Д.Адьяасүрэн: Эдийн засгийн комисстой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал манай бизнесийнхэнд том зах зээл нээгдэнэ

2018-06-25 Эдийн засаг


Олон улсын худалдааны эдийн засагч, Төв Азийн бүс нутгийн худалдааны эксперт, СЭЗИС-ийн докторант Д.Адьяасүрэнтэй ярилцлаа.

– Манай улс Армен, Беларусь, Казахстан, Киргизстан, ОХУ зэрэг таван улс багтсан Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа гэж Ерөнхийлөгч саяхан мэдэгдсэн. Та эхлээд энэ холбооны талаар сонирхуулахгүй юу?

– 2010 онд Беларусь, ОХУ, Казахстан гэсэн гурван улс нэгдэж гаалийн холбоог байгуулж, Евразийн эдийн засгийн комиссын суурь тавигдаж байсан. Тэд зах зээлээ тэлэх, дотоод болон гадаад бараа эргэлтээ нэмэгдүүлэх үндсэн чиглэлтэй байгуулагдсан. Явцын дунд өргөжөөд бүс нутгийн интеграцичлалын хэлбэрт орж, нэгдсэн эдийн засгийн холбоог бий болгож байгаа юм. Өнөөдөр Евразийн эдийн засгийн комисс эгнээндээ Армен, Киргизстан хоёр улсыг нэмсэн. Манай улсын хувьд энэ холбоотой өмнөх парламентын үеэс хамтарч ажиллаж байгаа.

– Евразийн эдийн засгийн комисстой худалдааны хэлэлцээр байгуулснаар манай улсад ямар ач холбогдолтой вэ?

– Манай хоёр талд Орос, Хятад гэсэн асар том зах зээл байна. Хятад ихэвчлэн түүхий эд авдаг. Тэгвэл Евразийн комиссын таван улс руу манайхаас бараа, бүтээгдэхүүн төдийлөн гарахгүй байгаа. Эдгээр улсын зах зээлийг аваад үзэх юм бол манайхаас бэлэн бүтээгдэхүүн болон уул уурхайн бүтээгдэхүүн авах сонирхолтой. Энэ том зах зээл Монголын талд нээгдчихвэл бидэнд маш их ач холбогдолтой. Комиссын гол бодлого нь худалдааны, гаалийн, барааны тарифын бодлогыг хэрэгжүүлдэг. Бараа болгон дээр ялгавартай тариф ашигладаг. Энэ таван улсын аль руу нь ч бараа бүтээгдэхүүнээ гаргасан бүгд ижил гаалийн тарифтай. Ерөнхийдөө тариф нь өндөр. Яагаад гэвэл Евразийн эдийн засгийн холбооны улсууд дотоод зах зээлээ хамгаалах үүднээс ийм зохицуулалттай. Ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд дээр өндөр тарифтай.

– Манай улсын хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ дэлхийд экспортлох сонир­хол­той. Хэлэлцээр байгуулснаар бид ямар боломжуудыг эдлэх вэ?

– Евразийн эдийн засгийн комисстой хамтран ажиллах ажлын хэсэг болон судалгааны баг ажиллаж байгаа. Ямар, ямар бүтээгдэхүүн дээр бид татвараа яаж бууруулах уу, алийг нь тэглэх үү гэдгийг хэлэлцээрийн ширээний ард суугаад ярих юм. Дээрх таван улсын зах зээлд Монголоос гарч байгаа экспортын бүтээгдэхүүнүүд комиссын мөрддөг тарифыг дагана. Евразийн эдийн засгийн комисс өнгөрсөн хоёрдугаар сараас шинэ тарифаа мөрдөж эхэлсэн. Бид хэлэлцээрийн ширээний ард суухдаа “Танайх энэ тарифаа багасгаач ээ. Манайх энийгээ багасгая” гэж харилцан тохиролцох юм. Манай улс Евразийн эдийн засгийн комиссын зах зээлд үнэхээр гаръя гэвэл боломжууд байна. Жишээлбэл, Казахстан руу Баян-Өлгий, Ховдоор, ОХУ руу Сэлэнгээр гарах боломжтой. Беларусь улсын хөдөө аж ахуйн салбар сайн хөгжсөн. Евразийн эдийн засгийн комиссын орнуудын зах зээлийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр 100 хувь хангаж байна. Тэгэхээр бид гаалийн өндөр тарифаар сүү, сүүн бүтээгдэхүүнээ тус улс руу гаргах шаардлагагүй. Харин мах, махан бүтээгдэхүүний тухайд Беларусь улс зах зээлийнхээ 40-50 хувийг нь хангачихсан. Үлдсэн 50 хувьд нь бидэнд боломж байна гэсэн үг.

– Ер нь Монгол Улс Евразийн эдийн засгийн комисст гишүүн орноор нэгдэх шаардлагатай юу?

