүний хүрээнд “Боржигины толь” ном хэвлүүлэхэд сумдын иргэдээс хамгаалж үлдсэн боржигон өвийн талаар судалгаа авахад туслан хамтран оролцсон.
2016 онд манай сумын сургуулийн бага ангийн сурагчдын дунд боржигин өв соёлыг түгээн дэлгэрүүлэх төсөл хэрэгжсэн. Үүгээр боржигин уртын дуу, гийнгоо, морин хуур тоглож сурсан.
Миний хувьд, боржигин овгийн удам гэдэг утгаараа болон сумаа төлөөлөн энэхүү их ажилд хамтран ажиллах болно. Эхний ээлжинд боржигин байшин бүхий цогцолбор байгуулахаар ярилцсан. Сум бүрээс боржигин байшингуудаа авчран өөрсдөө түүнийгээ эзэмшин музей болгон хүмүүст сурталчилна гэдэг нь сайхан санагдлаа.
С.Сайнбаяр: Өв соёлоо хамгаалж, өвлүүлэх нь бидний ажил
(Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын ЗДТГ–ын дарга)
-Боржигин өв соёлыг сэргээх, энэ гал голомтыг бадраахаар цуглаж энэ үйл ажиллагаанд санаачлагатай оролцсон сумдын удирдлагууддаа баярлаж байна. Манай аймагт боржигин өв соёлыг хадгалж үлдсэн ганц сум нь Цагаандэлгэр юм. Тиймээс энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Өв соёл, уламжлалаа зөв ёсоор нь үлдээх, өвлүүлж үлдээх нь хүн бүрийн сэтгэлээ чилээх асуудал болжээ. Тиймээс энэхүү цогцолборыг бүтээн босгох нь цаг үеэ олсон ажил гэж бодож байна.
О.СЭЛЭНГЭ, Б.МЯГМАНСАНЖ
87308
30074
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.