Нийслэлийн Цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар болон “Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-той хамтран хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллаж байгаа юм.
Одоогийн байдлаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг аж ахуйн нэгж, байгууллагад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөг, зургаан иргэнд нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна. Мөн холбогдох хууль, тогтоомжийн дагуу нэг аж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчийн акт гарган үйл ажиллагааг нь зогсоожээ.
Уншигч авхай Таны бодлоор энэхүү арга хэмжээ өнөөдрийн манай нийгэмд хэр нийцтэй, амьдралтай шийдвэр вэ?
Нийслэлд хуулийн дагуу такси үйлчилгээ эрхлэгч компаниудын иргэдэд үйлчлэх машин нь хангалттай биш. Энэхүү тоон үзүүлэлтийг албаныхан ч тодотгодог. Үнэн чанартаа хэдэн хөгшчүүл болон сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ хүргэж өгч буй эцэг, эхчүүд голдуу такси үйлчилгээ их авдаг. Хүйтэн, нойтонд өглөө, оройдоо такси олдохгүй зам дээр хэрхэн зогсож байдгийг бүгд л хардаг, зовлонг нь мэдэрдэг. Тиймээс хувийн машинтай, дээрх зовлонг мэддэггүй шийдвэр гаргагчид энэхүү шийдвэрээ эргэж харах хэрэгтэй болов уу. Нөгөө талаас олон иргэн хувийн такси үйлчилгээ эрхэлж, амьдралаа залгуулдаг нь бодит үнэн. Тэдний дунд зээлээр машин авч, хэдэн төгрөг олдог нь ч бий. Ямартай ч тэдгээр хувиараа такси эрхлэгчдийн ард олон мянган гэр бүл, үр хүүхдүүд нь байгаа. Тэгээд ч эрс тэс уур амьсгалтай, такси хүрэлцээгүй манайх шиг оронд шууд ийнхүү хорих нь буруу. Хэрвээ гадны баян орнууд шиг үүднээсээ гараад такси бэлэн байдаг бол болж л байна. Иймд аль болох зөв замаар шийдвэрлэх, ард түмэндээ төвөг, чирэгдэл учруулахгүй байх нь нэн тэргүүний асуудал. Энэ шийдвэрийг дагаад ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ, хулгай дээрмийн гэмт хэргийн гаралт ихэснэ гэдгийг ч тооцоолох хэрэгтэй болов уу…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.