Сангийн мөнгө завшигч салбар хариуцна гэв үү…

2019-07-3 Нийгэм


Архангай аймгийн Өгийнуур сумын удирдлага 2015 онд Өгийнуурыг хашиж хамгаалах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн 49,5 сая төгрөгийн санхүүжилтийг гэрээ байгуулж, гүйцэтгэгчээр аймгийн “БИ-БОР” ХХК-ийг сонгон авч дээрх санхүүжилтийг олгосон байдаг. Гэрээний хугацаа нь дуусаад дахин сунгасан боловч 39,0 сая төгрөгийн санхүүжилтийг аваад тус компани өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй хашиж хамгаалаагүй өдийг хүрчээ. Үүнд нутгийн зон олон эгдүүцэж, үгээ хэлсээр байна.

Харин тус аймгийн Хяналт аудитийн байгууллагаас Өгийнуур суманд шалгалт оруулж, “БИ БОР” ХКК-ийг улсад учруулсан хохирлыг нь барагдуулах нэхэмжлэл гарган шүүхэд хандсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээр тус компанийн хууль бус үйл ажиллагаа тогтоогдон, хүү алдангатайгаа 50 гаруй сая төгрөг улсад эргэн төлүүлж хохиролгүй болгох шийдвэрийг гаргажээ. Гэтэл “БИ-БОР” ХХК нь Архангай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тул давж заалдсан, давж заалдаад дахин ялагдал хүлээсэн байна. Байгаль хамгаалах нэрээр мөнгө завшсан нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоод буй тус компанийн захирал Р.Батболдын энэхүү хууль бус үйлдэл нь шүүхийн шатанд шийдэгдэж хараахан дуусаагүй байхад тус аймгийн Биеийн тамир спортын хорооны даргаар хоёр ч удаа томилогдох тушаалыг аймгийн удирдлагууд гаргаад амжжээ. Улсад ихээхэн хохирол учруулсан нь тогтоогдоод буй этгээдийг аймгийн удирдлагууд ийнхүү толгойг нь илсээр байгаа нь хачирхалтай.

Гэвч энэхүү шийдвэрийг гаргахдаа тус газрыг олон жил удирдаж байсан, салбартаа нэр хүнд, хичээл чармайлт, мэдлэг туршлагаараа танигдсан, Спортын Олон улсын хэмжээний мастер Ц. Нэргүйбаатарыг ажлаас нь чөлөөлсөн байх юм. Тиймээс Ц.Нэргүйбаатар энэ бүхнийг эсэргүүцэн шүүхэд хандсан аж. Энэ бүхний эцэст түүнийг эргэж ажилд нь томилсон боловч аймгийн удирдлагууд дахин ажлаас нь чөлөөлсөн байна. Нэг шүүхээс нөгөө шүүхийн хаалга татаж буй Р.Батболд гэгч нөхрийг ийнхүү орон нутгийн удирдлагууд өөгшүүлж даам гарган далаа алгадаж явааг иргэд олон түмэн илт буруушаан шүүмжилж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.