– Евразийн эдийн засгийн холбооны техникийн зохицуулалт маш өндөр. Зах зээл бүр өөрийн гэсэн стандарттай байдаг. Тэгэхээр гишүүн орноор элсье гэвэл зах зээлийнх нь тэр стандартыг хангах шаардлагатай болж байгаа юм. Евразийн эдийн засгийн комисст эхний гурван улс шууд нэгдчихсэн гэж дээр хэлсэн шүү дээ. Гэвч тухайн үед Беларусь хамгийн их хохирлыг амссан. Харин Армен улс комиссын гишүүн орноор элсэхдээ бүтэн хоёр жилийн турш дотоодын бүтээгдэхүүнүүдийнхээ техникийн зохицуулалтуудыг хангаж өгсөн. Ингэснээр тус улсын экспортын тоо хэмжээ 70 хувь өссөн.

Евразийн эдийн засгийн комиссоос манай улсыг гишүүн орноор нэгдээч гэсэн байр суурийг тавьдаг л даа. Гэтэл бизнес эрхлэгчдийн зүгээс аваад үзэх юм бол комиссын гишүүн орноор элсвэл дотоодын зах зээлд хүндрэл үүснэ. Одоо манай дотоодын үйлдвэрлэл дөнгөж хөл дээрээ босч эхэлж байна. Хамгийн түрүүнд дотоодын зах зээлээ хамгаалах ёстой. Тэгж байж эдийн засаг өснө шүү дээ. Гэтэл ийм хамгаалалтгүй байхад нь Евразийн эдийн засгийн комисст нэгдчихвэл таван улсын бараа бүтээгдэхүүн манайх руу чөлөөтэй ороод ирнэ. Энэ нь манай дотоодын үйлдвэрлэгчдэд хүндрэлтэй. Иймд манай улс Евразийн эдийн засгийн комиссын гишүүн орноор элсэнэ гэхээсээ илүү чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ёстой.

– Энэ холбоо хэдэн улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан юм бэ?

– Ганцхан улстай хэлэлцээр байгуулсан. Тэр нь Вьетнам. Тэд хэлэлцээр байгуулахын тулд бараг найман жил үргэлжилсэн. Тус эдийн засгийн комиссын Вьетнамтай хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийн тарифын хэмжээг аваад үзэхэд ялгавартай хандсан байгаа юм. ОХУ-ын зах зээлд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн гаргавал гаалийн өндөр тариф тавиад өгчихсөн. Энэ бол Вьетнамаас хэзээ ч хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээл рүү оруулахгүй гэдэг нь ойлгомжтой. Бас Вьетнамын ганц экспортолдог бүтээгдэхүүн болох цагаан будаанд нь хүртэл өндөр тариф тавьсан. Гэхдээ 2020 он хүртэл үе шаттайгаар багасгана гээд заагаад өгчихсөн байгаа юм билээ. Бид Евразийн эдийн засгийн комисстой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахын тулд Вьетнамын хэлэлцээрийн туршлагыг судлах хэрэгтэй. Ажлын хэсгүүд нэлээд өндөр даалгавар хүлээж байна гэсэн үг.

– Евразийн эдийн засгийн комисстой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар импортын гаалийн татваргүйгээр худалдаа хийх боломжтой гэж Ерөнхийлөгч тодотгосон байна лээ?

– Аль, аль талаасаа татварын хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Бүр татваргүй болно гэсэн ойлголт байхгүй. Манайх гаалийн тухай хуулиараа гурван төрлийн татвар хэрэглэж байгаа шүү дээ. Нэн тааламжтай, тааламжтай, хөнгөлөлттэй тариф. Олон улсын гэрээ хэлэлцээр байгуулсан улс орон экспорт, импортын үйл ажиллагаандаа хөн­гө­лөлттэй тарифыг ашиглана. Үүнтэй адил­хан манайх Евразийн эдийн засгийн комисс­той чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах юм Монголын бүтээгдэхүүн таван улсын зах зээл дээр хөнгөлөлттэй тарифыг ашиглана. Нөгөө талаар таван улсын зах зээлээс бараа бүтээгдэхүүн манай улсад хөнгөлөлттэй тарифаар орж ирэх юм.

– Манайх хоёр хөрштэйгээ чөлөөт худал­дааны хэлэлцээр байгуулаагүй. Монголын бараа бүтээгдэхүүн энэ хоёр том зах зээл рүү гарч байж дэлхийд гарна биз дээ. Яагаад өнөөдрийг хүртэл Орос, Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаагүй юм бэ?

