Худалдаа хөгжлийн банк бичил бизнес эрхлэгчдэд зориулсан сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлээд байна. Хөдлөх хөрөнгөө барьцаалан нийт 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг барьцаа хөрөнгөгүй авах боломжийг олгож эхэлсэн нь эрэлт ихтэй байгаа юм. Энэ талаар ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаатай ярилцлаа.
– Мөнгөний бодлого хэрэгжүүлж буй төв банкны зүгээс энэ онд хэрэглээний зээлийг цаг хугацааны хувьд хязгаарлаж, бизнесийн зээлийг түлхүү дэмжихээ илэрхийлсэн. Танай банкны хувьд бизнесийн зээлийг дэмжих, урьд өмнөхөөсөө илүү хэмжээгээр олгох талд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
– Таны хэлсэнчлэн Монголбанк болон Засгийн газрын түвшинд 2019 оныг бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр олноор бий болгох, улмаар эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор тодорхой санаачилга гаргасан. Үүнийг бодит ажил болгоход банкны салбар түүчээлэн оролцож байна. Бизнесийн үйл ажиллагаа идэвхжих хэрээр аливаа улс орны нийгэм, эдийн засагт төдийгүй тухайн иргэний ажил, амьдралд хүртэл бодитой өөрчлөлт гардаг. Ийм амжилтыг бүтээхэд баялаг бүтээгчдийн үүрэг, оролцоо, тэдний хувь нэмэр хамгийн их байдаг. Нөгөө талдаа хувийн хэвшилд тулгардаг гол бэрхшээл, саад бол санхүүжилт. Үүнийг шийдэхэд нь банкны салбар өөрсдийн бий болгосон олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ хамтран ажилласаар ирсэн.
Худалдаа, хөгжлийн банкны хувьд бизнес эрхлэгчдэд зориулсан хэд хэдэн төрлийн зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэж байна. Тухайлбал, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл байна. Бизнесийн зээлийн сонголт өнгөрсөн хугацааны ололт, туршлагын үр дүнд төрөлжсөн төдийгүй харилцагчдад илүү уян хатан нөхцөлтэй хүрч байгааг энд онцлон тэмдэглэе. Худалдаа хөгжлийн банкны хувьд байгууллагын түвшний зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон жилийн турш тогтвортой үзүүлж ирсэн. Энэ нь манай банкны нэг тодотгол. Үүнээс гадна сүүлийн 15 жилийн хугацаанд иргэдэд чиглэсэн бизнесийн бичил зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг идэвхтэйгээр дэмжиж, банкны үйлчилгээг харилцагчдад аль болох хурдан шуурхай хүргэхэд анхаарч ирлээ.
– Иргэд бичил бизнесийн зээл авахын тулд барьцаа хөрөнгө, эргэлтийн хөрөнгөтэй холбоотой бичиг цаас олноор бүрдүүлэх, түүнийгээ нотлох гээд багагүй цаг алддаг. Танай банкны хувьд энэхүү уламжлалт хандлагыг өөрчлөх талд хэрхэн анхаарч байна вэ?
– Бидний хувьд одоогийн нийтлэг гэж хэлж болох бизнесийн зээл өгөх явцад гардаг барьцаа хөрөнгө, баталгаатай холбоотой цаг хугацаа, бусад зардлыг бууруулах үүднээс тухайн бизнес эрхлэгчдэд гарааны ижил нөхцөл олгохыг зорьсон. Ингэснээр тухайн зээл хүссэн харилцагчаас барьцаа хөрөнгө, баталгаатай холбоотой зүйл шаардахгүй байгаагаараа ихээхэн онцлог. Манай банкнаас зээл хүссэн харилцагчид бичил, том, жижиг, дунд бизнестэй байхыг бид чухалчилж үзэлгүйгээр бүгдэд нь бизнесийн бичил хэмжээний зээлийг санал болгож байгаа.
– Бизнес эрхлэгч нартай уулзахад барьцаа хөрөнгөтэй холбоотой бэрхшээлээ ярьдаг. Тэгвэл энэ асуудал илүү нааштай, уян хатан болсон юм байна гэж ойлголоо. Иргэдэд зориулсан бизнесийн бичил зээлийн бүтээгдэхүүний эрэлт хэр байна вэ? Энэ бүтээгдэхүүний онцлог, ялгарал нь юу вэ?
