Өвөлжилт хүндэрсэн сумдын хүүхдүүдэд тусламж илгээлээ

2017-03-29 Мэдээ, мэдээлэл

Энэ оны хоёрдугаар сарын байдлаар манай улсын нийт 17 аймгийн 158 суманд өвөлжилт хүндэрсэн тухай Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлсэн билээ. Эдгээр суманд амьдарч байгаа хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагатай хоол тэжээл, амин дэмийн тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд эрүүл мэндийн яамыг төлөөлж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг НЭМГ-ын мэргэжилтэн Б.Бямбатогтох байлцлаа.

Өвөлжилт хүндэрсэн дээрх 158 сумын 26 116 хүүхэд (200 хүртэл бог малтай өрхийн 60 хүртэл сартай хүүхэд), 15 800 хөхүүл болон жирэмсэн эмэгтэй, сумын эрүүл мэндийн төвд доорх нэрийн тусламжийг үзүүлнэ. Үүнд:

  • Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл /хүүхэд, ээжүүдэд/
  • А аминдэм
  • Тураалын эмчилгээний сүү
  • Бугалганы тойрог хэмжигч /хүүхэд, насанд хүрэгчид/
  • Сургалтын зардал, шатахууны зардал
  • Жин хэмжигч
  • Нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх багц.

Тусламжийн хүрээнд

  • 6-59 хүртэл сартай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл түгээх
  • 5 хүртэлх насны хүүхдийн эцэг, эх, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд хоол тэжээлийн зөвлөгөө (нялх, бага насны хүүхдийн хооллолт, асаргааны чиглэлээр) өгөх
  • 14 хоногоос 1 сарын хугацаанд гэрийн эргэлт хийж, хэрэглээг хянах
  • Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн хоол тэжээлийн байдлыг үнэлж, хоол тэжээлийн хурц дутлыг илрүүлж, эмчилнэ.

Тусламжийн бараа материалыг Улаанбаатар хотоос Эрүүл мэндийн яам, Монгол Эм Импекс концерн хамтран дээрх сумдад хүргэх ажлыг удирдан, зохион байгуулна. Тусламжид хамрагдах иргэдийн нэрсийг эрүүл мэндийн газрууд орон нутгийн засаг захиргаатай хамтран урьдчилсан байдлаар гаргасан байна.

“НҮБ-ын Хүүхдийн Сангийн хувьд онцгой байдлын үед нэн тэргүүнд бага насны хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, тэднийг эндэх, хоол тэжээлийн дуталд орохоос урьдчилан сэргийлэхийг зорьдог. Бидний хийсэн судалгаагаар 5 хүртэлх насны 26 116 хүүхэд, 15 800 жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хоол тэжээлийн дуталд орох эрсдэлд байгааг тогтоосон.Тиймээс тэдгээр хүүхэд, эхчүүдэд Канадын хандивлагчдаас санхүүжүүлж буй хоол тэжээлийн багц тусламжийг хүргүүлж байгаа юм” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлэв.

Тусламжийн нийт санхүүжилт 339 000 ам.доллар буюу 828.1 сая төгрөг юм.

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.