Д.Хулан: Органик гоо сайхны бүтээгдэхүүнээр Монгол дэлхийд тэргүүлж байна

2018-01-4 Made in Mongolia

Монгол Улсын сав баглаа боодол, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалтаар сав, баглаа боодлын салбарын шилдгүүдийг тодруулах ёслолыг анх удаа зохион байгууллаа. 2018 оны хөнгөн үйлдвэрийн салбарын анхны “Мөнгөн богц” шагналын эзнээр “Lhamour” брэнд тодров. Органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Lhamour” брэндийг үүсгэн байгуулагч, “Natural Essentials” ХХК-ийн захирал Д.Хулантай ярилцлаа.

– Юуны өмнө танай компани “Мөнгөн богц” шагналын эзнээр шалгарсанд баяр хүргэе. Өнөөдөр дэлхий нийт бүтээгдэхүүний чанараас дутахгүй сав, баглаа боодолд ихээхэн анхаардаг болжээ. Танай компанийн хувьд энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

– Баярлалаа. Манай компанийн хувьд монгол түүхий эдийг гадаадын түүхий эдтэй хослуулан шинэлэг, өвөрмөц байдлаар олон улсын стандартад нийцсэн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Органик бүтээгдэхүүн гаргадаг учраас бүх л үйлдвэрлэлээ байгаль орчинд ээлтэй байлгахыг зорьж, 100 хувь хаягдалгүй үйл ажиллагаа явуулдаг. Эрүүл, байгаль орчинд ээлтэй зүйлсийг бүтээх, органик материалуудыг үйлдвэрлэлдээ ашиглах нь манай зорилго.

Өөрийн сурсан мэдсэн зүйлээ ашиглан төсөөллөө бодит болгон хүмүүсийн хэрэглээнд нэвтрүүлж, тэр нь эерэг нөлөө үзүүлэхийг харах үнэхээр урамтай сайхан байдаг. Дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн улсынхаа эдийн засагт бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа баярладаг.

Одоогоор бид 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголдоо 3 нэрийн дэлгүүр, 10 гаруй борлуулалтын цэгүүд, гадаадын 6 улсад экспортолдог. Үүнтэй  холбоотой манай бүтээгдэхүүнд сав, баглаа боодол чухал байр суурь эзэлдэг. Бид аль болох байгальд ээлтэй цаасан хайрцгийг хэрэглэж байна.

Манай компани гадаадаас импортоор сав баглаа боодол авдаггүй, аль болох дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгодог. Сүүлийн 3 жил гаруй “Windsor” компанитай хамтран ажиллаж байна. Тус компани манай бүтээгдэхүүний шошгоос эхлээд бүх төрлийн бүтээгдэхүүний савлагааг хийдэг. Мөн дотоод, гадаадын үзэсгэлэнгүүдэд орох үед хэрэглэгдэх баннер, брошур, танилцуулга, хайрцаг сав болгоныг “Windsor” компани хариуцан хийж байгаа.

– Сүүлийн үед бүтээгдэхүүнийхээ савлагаанд өөрчлөлт хийв үү?

– Бидний хувьд бүтээгдэхүүний чанартай адил сав, баглаа боодолд анхаарч сайжруулахад ихээхэн цаг зардаг. Олон улсад гоо сайхны бүтээгдэхүүний сав баглаа боодлын үзэмж, чанар дээд зэргийн байж хэрэглэгчийн сэтгэлд хүрдэг. Мөн хүн хамгийн түрүүнд сав, баглаа боодлыг хардаг гэсэн судалгаа ч бий. Тиймээс бид нохойн хошуу суурь тосныхоо савлагааг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа. Зарим бүтээгдэхүүнээс харж байхад бүтээгдэхүүнийхээ чанарыг гадаад үзэмж буюу сав, баглаа боодол л унагаадаг тохиолдол байдаг.  Тэгэхээр доторх бүтээгдэхүүний чанартай нийцэхүйц сав баглаатай байх хэрэгтэй, энэ ч утгаар савлагаагаа бид сайжруулалт хийдэг.

Одоогоор цэвэр байгалийн гаралтай гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Жишээлбэл, жамц давсаар ванны бөмбөг, гуужуулагч хийдэг байсан бол жамц давсан гэрэл нэмж хийж байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна тэмээн торгоны бүтээлэг, агаар чийгшүүлэгч, дахин боловсруулсан цаасаар хийсэн сагс, бэлэг дурсгалын чиглэлийн бүтээгдэхүүнийг хийж байна.

