“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталлаа

2017-04-12 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.04.12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байхыг холбогдох сайд нарт даалгалаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолсон байна.

Хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах юм.

Хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажил хийхээр тусгажээ.

Засгийн газраас өмнө нь хэрэгжүүлсэн хөтөлбөр, стратегийн үр дүнд сүүлийн таван жилд вируст хепатитийн өвчлөл өмнөх таван жилийн дунджаас буурсан. Гэсэн ч сүүлийн 10 жилд элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл элэгний өмөн, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их гэсэн үг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В,С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн байна.

Хан-Уул дүүрэгт 300 ортой төрөх эмнэлэг барина

Хан-Уул дүүрэгт барьж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийн концессын гэрээг “Томо бюлдинг” ХХК-тай байгуулж гарын үсэг зурах эрхийг Үндэсний хөгжлийн газар /Б.Баярсайхан/-д өглөө.

Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм. Концессын гэрээний дагуу эмнэлгийн барилга угсралтын ажлыг ирэх оны наймдугаар сард дуусгаж улсын комисст хүлээлгэж өгнө. Засгийн газар төслийн нийт хөрөнгө оруулалт болох 25,724,600,000 төгрөгийг 2020 оноос  тодорхой хуваарийн дагуу эргэн төлөх юм.

Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон замын төлбөрийг концесс эзэмшигчийн татвараас суутгана

Дорноговь аймгийн Сайншанд болон Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозамын төслийн концессын гэрээг “Засаг чандмань майнз” ХХК-тай байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрлөө.

Замын төслийн нийт хөрөнгө оруулалт болох 162,869,202,818.00  /163 орчим тэрбум/ төгрөгийг төсөвт дарамт болохгүйгээр концесс эзэмшигчийн улсад төлөх татвараас суутгах замаар шийдвэрлэхийг Сангийн сайд болон Татварын ерөнхий газрын даргад даалгалаа.

Мөн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай автозамын концессын гэрээг “Шинжиан шинфа” ХХК-тай байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрөв. Төсөлд зарцуулах 67,907,000.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөхөөр тогтлоо.

“Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулав

“Эгийн голын усан цахилгаан станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл  болон барилга угсралтын ажлыг хариуцан, ашиглах чиг үүрэг бүхий төрийн өмчит “Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулахаар боллоо. Төвийн эрчим хүчний системийн диспетчерийн горим, тохиргоог хангаж, импортын эрчим хүчийг бууруулах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Үүнтэй холбогдуулан “Эгийн голын усан цахилгаан станцын төсөл”-ийн нэгжийг татан буулгахаар боллоо.

Усан цахилгаан станцын төсөл нь манай улсын эрчим хүчний системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, цэвэр усны нөөцийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой. Шинээр байгуулах компани нь энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл болон бусад зөвшөөрөл, газар эзэмшихтэй холбоотой гэрчилгээнүүдийг эзэмшиж, Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах инженеринг, худалдан авалт, барилга угсралтын гэрээ, холбогдох бусад гэрээ байгуулах эрхтэй бөгөөд станц баригдаж дууссаны дараа ажлыг нь бүрэн хариуцах юм.

Гаалийн татвартай холбоотой төслүүдийг УИХ-д өргөн барина

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2008 онд батлагдсан. Хуулийн дагуу импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гаалийн албан татвараас чөлөөлсөн юм.

Энэ нь уналтад орсон, зардал өндөртэй газар тариалангийн салбарыг сэргээж, тогтвортой өсөлт бий болгох, тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжиж, иргэдийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах томоохон дэмжлэг болжээ. Иймээс гаалийн албан татвараас чөлөөлөх хугацааг сунгах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газар тариалангийн зориулалттай дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг татварын бодлого, санхүүгийн лизингийн аргаар дэмжинэ гэж заасан юм.

Одоогоор үр тарианы шинэчлэл 65 хувьтай байгаа бөгөөд төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар хийдэг. Мөн бордоо, ургамал хамгааллын бодисыг ихэвчлэн импортоор авч байна.

Бүх яаманд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу бүх яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ.

Ерөнхий сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөлд ХЗДХЯ, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, БХБЯ, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар багтдаг. Яам бүрт байгуулах дэд зөвлөлийг тухайн яамны дээрх удирдах албан тушаалтан тэргүүлж ажиллах юм.

Орон тооны бус дэд зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа нийтийн тээвэр, зам, орон сууц, барилга, байгууламжийн хүртээмж, хэрэгцээ, тэдний шаардлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах үүрэгтэй. Мөн иргэдийн амьдрах орчин, нөхцлийг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, сэтгэл зүйн хэрэгцээтэй үйлчилгээ авах, соёл, урлаг, спортын арга хэмжээнд тэгш хамруулах, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, урлаг, соёлын бүтээл хүртээмжтэй байх зэргийг боловсронгуй болгоход чиглэсэн салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалтыг тодорхой болгох юм.

Дэд зөвлөлүүд салбарынхаа сайдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, санал боловсруулах чиг үүрэгтэй байхаар Засгийн газрын тогтоолд тусгажээ.

Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх журмыг баталлаа

“Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”-ыг энэ зургадугаар сараас дагаж мөрдөх юм. Журамд зааснаар байгууллага бүр албан хэрэг хөтлөлтийн бүртгэл хяналтын программ болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, мөн нууцлал хамгаалалтын шаардлага хангасан сүлжээг ашиглана. Тоон гарын үсгээр баталгаажсан цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй ижил үйлчлэлтэй байх юм.

Журмыг дагаж мөрдсөнөөр цахим баримт бичиг бүрдүүлэх, хадгалах, ашиглах, албан тушаалтанд хандсан цахим өргөдөл, санал, гомдлыг хянан шийдвэрлэх, мэдээ тайлан гаргах, цахим баримт бичигтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдал болон оролцогч талуудын үүрэг, хариуцлага илүү тодорхой болно гэж Засгийн газар үзлээ.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдрийг тэмдэглэнэ

Жил бүрийн тавдугаар сарын сүүлийн ням гарагт тэмдэглэдэг “Шууданч, холбоочдын өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын сүүлийн ням гарагт “Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр” болгон тэмдэглэж байхаар журамд өөрчлөлт орууллаа.


Товч мэдээ

  • Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
  • Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэргүүлэгчдийн 2016 оны үйл ажиллагааны тайланг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав. Үүнтэй холбогдуулан хурал, түүний Тэргүүлэгчдэд Засгийн газрын тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд Хэрэг эрхлэх газраас зөвлөмж хүргүүлж байх нь зүйтэй гэж үзлээ.
  • Олон улсын валютын сан, Дэлхийн банкны Хаврын уулзалт, Япон Улсын Ёкохама хотод болох Азийн хөгжлийн банкны захирагч нарын 50 дахь жилийн уулзалт, Кипр Улсын Никосиа хотод болох Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирагч нарын 26 дугаар жилийн уулзалтад оролцох төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрөв. Дээрх уулзалтууд дөрөв, тавдугаар сард болох юм.
  • Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар болов. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1600 гаруй нөхөрлөл иргэдийн санаачилгаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 40 гаруй мянган иргэн нэгдээд байна. Эдгээрийн 411 нь ус, ан амьтан, ургамал бэлчээрийн, 1200 гаруй нь ойн чиглэлийн нөхөрлөл юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.