Д.Сарангэрэл: Бид томуу, томуу төст өвчний дэгдэлтэнд бэлтгэлтэй байгаа

2018-11-3 Эрүүл мэнд

Тодруулга

 

 

Томуу, томуу төст өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл зэрэг албаны хүмүүс энэ амралтын өдрөөр дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ажиллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй цөөн хором хөөрөлдсөн юм.

Хүүхдийн орны ачаалал нэмэгдсэн голлох дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдтэй та өөрийн биеэр танилцлаа. Энэ талаарх мэдээллийг тодруулна уу?

-Жил бүр томуу, томуу төст өвчин гардаг. Өмнөх жил ч энэхүү өвчин дэгдэж байсан, ирэх жил ч дахин гарах нь ойлгомжтой. Энэ вирус бол дэлхий нийтийг хэрэн тэнэж байгаа хил хязгааргүй юм. Тэр утгаараа манай улсыг ч тойрохгүй дайрч байдаг вирус шүү дээ. Тиймээс бид энэхүү өвчлөлд бэлтгэлтэй байх ёстой. Тулаад ирсэн хойно нь сандралдаж гүйх биш урдаас нь сөрж зогсох тэнхээтэй байх нь чухал. Өнгөрсөн жил бид нэлээд сургамж авсан. Харин энэ жил хүний нөөц, эм тарианы хангамж болон тоног төхөөрөмжийн хувьд нэлээд сайн бэлтгэлтэй байгаа гэж үзэж байна. Учир нь өнгөрөгч жил Засгийн газрыг шуурхай хуралдуулж, шаардлагатай байгаа хөрөнгө мөнгийг нөөц хөрөнгөнөөс гаргуулж байсан. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, энэ жилийн тухайд улсын хэмжээнд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тэр дундаа нийт хүн амын 1.5 сая иргэн амьдарч байгаа буюу эрүүл мэндийн салбарын гол ачаалал байдаг Улаанбаатар хотод авах арга хэмжээг нэлээд нарийн зохицуулалттай хийж байна. Энэ хүрээнд манай яам нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газартай нягт хамтын ажиллагаатай ажилласаар байна.

Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн улирал эхлээгүй байхад өвчтний орны ачаалал чамгүй хувиар нэмэгдсэн байдалтай байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

– Өнгөрөгч жил 800 гаруй ортой байсан бол энэ онд нэмэгдүүлээд 977 ортой болчихлоо. Гэхдээ өнөөдрийн байдлаар орны ачаалал 210-аар нэмэгдэж, 1187 орон дээр хүүхдүүд маань эмнэлэгт хэвтэж байна. Тиймээс цаашид долоо хоног бүрээр танадалт судалгаа хийж, том хүний орыг хүүхдэд шилжүүлэх эсэх асуудлыг нийслэлийн Эрүүл мэндийн газартай ярилцаж шийдвэрлэнэ. Харин эм тариа болон ажилтнуудын илүү цагийн хөлсний асуудлыг яам тухай бүрт нь шийдвэрлэсээр байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас H1N1 вирусын халдварын талаар зөвлөмж хүргүүлсэн байх. Энэ талаар тодруулна уу?

-Энэ бол үнэхээр сэтгэл түгшээсэн асуудал. Одоогийн байдлаар энэхүү вирус эргэлтэнд орчихоогүй байна. Тиймээс улсын хэмжээнд байгаа нөөцийн асуудлыг дэлгэх нь зохисгүй юм. Гэхдээ нэмэгдүүлэх шаардлага байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Өнөөдөр бидэнтэй Дэлхийн эрүүл мэндийн суурин төлөөлөгч Сергей Диордица дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай биеэрээ танилцан явж байна.  Тэрбээр тус байгууллагаас манай улсад ямар тусламж, туслалцаа чухал байгааг үзэж яваа юм.

О.СЭЛЭНГЭ

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.