Нөхөн сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ

2018-06-28 Парламент

УИХ-ын чуулганы энэ сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг дэмжиж, гишүүнээс чөлөөлсөн. Тиймээс УИХ-ын сонгуулийн Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлагатай болсон тул Сонгуулийн ерөнхий хорооны саналын дагуу “УИХ-ын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”, “Нөхөн, дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.06.27) хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулга хийсэн юм.

“Монгол УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтоохоор тусгажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүн санал нэгтэйгээр уг тогтоолын төслийг дэмжлээ.

Харин Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхийг дэмжлээ.

Түүнчлэн “Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгасны дагуу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 228 095 885 төгрөгөөр, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн, дахин сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 162 537 250 төгрөгөөр батлах нь зүйтэй гэж үзлээ. Уг тогтоолын төсөлд тусгагдсан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тогтсон юм.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.