Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг дутмаг байгаа нь ДОХ-ын халдвар нэг үндэслэл болдог

2018-08-1 Нийтлэл

15-19 насны 1000 охин тутмын 19-20 нь хүүхэд төрүүлэх болсон гэх статистик мэдээлэл бий. Өсвөр насны охид төрөх нь гэр бүлд нь болон өөрт нь таагүй байдал бий болгож, сурч боловсрох боломжоо алдаж, улмаар ажилгүйдэл, ядууралд өртдөг гэж Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх тав дахь тайлан илтгэлдээ дурдсан байдаг. Мөн энэ насныхан дунд бэлгийн замын халдварт өвчин өндөр үзүүлэлттэй гарсан. Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 80.434 эх амаржсаны 5.5 хувийг 20 хүртэлх насны эхчүүд эзэлсэн, үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5.1 хувийг 20-иос доош, 70 хувийг 20-34 насныхан эзлэж байгааг мэдээлж байв. Түүнчлэн ХДХВ-ийн халдвар авсан иргэдийн 42 хувь нь 15-24 насныхан байгаа нь анхаарал татна.

Өсвар насныханд нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн мэдээлэл, мэдлэг, зөвлөгөө дутмаг байгааг “Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба гэр бүл төлөвлөлтийн тулгамдсан асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалтын үеэр мэргэжилтнүүд тодотгож байсан юм. Уг арга хэмжээнд орон нутгийн эрүүл мэндийн төвийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд, ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцсон.

Судалгаагаар гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээний хүртээмж хангалтгүй, гэр төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ нэмэгдсэн, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд жирэмлэхээс сэргийлэх эм, хэрэгслийн хэрэглээ буурсан, үр хөндөлт, түүний дотор давтан үр хөндөлт ялангуяа өсвөр үеийнхэн, залуучуудын дунд нэмэгдсэн, өсвөр, үе залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгааг ч энэ үеэр онцолж байсан. Иймээс гэр бүл төлөвлөлт болоод нөхөн үржихүйн талаар мэргэжлийн хүний зарим зөвлөгөөг тоймлон хүргэж байна.

Гэр бүл төлөвлөлт

НҮЭМ, гэр бүл төлөвлөлт гэж юу вэ?

