Монгол Улсад хүний гавлын ясыг нээхгүйгээр, судсан дотроос нь хагалгаа хийж, эмчилдэг болоод жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ төрлийн хагалгаа нь дэлхий дахинд 2000 оноос хойш эрчимтэй хөгжсөн, харьцангуй залуу салбар гэгддэг ч манай эмч нар цаг алдалгүй энэ төрлийн хагалгааг эх орондоо нутагшуулж чаджээ. Энэ талаар “Улсын төв гуравдугаар эмнэлэг”-ийн Мэдрэлийн мэс заслын их эмч Р.Ганбаатартай ярилцлаа.
ҮСНИЙ НАРИЙН ШИРХЭГ ШИГ МАТЕРИАЛИАР ХИЙГДСЭН ГУУРС,
ЧИГЛҮҮЛЭГЧ БАГАЖ ХЭРЭГСЭЛ АШИГЛАДАГ
-Энэ мэс засалд хэдэн хүн, ямар баг бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ?
-Дор хаяж долоо найман хүн ажилладаг. Гэхдээ өвчлөлөөс шалтгаалж хэдэн хүн ажиллахаа тодорхойлдог. Тухайлбал, бид хүнд өвчтөнөө унтуулдаг тул унтуулгын эмч, сувилагчийн хамт ажиллаж байна. Хэрвээ цус харваж хүндрээгүй өвчтөн бол унтуулалгүй хагалгаа хийж болдог. Судас гэдэг өвдөх мэдрэхүйгүй учраас тархинд судсаар дамжиж хүрэхэд зовиур багатай байдаг. Мөн хагалгааны 3-4 эмч, хагалгааны сувилагч орно. Бас нэг чухал хүн бол энэ үнэтэй аппаратыг ажиллуулдаг өндөр мэргэжлийн инженер, техникч нар юм. Ер нь хагалгаа орж байхад бусад эмч нар явчихгүй, бид хоорондоо зөвлөлдөнө, ярилцана. Энэ хагалгааг хийхийн тулд бас ухаанаа уралдуулна шүү дээ, тэд маань хараад л сууж байдаг. Мөн тоног төхөөрөмж нийлүүлсэн компанийн бүтээгдэхүүнээ мэддэг мэргэжилтэн нь зогсож байдаг. Үүнийг авъя, түүнийг авъя гэхэд бидэнд задалж өгөхийн зэрэгцээ давхар хяналт тавьж байна. Ингээд л их олон хүн шаардлагатай болдог юм.
-Нэлээн бэлтгэл хийдэг байх?
-Энэ хагалгааг хийхийн тулд Мэдрэлийн мэс заслын бүх эмч сууж байгаад зөвлөлдөж, ярилцдаг. Мэдрэлийн мэс заслыг судсан дотуур хийхээс гадна нээлттэй аргаар хийдэг. Тиймээс нээлттэй хагалгаа хийх үү, судсан дотуур хийх үү гэдгийг 10 гаруй эмч суугаад ярилцана. Нээлттэй хагалгаа хийвэл ямар аюултай байх, судсан дотуур хийвэл ямар сөрөг талтай байх гээд харьцуулаад аль тохирохыг нь сонгоно. Үүний дараа унтуулгын эмч нар шинжилгээг нь хянахаас эхлээд ярилцана, сонгож шийднэ. Энэ мэтээр 2-3 тасаг хамтарч ажиллаж байж нэг хүнд хагалгаа хийгддэг.