– Бизнесийн бичил зээлийн шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарснаас хойших хоёр сарын хугацаанд маш олон хүнд хүрч чадсан байна. Манай банкны TDB pay-ээр болон бүх банкны ПОС машин ашиглан төлбөр хүлээн авдаг бизнес эрхлэгчид 30 хүртэлх сая төгрөгийн зээлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн нь бизнесийн орчинд ийм шинэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ их байсныг харуулж байна. Салбарууд маань ачаалал ихтэй байна. Уг зээлийг авахад үл хөдлөх хөрөнгийн барьцаа хэрэггүй. Хөдлөх хөрөнгөө барьцаалаад зээл авах боломжтой. Бизнес эрхлэгчид манай бүтээгдэхүүнийг талархалтай хүлээж авч, урмын үгээ эхнээсээ хэлж байна. Үнэхээр цагаа олсон бүтээгдэхүүнийг бизнесийн үйл ажиллагаа эрчимждэг энэ үед гаргаж ирсэн нь нүдээ олжээ гэсэн талархал их ирж байна.
– Танай банкны харилцагч биш бизнес эрхлэгч энэ зээлийг авах боломжтой юу?
– Тухайн иргэн аль нэг банкны дансаар эсвэл өөр нэг банкны ПОС машинаар гүйлгээгээ хийдэг бол түүнийгээ бидэнд нотлоод, 15 хүртэлх сая төгрөгийн бүтээгдэхүүний бичил бизнесийн зээл авах боломжтой. Харин үүний дараа зээлийн эргэн төлөлт, санхүүгийн сахилга бат, хариуцлагатай байдлаараа өөрийгөө харуулаад, таниулаад явсны дараа бичил зээл маань 30 хүртэлх сая төгрөгөөр нэмэгдэх боломжтой.
– Бичил бизнесийн зээлийг аль салбарынхан түлхүү авч байна вэ. Энэ бүтээгдэхүүний хугацаа хэдэн сараар хэмжигдэж байгаа вэ?
– Хэдэн жилийн өмнө бол бизнес эрхлэгчид 12 сар хүртэлх хугацаатай зээл түлхүү авдаг байсан бол дараа нь 24 сар болсон. Одоо эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 хүртэлх сарын хугацаатай авч байгаа. Хөрөнгө оруулалтын зээл болоод ирвэл бүр 60 хүртэлх сараар авч болж байна. Бид хоёрын энэ ярилцаж байгаа бичил зээлийн хувьд дээд тал нь 36 хүртэлх сараар авч болно. Гурван жилийн хугацаатай зээл гэдэг жижиг бизнес эрхэлж байгаа хүнд таатай боломж юм.
Ер нь жижиглэн болон бөөний худалдааныхан манай бүтээгдэхүүнийг түлхүү сонирхож байна. Манайх уламжлалт бизнесийн зээл, хөрөнгийн зээл, үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгийн зээл, төслийн зээлүүдээ маш олон бизнес эрхлэгч, Монгол Улсын баялаг бүтээгчид, бүх салбарт нь зээл олгож ирсэн. Тухайлбал, хүнд, хөнгөн үйлдвэр, уул уурхай, барилга, тоног төхөөрөмж гээд бүгдэд нь зээл олгож байсан. Тийм учраас энэ зээл маань бидний хүрч чаддаггүй байсан бичил бизнес эрхлэгчдэд илүү их тохиромжтой болоод ирж байгаа.
– Бичил бизнесийн зээлийг төгрөгөөр бус бусад валютаар авах боломжтой юу?
– Харилцагч өөрөө хүссэн нөхцөлд бидний хувьд 14 төрлийн валютаар зээл олгох боломжтой. Гэхдээ ханшийн эрсдэл хурцаар тавигдаж байгаа учраас харилцагчийн өөрийнх нь сонголт.
– Азийн хөгжлийн банк болон Батлан даалтын сантай хамтран төслийн зээл олгодог гэж сонслоо. Энэ нь ямар төрлийн онцлогтой зээлийн бүтээгдэхүүн бэ. Бичил бизнесийн зээлээс бол өөр гэж ойлголоо. Зөв үү?
– Тийм ээ. Монгол Улсад Азийн хөгжлийн банк, Батлан даалтын сантай хамтран олгодог зээлийг харилцагчдадаа санал болгож, үүнд түүчээлэн оролцсон Худалдаа, хөгжлийн банкны үе үеийн ажилтнууд, одоогийн удирдлагуудад талархах нь зүйтэй байх гэж боддог. Энэ зээл маань 10 жилийн урт хугацаатай бөгөөд жилийн 12 хувь буюу сарын нэг хувийн хүүтэй. Хэмжээ нь нэг тэрбум төгрөг хүртэл авч болно. Хэрэв тухайн зээл хүсэгчийн барьцаа хөрөнгө хүрэхгүй бол 60 хүртэлх хувиараа зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулаад авах боломжтой. Бид уг зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчдадаа санал болгоод гурван жилийн нүүр үзсэн байна. Энэ хугацаанд манайхаас зээл авсан харилцагчид сэтгэл хангалуун байгаа. Манай зээлийг Азийн хөгжлийн банкнаас хамгийн чанартай, сайн төлөлттэй зээл гэж үзэж байгаа.
– Ярилцлага өгсөн танд баярлалаа.
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.