– Хятадын тал манайхтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гэхээсээ илүү нөгөө л ШХАБ-д элсэх саналаа тавьдаг. Гэтэл 10 жилийн өмнөөс Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулъя гэсэн үйл явц эхэлсэн. Одоо зогсонги байдалтай байна. Яагаад гэвэл Хятадын талд манайхтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь төдийлөн ашигтай биш. Бас бид ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаагүй. Оросын зах зээлтэй хил орчмын хэлэлцээр байгуулах хамтын ажиллагааны хэлбэрүүд байдаг. Энэ нь хоёр улсын хил орчмын аймгуудад ашигтай байх ёстой л доо. ОХУ-ын Алс дорнодын эдийн засгийн сайд саяхан манай улсад айлчилсан шүү дээ. Тэгэхээр ОХУ алс дорнодоо хөгжүүлэх эдийн засгийн том бодлогууд хэрэгжүүлээд эхэлж байгаа. Магадгүй тэрэндээ ч тулгуурлаад манайхтай бүс нутгийн хэлэлцээр байгуулахыг үгүйсгэхгүй. Ингэснээр Тува, Буриадын эдийн засаг нэмэгдэж болно. Тэр утгаар нь айлын тал хараад, сайд нь манайд ач холбогдол өгч байгаа байх.

– Манай улс Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан ч үр дүн нь тааруу байна гэдэг. Бас Европын холбоо руу 7000 нэр төрлийн бараа, экспортын татваргүй, тоо хэмжээ харгалзахгүйгээр гаргах боломж байдаг ч тэр бүр ашиглахгүй байна. Гэтэл Евразийн эдийн засгийн комисстой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулчихаад бас боломжоо эдэлж чадахгүй байх юм биш биз дээ. Ер нь чөлөөт худалдааны хэлэлцээр идэвхтэй бус байгаа нь юутай холбоотой вэ. Хууль эрх зүйн орчны зохицуулалт хангалтгүй байна уу?

– Худалдааны хууль дөрвөн Засгийн газар дамнасан. Хууль эрх зүйн орчноо сайжруулахын тулд худалдааны нэгдсэн бодлого хэрэгтэй. Улс орон болгон өөрийн гэсэн тусгайлсан худалдааны бодлоготой байдаг. Жил болгон худалдааны бодлогыг хэрэгжүүлсэн үндсэн бичиг баримтаа гаргадаг. Ингээд ирэх оныхоо худалдааны бодлогынхоо прогнозыг гаргадаг л даа. Гэтэл Монгол Улсад ийм бодлого алга. Худалдааны бодлогыг гаргадаг тусгайлсан төрийн байгууллага байх ёстой. Худалдаа эдийн засгийн яам ч юм уу. Өнөөдөр Гадаад харилцааны яам дээр гадаад худалдааны бодлогыг зохицуулж байна. Харин Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам дотоодын худалдаагаа хариуцаж байна. Уг нь энэ хоёр яам нэгдмэл худалдааны бодлогоо гаргаж ирэх ёстой шүү дээ. Дээрээс нь экспортыг дэмжих бодлого гаргаж ирж байна. Дотоодын жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого гарч байна. Энэ хоёр хоорондоо уялдах ёстой. Манай улсад худалдааны салбарын эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай байна.

Бид Евразийн эдийн засгийн комисстой хэлэлцээр байгуулахдаа илүү туршлагатай болсон. Яагаад гэвэл Японтой байгуулсан хэлэлцээрийн алдаа, оноогоо мэдэж байгаа. Магадгүй Европын холбоо руу гарч чадахгүй байгаа бүтээгдэхүүн дээрээ ч анхаарлаа хандуулах боломжтой болно.

Японтой байгуулсан зарим төрлийн бүтээг­дэхүүн дээр татвар нь тэглэгдээгүй. Эсгий, эсгий бүтээгдэхүүн гэхэд Японы зах зээл рүү татвартай орж байна. Тэгвэл тус улсын зах зээл энэ төрлийн бүтээгдэхүүн эрэлттэй байгаа. Тухайн үед хоёр улс хэлэлцээр хийхдээ манай талаас энэ бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх ёстой гэдэг дээр анхаараагүй болохоор туршлага дутсан тал бий.

– Өмнөд Солонгос манайхтай чөлөөт худал­дааны хэлэлцээр байгуулах тухай яригдаж байгаа байх аа?

– Солонгосын талын ажлын хэсэг манайхтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулъя гээд хурдацтай явж байгаа. Тэдний сонирхлыг зөвхөн автомашин дээр авч үзье л дээ. Манайх Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар тус улсаас орж ирэх шинэ тээврийн хэрэгслийн гаалийн татварыг тэглэчихсэн шүү дээ. Харин Солонгосоос орж ирж байгаа автомашин өндөр татвартай байна. Тэгэхээр Солонгосын тал хурдан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулъя гэх нь аргагүй.

Хэрэв бид Евразийн эдийн засгийн комисстой гаалийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуул­бал Оросоос машинууд бас хямд орж ирнэ. Беларусаас алдартай тракторууд, машин меха­низмууд оруулж ирснээр хөдөө аж ахуйн сал­барын техник, технологийн парк шинэчлэг­дэнэ. Ингэснээр хөдөө аж ахуйн салбар маань хөгжинө гэсэн үг.

М.МӨНХЦЭЦЭГ

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.