Мөн бид олон улс дахь хүрээгээ тэлж байна. Хамгийн сүүлд Тайланд, Австрали руу экспортоо эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор бүтээгдэхүүнүүдээ нэмээд 2019 оны сүүл гэхэд шинэ бүтээгдэхүүн гаргахаар бэлтгэл ажлаа эхлүүлсэн байгаа. Өвлийн улиралд зориулсан бүтээгдэхүүн гаргах зорилгоор нарс, гацуур модноос цэвэр эфирийн тос гаргахаар ажиллаж байна.

– Манай улсын сав, баглаа боодлын хэрэгцээний 65 хувийг импортоор, 35 хувийг дотоодын үйлдвэрлэлээр  хангадаг гэж байна. Сав, баглаа боодлоо импортоор авахгүйгээр дотооддоо үйлдвэрлэн, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хэрэгцээг хангах боломж хэр байдаг гэж та боддог вэ?

– Цаасан хайрцгийг бол бүрэн монголдоо хийх боломжтой. Харин шил, хуванцрын хувьд бэрхшээлтэй зүйл бий, түүхий эдийн нөөц муу зэргээс шалтгаалах байх. Харин Монголд хийх боломжгүй бүтээгдэхүүний савлагаануудыг гадаадаас ихээр авч байж үнийн өртөг нь багасдаг. Багаар авахаар өртөг өндөр тусна. Анхнаасаа л энэ асуудлаа бараа бүтээгдэхүүнийхээ чанартай хослуулан бодолцож мөнгөн урсгалаа түгжихгүй байх нь чухал. Үүнд төлөвлөгөө шаардлагатай.

Ер нь сав, баглаа боодлын үйлдвэрлэгчид захиалагчидтайгаа хамтын гэрээтэй, нээлттэй, сайн ойлголцож бие биеэ мэдэрч ажиллах л хэрэгтэй санагддаг. “Windsor” компани манай хоёрын хувьд эхэндээ хоёулаа туршлагагүй байсан, аажим аажмаар бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг сайжруулахад санал бодлоо хуваалцаж, ойлголцож чадсаны үр дүнд өнөөдөр бүтээгдэхүүний маань өнгө үзэмж, сав, баглаа боодол олон улсын түвшинд хүрэх хэмжээнд ирсэн гэж ойлгодог.

– Бүтээгдэхүүний сав баглаа боодлын хувьд олон улсын стандарт хэр өндөр байдаг вэ? Манайд тавигдаж буй стандартаас шаардлага нь өөр байдаг уу?

– Манай компанийн хувьд бүтээгдэхүүнээ олон улсад гаргана гэсэн зорилго анхнаасаа тавьсан болохоор дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад баримтлах зүйлсээ эхнээсээ анхаарч ажилласан гэх үү дээ. Ер нь олон улсын стандартад тавигддаг шаардлагуудыг зөв хэрэгжүүлээд хэвшүүлчихээр экспортод гаргах үед хүндрэл гардаггүй. Нэгэнт хийсэн зүйлийг дараа нь өөрчилж, бүгдийг солино гэвэл хэцүү. Сав, баглаа боодлын хувьд хамгийн багаар 5000 ширхэг хийгддэг болохоор өөрчлөлт хийхэд ихээхэн хүндрэлтэй. Ер нь дотооддоо сав, баглаа боодлоо захиалж хийлгэх нь миний хувьд илүү найдвартай, үнийн хувьд ч боломжийн санагддаг. Тийм болохоор гадаадаас авах шаардлага гардаггүй.

– Экспортод бүтээгдэхүүнээ гаргаж, дэлхийд танигдахын тулд хэрхэн бид ажиллах ёстой гэж та боддог вэ?

– Үүнийг би энгийн зүйл гэж боддог. Бид өөрсдөө л үйлдвэрлэх хэрэгтэй. Хийж байгаа зүйлээ сэтгэлээсээ хийж чадвал түүнийг хэн ч хүлээж авна. Монголд маш их боломж бий. Бидэнд юу л байна түүхий эд бий. Гэхдээ бид түүхий эдээ тэр чигээр нь гаргаж байна. Түүхий эдээ бид нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох боломжоо ашиглаж буй хэлбэр юм болов уу. Бид нохой хошуу, ганга, сүүлний тос, халгай, жамц давс юу л байна хийж болох бүх түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Боломж бол маш их. Хийж бүтээе гэвэл их зүйл байна. Гол нь гараа хөдөлгөх л хэрэгтэй.

Органик гоо сайхны бүтээгдэхүүнээр Монгол бараг дэлхийд тэргүүлж байна.  Бид өөрсдийн хийж буй зүйлээ дэлхийн брэнд болгоход анхаарч эхнээсээ хичээх хэрэгтэй байх. Манай компани ч бүтээгдэхүүнээ олон улсын стандартын дагуу хийдэг учраас дэлхийн аль ч улсын хүнд тохирно гэж үздэг. Дээрээс нь нэр, лого, сав баглаа бодлоо хүртэл бодож хийсэн. Вэб сайтаа ч гэсэн англи хэл дээр гаргадаг. Олон улсын органик гоо сайхны холбоонд элссэн учраас бидний гаргасан бүтээгдэхүүн бүрийн тухай блогуудаар мэдээлээд явдаг. Тэгэхээр Монголд ч тэр, гадаадын улсад ч тэр манай бүтээгдэхүүн нэгэн зэрэг түүхээ бичиж байна гэсэн үг.