-Та бидэнд судсан дотуур хагалгаа гэдгийг энгийн үгээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Бид гуяны арьсан дээр 0.5 мм орчим зүсч, энэ нүхээрээ гуяны том судсыг цоолдог. Үүгээр тусгай гуурс оруулдаг гэж хэлж болно. Энэхүү гуурс цээжний гол судсаар дамжиж өгсөөд зүрхний гол судсанд хүрдэг. Зүрхнээс цааш тархи руу салаалсан судас руу орох бөгөөд тархи руу, ингэхдээ тархиныхаа бүр гүн рүү орж байгаа юм. Ингээд эмгэгтэй, өвчтэй байгаа судас руу орж, хялгасан судсанд хүрснээр дотор талаас нь хагалгаа хийдэг гэж энгийнээр тайлбарлаж болно оо. Бид үсний нарийн ширхэг шиг материалиар хийгдсэн гуурс, чиглүүлэгч ашиглаж энэ хагалгаагаа хийж байна.
СУДСАН ДОТУУР ХАГАЛГААГ ДЭЛГЭЦЭН ДЭЭР ХЯНАЖ, БИЕИЙН ГАДНААС УДИРДАНА
-Хагалгааны үед судсан доторхи мэс заслын багажаа дэлгэцээр хянадаг уу?
-Нээлттэй хагалгааг нүдээр бодитой харж, багажаараа хөндөж, хүрч хийдэг. Харин судсан дотуур хагалгаа бол тийм боломжгүй. Бүгдийг нь дэлгэцэн дээр хараад л биеийн гаднаас удирдана. Бичил гуурсуудыг залгаад, хойноос нь чиглүүлээд удирдана. Хүний тархин дотор энэ багаж хаашаа, яаж хөдөлж байна гэх мэт зам чигийг олохын тулд бид дэлгэцэн дээр хянаж байна. Энэ аппаратад маш олон нарийн программ байдаг. Тухайлбал, видео бичлэгээс зураг гаргаж, зургаа 3D байдлаар харж болдог. Их нарийн шүү, тэр хэрээрээ их боломжийг бидэнд олгож байна. Гэхдээ энэ аппаратыг манай бүх эмнэлэг авах бололцоо тун бага байдаг. Харьцангуй өмнөх үеийн аппаратууд манайд бий боловч түүн дээр зөвхөн зүрхний болон захын судсанд хагалгаа хийх л боломжтой. Иймд тархины нарийн мэс заслыг зөвхөн Гуравдугаар эмнэлэг дээр хийдэг.
-Тэгэхээр Монголд байгаа ганцхан аппарат байх нь ээ?
-Тийм ээ. Энэ аппарат дээр зөвхөн тархины судасны хагалгаа хийхээс гадна манай н.Саруул эмч зүрхний аюултай хэм алдагдалтыг засдаг хагалгаа хийж байна. Мөн зүрхний н.Лхагвасүрэн эмч, н.Дамдинсүрэн зэрэг сайхан эмч нар хүний зүрхэн доторхи судас бөглөрөхөд дотроос нь онгойлгож, хиймэл судсан хана/стент/ хийж өгч байна. Үнэхээр манай аппарат хүн байсан бол “ёоёо” гэмээр л ажиллаж байна. Ганцхан аппарат дээр бүхэл бүтэн гурван тасаг ажиллаж байна. Ингэхдээ 18 аймаг, гурван хот бүгд хүмүүсээ энд авчирдаг. Тэгэхээр гурван сая хүний дунд ганц л аппаратаар бид үйлчилгээгээ явуулж байна гэсэн үг юм. Хэрвээ ийм их ачааллаас болж бид аппаратаа эвдчихвэл энэ бүх дэвшил зогсоно. Бусад өндөр хөгжилтэй орнуудад өвдсөн хүн амьдраад байдаг, гэтэл Монголд тэр өвчнийг туссан хүн үхчихээд байдаг, эсвэл тахир дутуу болчихдог тал байдаг нь үнэхээр харамсалтай. Гэтэл бид яг л адилхан техник дэвшлийн эрин үед амьдарч байна шүү дээ. Тэр сайхан дэвшил, техникийг бид “байхгүйн” зовлонгийн улмаас ашиглаж чадахгүй, Монгол хүн болж төрснийхөө төлөө үхэх болоод байдаг. Хэрвээ багаж хэрэгсэл нь байсан бол мэс засал хийгээд эмчилж болох байсан даа гэж харамсан өвчтөнөө эмчилж чадахгүйгээр нүдэн дээрээ алдана гэдэг эмч хүний хувьд хамгийн том зовлон юм.
