Барилгын ажилд ХАБ ямар байгааг шалгаж байна

2019-06-13 Мэдээ, мэдээлэл

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтсүүд хамтран Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний биед гэмтэл учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад аюулгүй ажиллагааны талаар хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах зорилгоор 1 сарын хугацаатай “Аюулгүй ажлын байр” арга хэмжээг зохион байгуулж байна.

Сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтийг үзэхэд нийт 3812 үйлдвэрлэлийн осолд 4190 хүн өртсөний 1835 нь хүнд гэмтсэн бол 1673 хүн хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн байна. Өнгөрсөн 2018 онд гэхэд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас 41 гэмт хэрэг бүртгэгдсэний дийлэнх буюу 56,1% нь барилга дээрээс унаж гэмтсэн гэмт хэрэг бүртгэгджээ.

Иймд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчтай хамтран хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын хөдөлмөр аюулгүй байдалд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн шалгалтанд нийт 9 аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд барилгын гадна орчинд мэдээлэх самбар, талбайн зохион байгуулалтын зурагт самбар байршуулаагүй, барилгын ажилчдад ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл олгох техникийн нөхцөлийг бүрдүүлээгүй, ХАБ-ын инженер өдөр тутмын зааварчилга өгдөггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна.

Хяналт шалгалт энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.