Сүүлийн жилүүдэд түргэн хоолны газрууд борооны дараах мөөг шиг олшрох болов. Гэвч эдгээр газартай холбоотой хэл ам гарах нь нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, дэлхийд шарсан төмс, амталсан тахиагаараа нэртэй KFC түргэн хоолны газартай холбоотой гомдол хэд хэдэн удаа гарсан. Харин өнөөдөр ХУД-т байрлалтай Бургер кингийн зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хордож, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гэх мэдээлэл гараад байна. ХӨСҮТ-ийн Хэвлэлийн албанаас энэ талаар тодруулахад “Хоолонд хордсон хүмүүс манайд ирээд эмчилгээ хийлгэж байна. Яг одоогоор эмчилгээ хийж байгаа тул хичнээн хүн хэвтэн эмчлүүлж байгааг хэлэх боломжгүй” гэсэн мэдээллийг өглөө.
Харин энэ талаар НМХГ-аас тодруулахад “30-аад минутын өмнө ХӨСҮТ-ээс манайд мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу ХУД-ийн Мэргэжлийн хяналтаас баг бүрэлдэхүүн ажиллахаар гарсан. Тиймээс одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хордсон иргэдээс шинжилгээ авсан байна. Улмаар чухам юунаас хордсоныг шалгаж тогтоож эргэн мэдээллэнэ гэв.