ТАРХИНЫ СУДАСНЫ ХАГАЛГААГ ӨДӨРТӨӨ 1-2 УДАА Л ХИЙЖ АМЖДАГ
-Танай эмнэлэг ганцхан аппараттай. Та бүхэн өдөрт хэдэн хагалгаа хийж амждаг вэ?
-Ангиографийн тасагт ойролцоогоор 20 гаруй мэс ажилбар ордог. Зүрхний хагалгаа 10 гаруй, тархины 7-8 оношлогоо мэс ажилбар хийгдээд явдаг. Яг энэ тархины судасны хагалгааг өдөртөө 1-2 удаа хийж амждаг. Учир нь энэ аппаратыг бусад маань ч бас ашиглах зав чөлөө олгох ёстой шүү дээ. Анх энэ хагалгаагаа хийж эхлэх үед аппарат хэзээ суларна тэр үед хагалгаанд ордог байлаа. Сулрах үе нь оройн 19 цаг орчим байна. Ингээд шөнө дунд хагалгаа дуусдаг байлаа. Харин өнөөдрийн хувьд ажил эрт дууссан, жирийн өдөр байна.
-Та хэдэн жил энэ хагалгааг хийж байна вэ?
-Би мэдрэлийн мэс заслын эмч. 2004 оноос судсан дотуурхи оношлогоо, мэс заслын эмчилгээний чиглэлээр ажиллаж байгаад 2010 онд Москвад Н.Н.Бурденкогийн нэрэмжит мэдрэлийн мэс заслын институтэд суралцахаар явсан. Тэнд тархины судсан доторх мэс заслаар дагнаж сурсан юм. Эмнэлэгийн захиргаа ч надад маш том үүрэг хариуцлага өгч явуулсан. Тухайн үед манай эмнэлгийн дарга Б.Батчулуун гэж хүн байлаа, одоо Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч хийдэг. Анх Б.Батчулуун эмч 1990-ээд онд Украnн, ОХУ улсад сурч ирчээд латексан баллон өөрөө гараараа хийж ариутгаад, энэ мэс заслыг хийж байсан гэдэг. Гэтэл өнөөдөр энэ мэс засал дэлхий дахинд маш өндөр хөгжилд хүрсэн байна. 2000 оноос хойш энэ мэс засалд ашиглагддаг материалууд бүр гайхалтай хөгжиж, нано технологи хүртэл ашиглаж эхэлсэн. Бид үүнээс л хоцрохгүй гэж энэ хагалгааг Монголдоо нутагшуулж байна. Өнөөдрийн байдлаар нэг жил гаруй хугацаанд 60 гаруй хүнд хагалгаа хийжээ. Өмнө нь бид сардаа ганц хоёр мэс засал хийдэг байсан бол одоо өдөр бүр л энэ хагалгааг хийж байна. Маргааш гэхэд гурван ч хагалгаатай.
-Энэ мэс заслын аппаратны талаар сонирхуулахгүй юү?
-Энэ хагалгааг хийх нөхцлийг бүрдүүлсэн маш том алхам бол АНУ-ын мянганы сорилын сангийн санхүүжилтээр дэлхийн хамгийн сүүлийн үеийн энэ аппарат манай эмнэлэг дээр тавигдсан явдал юм. Хоёрдугаарт, маш өндөр үнэ өртөг бүхий хагалгааны материал хэрэгслийн тодорхой хувийг улсаас даадаг болсон. Энэ бол Монгол хүний эрүүл мэндэд оруулсан маш том хувь нэмэр байсан. Үүнээс гадна мэргэжилтнүүдээ цаг алдалгүй сургасан. Аппарат тавигдах нь тодорхой болонгуут намайг явуулж сургасан л даа. Гурван жилийн хугацаанд төсөл хэрэгжин энэ аппарат ашиглалтанд ороход би яг төгсөөд ирж таарсан. Үүнээс хойш зургаан сар гаруйн хугацаанд бэлтгэл ажил хийгээд харьцангуй хөнгөн хагалгаанууд хийж эхэлсэн. Солонгос профессорыг хүртэл бид урьж авчраад хүнд өвчтөнүүд дээр ажиллаж, туршлагажиж байв. Одоо бид өөрсдөө хийж байна.
