УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы Швейцараас авчирсан дансны хуулга, материал нь АТГ-т шилжвэл оффшортой холбоотой гэх асуудал хурдан цэгцэрч, хэрэг хаагдана хэмээн Сангийн сайд асан С.Баярцогт мэдээлэв. Тэрбээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы өнөөдөр хийсэн мэдэгдлийн дараа сэтгүүлчдэд тайлбар өгсөн юм.
Тэрбээр, “АТГ-аас 2017 оны дөрөвдүгээр сараас Швейцарын банк дахь миний дансны мэдээллийг авахыг хүссэн юм билээ. Гэтэл Швейцар улсын прокурорын байгууллагатай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй тул хүсэлтийг хүлээн авах үүрэггүй байсан. Харин сүүлд нь үүнийг авлига, албан тушаалын хэрэг байж магадгүй гэж үзээд, Швейцарын прокурорын байгууллага 2017 оны 10-р сард Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх үү, үгүй юу гэсэн эрүүгийн хэрэг нээсэн. Хэрэг нээснээр, Швейцарын прокурорын байгууллага банкнаас миний дансны хуулга, мэдээллийг авч хэрэгт шаардлагатай бүх материалыг цуглуулсан. Энэ бүх тохиолдолдоо намайг төлөөлж байсан өмгөөлөгчийг оролцуулсан. Ингээд хамгийн сүүлд бүх материалыг нэгтгэж Монгол руу явуулах Швейцарын холбооны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны 12 дугаар сард гарсан. Улмаар АТГ-т хоёр сарын өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө, өөртөө байсан 700 гаруй хуудас материалыг гаргаж өгсөн. Миний АТГ-т өгсөн материал, Швейцарын прокурорын байгууллагын бүрдүүлсэн материалаар бүрэн батлагдах учраас оффшортой холбоотой гэх асуудал бүрэн цэгцэрч, хэрэг хаагдана гэдэгт би итгэлтэй байна. Энд гэмт хэрэг үйлдсэн ямар ч асуудал байхгүй. Швейцарын банк, прокурорын байгууллагатай өөрөө уулзаж, тэр материалыг авсан гэж Т.Аюурсайхан ярьж байна. Энэ бол ганц хүний хийсэн зүйл биш, манай хуулийн байгууллагынхны оролцоо байсан юм” гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй долоон гишүүн Швейцар улсад ажлаар айлчилж, энэ сарын 15-нд ирсэн. Тус улсын “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын еврогийн хоёр, долларын гурван дансны 2008.09.30–2013.11.30 хүртэлх гүйлгээний хуулгыг хүлээн авсан тухай айлчлалын багийн гишүүн Т.Аюурсайхан мэдээлсэн юм. Энэ талаар тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэхдээ, “УИХ-ын гишүүнийхээ хувьд, хуулийн байгууллага ажлаа явуулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллах ёстой. Тиймээс 2017 оноос хойш тус банкинд албан бичиг хүргүүлсний үр дүнд, С.Баярцогтын дансны хуулгыг ГХЯ-аар дамжуулан, АТГ-т албан ёсоор хүргүүлэхээр болсон. Айлчлалын үеэр, тус банкны төлөөлөгчтэй уулзахад, дансны хуулга хүлээлгэж өгөхөөс гадна, бүх төрлийн нэмэлт мэдээлэл гаргаж өгөхдөө бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Энэхүү дансны хуулгыг шалгавал Оюутолгойн гэрээтэй холбоотой өөр эзэн холбогдогч илэрч магадгүй” хэмээн мэдэгдсэн юм.
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.