– Бизнесийн салбарт өөрчлөгдөөсэй гэж боддог асуудал бий юу?

– Манай компани байгуулагдсан цагаасаа төрийн дэмжлэггүйгээр явж ирсэн. Гэхдээ төрийг дэмжлэг үзүүлэх ёстой гэж хэлж байгаа юм биш. Ерөөсөө л төр өөрөө бизнес эрхлэгчдэд саад болохгүй байх хэрэгтэй. Гэтэл төр бизнес эрхлэх гэж яваа олон залууст саад болдог нь харамсалтай. Төрийн зүгээс зөв бодлогоор дэмжиж ерөнхийд нь аваад явах ёстой болов уу. Бид хувийн хэвшил, жижиг байгууллага хэдий ч өөрсдийн хэмжээнд нийгэмдээ эерэг өөрчлөлтүүдийг авчрахаар ажиллаж байна.

Миний бодлоор гарааны бизнес, том компани хоёр ижилхэн татвар төлдөг нь утгагүй асуудал. Бодлогын хүрээнээс гадна зүгээр л нэг бичиг баримт авах хэрэгтэй болоход ч гацчихдаг. Гарааны бизнес эрхлэгч өдөрт хэдэн арван ажил амжуулахын тулд хичээж ажилладаг. Гэтэл ганц бичгийн төлөө өдрийн тал цагаа алдана гэдэг харамсалтай санагддаг. Иймэрхүү хүндрэлүүд их л дээ.

– Гарааны бизнесээ эхэлж буй бүсгүйчүүддээ хандаж бизнесийн зөвлөгөө өгөөч гэвэл та юу хэлэх вэ?

– Хүсэж мөрөөдөж буй зүйлдээ бат итгэж байвал тэрнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориул. Зорилгодоо хүрэхгүй байсан ч сургамж болно. Хожим амьдралаа эргэж хараад харамсахгүйн тулд хийгээд л үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Ер нь том зорилгод жижиг алхмаар хүрдэг. Үйлдвэрлэл явуулах амаргүй гэдгийг бүгд л мэднэ. Зарим нь заавал том үйлдвэр барих ёстой гэж өрөөсгөл боддог. Гэтэл би жишээ нь үйлдвэрлэлээ гэрийнхээ гал тогооноос л эхэлсэн. Тэгээд алхам алхмаар урагшилж чадсан. Энэ хооронд их ч золиос гаргах шаардлагатай байдаг юм билээ. Өнгөрсөн хугацаанд найзуудтайгаа хамтдаа цагийг өнгөрүүлж хөгжилтэй байх боломжгүй үе мэдээж байсан. Гэвч түр зуурын юм гэдэг бол түр л зуурынх. Хэчнээн золиос гаргасан ч хонгилын үзүүрт гэрэл асна гэдгийг санаж, цөхрөлтгүй л зүтгэх хэрэгтэй.

Одоо бизнесээ эхлэх гэж буй залууст мэдээлэл, зөвлөгөө боломжууд их байна. Миний хувьд зөвлөгөө авах хүн байгаагүй. Сүүлийн хоёр жил бизнес эрхэлж буй болон эхэлж байгаа хүмүүст урам хайрлах, дэм болох үүднээс зөвлөгөө өгөх нийгэм рүү чиглэсэн ажлуудыг хийж байгаа. Ялангуяа энэ жил эмэгтэй гарааны бизнес эрхлэгчийн олон улсын өдөрлөгийг анх Монголдоо хийлээ. Бизнес эхлэхийг хүсэж буй 300 гаруй бүсгүйчүүд оролцсон. Олон улсын болон Монголынхоо амжилттай бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдээ урьж, зөвлөгөө өгүүлж, туршлагаа солилцсон өдрүүд болсон. Мөрөөдлийнхөө төлөө зоригтой алхам хийх хэрэгтэй. Бусад хүмүүс юу гэж хэлэх чухал биш. Таны гаргаж байгаа шийдэл нийгэмд хэрэгтэй л бол зах зээл, хэрэглэгч байх л болно. Мэдээж эхэндээ алдаа гаргадаг, тэглээ гээд шантрах хэрэггүй, харин ч гаргасан алдаагаа засаад л урагшлах хэрэгтэй.

Д.Эрдэнэсувд

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.