Алтан хальс индепендент кино наадам ирэх сарын 2-8-нд болно

2018-05-30 Амрах агшин

Монголд арт киног таниулах, Монгол болон гадаадын уран бүтээлчдийн сэтгэлгээ, шинэлэг тал, авьяасыг нээн харуулж, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг бий болгох зорилготойгоор “Алтан хальс” холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа Алтан хальс индепендент кино наадам (Altan Khalis Independent Film Festival – AKIFF) болох гэж байна.


Энэ удаагийн AKIFF кино наадам хүүрнэлт, хүүхэлдэйн, баримтат, эксперименталь кино гэсэн төрлөөр зохиогдох юм.

Энэ жил 55 орны 487, Монголын 27 бүтээл оролцохоор болсон нь өнгөрсөн оныхтой харьцуулахад хамаагүй өндөр тоо юм.

Өнгөрсөн жил 52 орны 268 бүтээл ирж, уралдаант хэсэгт 25 бүтээл хэн нь шилдэг болохоо мэдэхээр өрсөлдөж байсан билээ.

Энэ жил уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарсан 31 бүтээл тодорсон бөгөөд эндээс 17 нь Монгол кино юм.

Кино наадам ирэх зургадугаар сарын 2-8-нд “iCinema” кино театрт зохиогдох бөгөөд кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах ёслол болно. Мөн “Altan Khalis Award – Алтан хальс шагнал” (Алтан хальс цом, мөнгөн шагнал)-ыг гардуулна. Энэ шагналыг Монгол болон гадаадын ямар ч кино хүртэх боломжтой. Мөн дараах шагналыг олгоно.

Шилдэг монгол хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Шилдэг монгол хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Шилдэг монгол баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Шилдэг монгол эскпериментал кино (өргөмжлөл, шагнал)
Шилдэг гадаад хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Шилдэг гадаад хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Шилдэг гадаад баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Шилдэг гадаад эскпериментал кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Энэ жилийн “Алтан хальс индепендент” кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн доктор (PhD) Д.Цэнгэл, Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, “Алтан хальс” холбооны тэргүүн, найруулагч С.Бямба, Кэмбрижийн олон улсын оюутны Уотерспрайт кино наадмын продюсер, IEFTA холбооны “Global Film Expression” кино хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм нар багтжээ.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.