ЗОГСОЛТ БОЛ ҮХЭЛ ГЭЖ ЯРЬДАГ ШҮҮ ДЭЭ
-Та энэ мэс заслыг хийхийн тулд үргэлж суралцах хэрэгтэй гэж дээр хэлсэн?
-Бид хийе гэж төлөвлөсөн ажлынхаа гуравны нэгийг л хийж байна гэж боддог. Судсанд дотроос нь мэс засал эмчилгээ хийж болдог 10-аад төрлийн өвчин байдаг. Үүнээс бид 7 төрлийнхийг нь хийж эхэлсэн. Гэхдээ тооноосоо чанар чухал шүү дээ. Мэдээж цаашид илүү ихийг хийхийн тулд бид ажилласаар байна. Бид хийсэн ажилдаа биш, хийх ажилдаа шунадаг улс шүү дээ. Хамгийн гол нь бид энэ эмчилгээг маш чанартай, дэлхийн түвшинд хийхийг хичээж байна. Ер нь хоёр жил тутамд энэ хагалгаатай холбоотой шинэ бүтээгдэхүүнүүд гарч ирдэг. Өмнөх материалуудынхаа алдааг зассан, илүү сайжруулсан хувилбарууд гарсаар байна. Бид энэ бүхнээс хоцрохгүй, багш нартайгаа холбоотой байх, явж судалгаа хийх, эмч нартайгаа ярилцах, ямар шинэ техник нэмэгдсэн байна, яаж хагалгаа хийж байна гэх мэтээр байнга л эрэл хайгуул хийж байдаг юм. Тэгэлгүй, ганц нэг өвчнийг мэс засал хийдэг болчихоод л зогсчихож болохгүй. Зогсолт бол үхэл гэж ярьдаг шүү дээ.
-Энэ эмч нарын хэлдэг үг үү?
-Энэ үгийг манай Орос профессор хэлж байсан юм. Намайг явахад багш маань “Ганбаатар аа, одоо л яг хийдэг цаг. Биднийг чиний насан дээр байхад маш хэцүү байсан. Мэс заслын багаж материалын сонголт багатай байсан бол одоо хөгжөөд сонголт ихтэй, сайхан материалуудтай болжээ. Гэхдээ маш болгоомжтой хийх ёстой. Юу ч үгүй хоцрох вий, маш эрсдэлтэй” гэж хэлж байлаа. Үнэхээр Монголд энэ хагалгааг хийхэд яг хажууд зогсоод зөвлөх хүн байгаагүй тул өөрсдийнхөө эмч нартайгаа нийлээд “толгой дааж” хийсэн нь их том шалгуур байсан. Бага багаар бид амжилттай давсаар байна.
-Бас нэг ололт бол яах аргагүй иргэдийг санхүүгийн хүндрэлээс гаргаж буй явдал юм. Энэ хагалгааг гадаад орнуудад ойролцоогоор хэдэн төгрөгөөр хийдэг вэ?