НҮЭМ гэдэг нь зөвхөн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо нь өвчин эмгэггүй байх төдийгүй бие махбодь, сэтгэл санаа, нийгмийн талаар бүрэн төгс эрүүл, хувь хүн, гэр бүлийн хосууд сэтгэл ханамжтай, аюулгүй бэлгийн амьдралтай, нөхөн үржих чадвартай байж, хэзээ, хэдэн хүүхэд төрүүлж, өсгөхөө эрх чөлөөтэй шийдвэрлэх байдал юм.
Нөхөн үржихүйн эрх гэдэг нь хувь хүн гэр бүлийн хосууд хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй, хариуцлагатайгаар шийдвэрлэхийн сацуу нөхөн үржихүйн талаар мэдлэг эзэмших, мэдээлэл авах, хүссэн үедээ жирэмсэлж төрөх, нөхөн үржихүйн хамгийн сайн, чанартай тусламж, үйлчилгээг авах эрхтэй байхыг хэлнэ.
НҮЭМ-ийн бүрэлдхүүн хэсгүүдэд:
-эсэн мэнд амаржихуй
-эх, хүүхдийн эрүүл мэнд
-гэр бүл төлөвлөлт
-үр хөндөлт
-үргүйдэл
-өсвөр үеийн НҮЭМ
-БЗХӨ\ХДХВ
-эрэгтэйчүүд ба хүйсийн асуудал багтана.
Гэр бүл төлөвлөлт нь өөрийн эрүүл мэнд, нийгэм-эдийн засаг, амьдралын байдалд тохируулан хүссэн цагтаа жирэмсэлж, эрүүл саруул хүүхэд төрүүлэх, төрөлт хоорондын зайг зөв зохицуулах, тохиромжтой насандаа жирэмслэнэ гэсэн үг юм.
Гэр бүлээ төлөвлөснөөр зөвхөн эх, хүүхдийн эрүүл мэнд төдийгүй гэр бүлийнхний эрүүл мэндийг хамгаална.
Гэр бүл төлөвлөлт нь:
– Төрөлт хоорондын зай 2-3 жил байх,
– Нэг гэр бүл 3-4 хүүхэдтэй байх,
– 18-аас өмнөх болон 35 наснаас хойших төрөлтийг хязгаарлах,
– Анхны хүүхдийг 19-25 насны хооронд төрүүлэх нь зүйтэй юм.
– Эмэгтэй хүний хүүхэд төрүүлэх тохиромжтой нас нь 22-40
– Эрэгтэй хүний эцэг болох тохиромжтой нас нь 22-45 байдаг байна.
– Эрт гэрлэх нь нийгмийн хийгээд биеийн талаас зохимжгүй юм, нялхаараа төрүүлсэн үр амьдрах чадвар суугаагүй байдаг гэдгийг тогтоожээ.
– Бага насанд хүүхэд төрүүлэхэд жирэмсний хугацаанд элдэв хүндрэл гарах нь цөөнгүй.
– Эрт гэрлэснээс бэлгийн үйл ажиллагаа эрт харьж, цагаас өмнө өтөлдөг.
– Хүний хувийн онцлог, амьдралын нөхцөлөөс эрт гэрлэж болох авч эрт гэрлэх нь бие сэтгэл төлөвшин тогтоход муугаар нөлөөлдөг.
– 28-30 насанд анхныхаа хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний бие махбодид насны дагуу өөрчлөлт гарснаас янз бүрийн хүндрэл өгдөг.
– Хэтэрхий оройтож гэрлэх нь үр удамд муу нөлөөтэй.
– 50-иас дээш насны эрэгтэй, 40 өнгөрсөн насны эмэгтэйгээс төрсөн хүүхэд зүрх, мэдрэлийн төрөлхийн согог, бусад ерөнхий гажигтай төрдөг нь ажиглагджээ.
– Ойрын төрөл хүмүүс гэрлэвэл сэтгэц-мэдрэлийн хүнд өвчтэй хүүхэд төрнө. Үүнээс гадна эдгээр хүмүүс ихэнхдээ үргүй болдог байна.
ГБТ-ийн сэтгэл зүйн зарим асуудал:
– Гэр бүлд эрүүл саруул, соёлч боловсон хамтын сэтгэл зүй бүрэлдэн тогтсоноор л үр хүүхдийг эсэн мэнд өсгөн хүмүүжүүлж чадна.
– Эцэг эхчүүд үр хүүхэддээ гэр бүлийн үүрэг роль, харилцаа, хариулага, оршин тогтнох үндэслэл, төлөвлөлт зэргийн ач холбогдлыг ойлгуулах явдал гэр бүлийг өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэхэд чухал үүрэгтэй.
– Эцэг эх асран хамгаалагчид эр эмийн болон бэлгийн харьцааны тухай асуултанд чөлөөтэй хариулах боломжийг цаг ямагт эрж хайх нь өнөөдрийн гэр бүл төлөвлөлтөнд асар их ач холбогдлыг өгнө.
– Сүүлийн жилүүдэд манай улсад гэр бүл нилээд залуужиж байгаа нь:
1. Хүн амын өсөлтийг хурд.
2. Эр эмийн хоорондын харилцаа урьд өмнөхөөс соёлтой болсон.
3. Өсвөр үеийнхний бэлгийн бойжилт урагшилсан.
Гэр бүл амгалан тайван бол нийгэм төлөвшиж, аюулгүй, сонирхолтой амьдралын үндэс тавигдана.
Охид хөвгүүдийн боловсрол, хүмүүжил, хөдөлмөрийн тэгш бус байдал хэтэрч, гэрлэлт оройтох, эсвэл хэт эрт гэрлэх, эцэггүй хүүхэд олшрох, БЗХӨ ихсэх, гэр бүл салалт өсөх зэрэг олон асуудлууд газар авч байгаа.

Нөхөн үржихүйн тухай

Нөхөн Үржихүйн эрх гэдэг нь хувь хүн, гэр бүлийн хосууд хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй, хариуцлагатайгаар шийдвэрлэхийн сацуу нөхөн үржихүйн талаар мэдлэг эзэмших, мэдээлэл авах, хүссэн үедээ жирэмсэлж төрөх, нөхөн үржихүйн хамгийн сайн, чанартай тусламж үйлчилгээг авах эрхтэй байхыг хэлнэ.

Нөхөн Үржихүйн эрүүл мэндийн бүрэлдхүүн хэсгүүд:
1. Гэр бүл төлөвлөлт
2. Эсэн мэнд амаржихуй
3. Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд
4. БЗХӨ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэлт
5. Үр хөндөлт
6. Үргүйдэл
7. Хүйсийн асуудал
Хүний амьдралын салшгүй нэг хэсэг нь бэлгийн амьдрал бөгөөд хүн төрөлхтөний амьдрал оршин тогтнох нэгэн үндэс юм. Хүмүүс бие биеэ хайрлан дурлаж, гэр бүл болон хүүхэд төрүүлэх, үр удмаа үлдээх, эцэг эхийн жаргалыг амсах зэрэг нь бүгд бэлгийн амьдралтай холбоотой. Гэр бүл болсноор зөвхөн 2 биенийхээ өмнө төдийгүй ирээдүйн үр хүүхдийнхээ өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээдэг. Хүний бэлгийн хөгжил нь эхийн хэвлийд байхаас эхлэн насан эцэслэх хүртэл үргэлжилдэг бөгөөд үүнтэй холбоотой хүний бие сэтгэхүйд олон өөрчлөлт гардаг ажээ. Эдгээр өөрчлөлтийг хүн мэдэж байх нь өөртөө итгэлтэй амьдрах, элдэв өвчин эмгэгээс сэргийлэх чадвартай болно. Мөн хувь хүн нөхөн үржихүйн эрхтнүүдээ хайрлан хамгаалах нь ирээдүйд эрүүл саруул эцэг эх болж, аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдрах нэгэн үндэс болно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.