Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIX хороонд байрлах “Ариун монгол мах” компанийн 60-70 орчим тонн адууны махыг битүүмжлэв.
Их хэмжээний адууны махыг ангилан хөлдөөж хадгалж байсан бөгөөд гарал үүслийн бичиггүй, худалдан авсан, худалдсан зэрэг ямар нэг баримт, бүртгэлгүй махыг А, В, С гэж ангилсан байгаа нь экспортлох зорилгоор бэлтгэсэн байж болзошгүй байна. Түүнчлэн үйлдвэрийн байранд гар угаах, ариутгах хэсэг байхгүй, ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байжээ.
Тус компани үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй, бохир нөхцөлд мах бэлтгэж байна гэх мэдээллийн мөрөөр МХЕГ-ын ХХААХ-ын хэлтсийн дарга Д.Батжаргалаар ахлуулсан баг шалгалт хийсэн бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, агуулахыг лацдан компанийн холбогдох бичиг баримтыг шалгуулах болжээ.