-Энэ хагалгааны зөвхөн эмнэлгийн хэрэгслийн өөрийнх нь өртөг 30-80 сая төгрөг болдог. Зардал нь өвчнөөсөө шалтгаалах бөгөөд хүн бүрийн өвчлөл өөр өөр түвшинд байна. Өвчин бүр өөр, судас бүр давтагдахгүй. Энэ бол зөвхөн материалын өртөг болохоос бид цалин, байр, гэрэл гээд урсгал зардлыг дурьдаагүйг та анзаарсан байх. Харин гадны улс орнуудад энэ хагалгааг хийлгэвэл 80-200 сая төгрөг шаардагдана. Өнөөдөр бид Монголдоо энэ хагалгааг 10 орчим сая төгрөгөөр хийж байна. Улс хагалгааны зардлын дундажаар 70 хувийг нь дааж байгаа юм.
МЭС ЗАСЛЫН ДАРАА ӨВЧТӨН МААНЬ ХҮНДРЭЛГҮЙ БИЕИЙН БАЙДАЛ НЬ САЙЖИРСАНЫГ ХАРАХ ШИГ САЙХАН ЖАРГАЛ ЮУ БАЙХ БИЛЭЭ
-Энэ хагалгааг одоо яг ямар ямар өвчтэй хүмүүст хийж байгаа вэ?
-Судасны олдмол болон төрөлхийн эмгэгүүдэд энэ хагалгааг хийж байна. Олдмол гэдэг нь амьдралын явцад үүссэн өвчлөл юм. Тухайлбал, тархины судасны цүлхэн гэж ярьдаг өвчлөл байна. Монголчууд цусны даралт ихтэй, судасны хана хатуурсан, судасны хана гэмтсэн, үүнээсээ болж цус харвасан тохиолдол эрс ихсэж байна. Судасны төрөлхийн эмгэг буюу хэвийн бус гажиг судсууд нь хагарч, цус харвадаг. Мөн тархины судаслаг хавдарууд бий, нээж авах боломжгүй бөгөөд нээсэн тохиолдолд цус алдаад хавдарыг нь авах боломжгүй байдаг. Мөн артер, венийн судсын өөрчлөлтүүд, олдмол судас хагарах, судас хүлхийх, нарийсах, судсанд бөглөрсөн нөж гээд л маш олон асуудлыг энэ хагалгаагаар шийдэж чадах болсон. Энэ хагалгааны гол зорилго бол өвдсөн хүний амьдралын чанарыг сайжруулах гэж хэлж болно.
–Яахав, энэ хагалгаанд орсон хүмүүсийн бие бодгаль мэс заслын үр дүнг өөр өөрөөр хүлээж авдаг байх. Гэхдээ дийлэнх нь амжилттай болж чаддаг уу?
-Бид аль болох хүнийг тахир дутуу болгохгүй, аль болох хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүйгээр эрүүл болгох зорилготой хагалгаа хийдэг. Учир нь судасны өвчинг эмчилж чадвал эрүүл болж чаддаг өвчин, хорт хавдар биш шүү дээ. Тиймээс энэ өвчнөөр хүн нас барна гэдэг бидэнд маш харамсалтай. Тэгэхээр хагарахаас нь өмнө бид эрт оношлоод эмчилвэл тухайн хүн яг л хуучин шигээ цоо эрүүл болоод ажлаа хийгээд явах боломжтой болно. Харин нэгэнт харвачихаад хүндрээд ирвэл тэр хэмжээгээрээ хагалгааны эрсдэл ихэсдэг, хүндрэл ч гардаг. Мөн харавсныхаа хүндрэлээр хүн тахир дутуу болж үлддэг. Тиймээс хүмүүс эрт оношлуулах хэрэгтэй. Энэ өвчин их залуужиж байна. Манай Монголын нийгмийн амьдралын хэв маяг их нөлөөлж байгаа гэж би боддог юм. Бид бүгд амьдрахын тулд бүхнээ зарцуулж байна, нойртой нойргүй, хоолтой хоолгүй, таарсан бүрээ идээд, цаг агаар, ядуурал, архи уух, стресс гээд бүгд л өвчний уг үндэс болдог.
Эх сурвалж: Newsmedia.mn
2024-11-7
2024-11-7
2024-11-6
2024-11-6
2024-11-6
2024-11-5
87338
30306
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.