Монголбанк нь ашигтай ажиллах зорилгоор ам.долларын ханшийг хөөрөгдөж байна уу гэсэн яриа сүүлийн үед гарч байгаатай холбогдуулан Монголбанкны Тайлан бүртгэлийн газрын ажилтан Ц.Энхмөрөнтэй ярилцлаа.
Таниас цөөн асуултад тодруулга авахыг хүсч байна. Валютын ханшийн хөдөлгөөн нь Монголбанкны санхүүгийн үзүүлэлтэд ямар нөлөөтэй вэ?
Ам.долларын ханш нь Монголбанкны санхүүгийн тайлан тэнцэлд хэрхэн нөлөөлж, ашиг, алдагдлыг аль чиглэлд хөтөлж байгааг холбогдох тоо баримт дээр үндэслэж хэлэх нь зүйтэй юм. Монголбанк сүүлийн хэдэн жил алдагдалтай ажилласны эцэст 2017 онд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ба энэ үед оны эхэнд 2489.53 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш оны эцэст 2427.13 төгрөг болж 2.5 хувиар суларсан. Одоо төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2560 төгрөг давчихаад байхад алдагдлын хэмжээ буураагүй байна. Эндээс Монголбанк ашигтай ажиллах нь төгрөгийн ам.доллартай харьцах ханштай шууд хамааралгүй болох нь харагдаж байгаа байхаа. Монголбанкны ашиг, алдагдалд ам.долларын ханшийн нөлөөллөөс илүүтэй 2012-2016 онд хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд хөнгөлөлттэй, хүү багатай зээлийн эх үүсвэрийг төрөл бүрээр гаргасан нь ихээхэн уршиг дагуулсан. Энэ ч үүднээс Монголбанкнаас санаачилж, 2018 оны 1 сард Төв банк (Монголбанк)-ны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж дээрх хэлбэрийн санхүүжилтийг улс төрийн дарамт, шахалтаар хийх нөхцөлийг хааж өгсөн.
Валютын нөөц нэмэгдсэн үед ам.долларын ханшийг өсгөж, ашигтай ажиллах гээд байна гэх яриа ч бас гарсан. Ийм байж болох уу?
Ханшийн хөдөлгөөн нь ямар нөлөөтэй болохыг тайлбарлахын өмнө эхлээд Монголбанкны санхүүгийн тайлангийн онцлогийн талаар товч хөндвөл таны асуултад хариулахад илүү ойлгомжтой, дөхөм болох болов уу. Учир нь хөрөнгө, өр төлбөрийн бүтэц дэх гадаад валютын эзлэх дүнгээс шалтгаалан ханшийн хөдөлгөөний үр дагаврыг тооцно. Активын хувьд мэдээж гадаад валютын улсын нөөцийн сагсанд хамаарах мөнгөжсөн алт, томоохон төв банк болон банкуудад барьшуулсан хөрөнгө, бусад улс орны засгийн газар, олон улсын байгууллагын үнэт цаасанд оруулсан хөрөнгө оруулалт багтдаг. Харин пассив талд банкуудын болон улсын төсвийн валютын харилцах дансуудаас гадна Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн зээл, ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зээл зэрэг валютаар бүрдсэн өр төлбөрүүд бий. Иймд зөвхөн ам.долларын ханшийг яриад юанийн ханшийг дурдалгүй орхих нь өрөөсгөл юм. Ам.долларын ханш төгрөгийн эсрэг төдийгүй голлох валютуудын эсрэг олон улсын түвшинд чангарсан энэ 9 дүгээр сарыг онцолж авч үзвэл Монголбанк гадаад валютын ханшийн зөрүүнээс 4.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Гэтэл 7 дугаар сард ам.долларын ханш ердөө 3.67 төгрөгөөр хэлбэлзэж, АНУ болон Хятад улсын хоорондох гадаад худалдааны дайны нөлөөгөөр юанийн ханш 371.41 төгрөгөөс 360.61 төгрөг болж сулрахад ханшийн зөрүүнээс 110 тэрбум төгрөгийн ашиг бүртгэгдсэн байна. Тэгэхээр Монголбанк ам. долларын ханшийг өсгөж ашиг бий болголоо гэдэг нь үндэслэлгүй, ташаа ойлголт болохыг хэлмээр байна.
Тодруулга өгсөнд баярлалаа.
10 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.