“Ногоон эдийн засаг” ба хөгжлийн шинэ гарц

2019-08-30 Нийтлэл
Өнөө үед хүмүүс “ногоон эдийн засаг” гэдгийг өөр өөрөөр ойлгож байна. Зарим нь улс орныхоо байгалийг сайжруулах эдийн засгийн шинэ салбар гэдэгт итгэдэг. Зарим хүмүүс ногоон эдийн засгийг шинэ технологи, эко систем гэж ойлгож, байгальд тустай, үр шимтэй гэж боддог. Гуравдах нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго бүхий хөгжлийн шинэ шат гэж итгэдэг байна.

“Ногоон” эдийн засаг нь байгалийн баялгийг аль болох үр ашигтай ашиглах замаар нийгмийн сайн сайхан байдлыг хадгалах зорилготой юм. Юуны түрүүнд “ногоон” эдийн засаг нь одоо  хомсдож байгаа нөөцийг (ашигт малтмал – газрын тос, байгалийн хийн) хэмнэлттэй ашиглах болон шавхагдахгүй нөөцийг зохистой ашиглахад чиглэгдэж байна.

Ногоон эдийн засаг нь цэвэр эсвэл “ногоон” технологи дээр тулгуурладаг. Шинжээчдийн үзэж байгаагаар “ногоон” эдийн засгийг хөгжүүлэх нь аж үйлдвэржсэн орнуудад тохиолдож байгаа байгаль орчны хямралаас зайлсхийх боломж олгоно. Бид энэ удаад Казахстаны жишээг авлаа.

Казахстанд “ногоон” эдийн засгийг хөгжүүлэх үзэл баримтлал

Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын санаачлагаар 2013 оны 5-р сарын 30-нд “ногоон” эдийн засагт шилжих үзэл баримтлалыг боловсруулсан юм. Юуны өмнө, үзэл баримтлал нь эдийн засгийн тодорхой салбарыг шинэчлэх тэргүүн зэргийн зорилтыг тавьсан билээ.

Казахстан улсын “ногоон эдийн засаг”-т шилжих тухай үзэл баримтлал нь Казахстаны хүн амын амьдралын чанар, сайн сайхан байдлыг сайжруулах замаар шинэ бүтэцтэй эдийн засагт шилжих үүднээс тогтолцооны гүн гүнзгий өөрчлөлтийг бий болгох үндэс суурийг тавих бөгөөд байгаль орчны доройтол, байгалийн баялгийг хомсдол зэргийг хамгийн бага байлгасны үндсэн дээр  дэлхийн өндөр хөгжилтэй 30 орны тоонд орох зорилт тавьж байгаа юм.

Үзэл баримтлалыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ

Нэгдүгээр шат нь: 2013–2020 он нөөцийг ашиглах үр ашигтай тогтолцоог бий болгох, байгаль орчны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, “ногоон” дэд бүтцийг бий болгох

Хоёрдугаар шат нь: 2020–2030 он байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, өндөр технологид суурилсан сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх

Гуравдах шат нь: 2030–2050 он үндэсний эдийн засгийг сэргээгдэх чадварынхаа хэрээр байгалийн сэргээгдэх баялгийг ашиглахад үндэслэгдсэн  “аж үйлдвэрийн гурав дахь хувьсгал” руу шилжих.

Үзэл баримтлалын дагуу “Ногоон эдийн засагт” шилжих арга хэмжээ нь дараах чиглэлээр хэрэгжих болно юм. Тухайлбал, усны нөөцийн тогтвортой ашиглалт, тогтвортой, өндөр үр дүнтэй хөдөө аж ахуй, эрчим хүчийг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хог хаягдлын менежментийн системийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулах, экосистемийг хамгаалах болон үр дүнтэй менежмент хийх.

2050 он гэхэд “ногоон эдийн засгийн” хүрээнд хийгдсэн өөрчлөлт нь ДНБ-ийг 3% -иар нэмэгдүүлж, 500 гаруй мянган ажлын байр шинээр бий болгох, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, хүн амын амьдралын чанарыг нийтэд нь өндөр түвшинд хүргэх боломжийг олгоно гэж тооцоолж байгаа юм.

Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан НАЗАРБАЕВ, “Ногоон” эрчим хүч рүү шилжих, “ногоон” технологийг нэвтрүүлэх нь дэлхий дахины эдийн засгийн цаашдын өсөлтийг зааж өгч байгаа юм. Байгалийн их баялаг, түүний дотор нүүрсустөрөгчийн  асар их нөөц Казахстанд байдаг ч  гэсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг идэвхтэй хөгжүүлэхээр төлөвлөж байна. ”Стратегийн төлөвлөлт-2050” дээр ийм зорилт тавьсан байгаа билээ. Бид жил бүр үндэсний ДНБ-ий 2%-тай тэнцэх хэмжээний хөрөнгийг “ногоон шинэчлэл” -д зориулахаар төлөвлөж байна. Энэ бүхэн нь “ногоон” эдийн засагт шилжих үзэл баримтлалд тусгалаа олж байгаа юм.

“Ногоон” эдийн засагт шилжих  үзэл баримтлалыг баталж, үүрэг даалгавар өгч, санхүүжүүлэх арга замыг тодорхойлсон байгаа. Хамгийн гол нь хүмүүсийн ухамсарыг “ногооруулах” хэрэгтэй байгаа юм. Хэмнэх, эрчим хүчний нөөцөд хайр гамтай  хандах нь Казахстаны иргэн бүрийн амьдралын зарчим болох ёстой. Байгаль бол өвөг дээдсээс өвлөн авсан зүйл биш, харин бидний үр удмаас зээлсэн зүйл юм  гэдэг үгийг ухаарах хэрэгтэй юм” гэжээ.

Ногоон эдийн засгийг хөгжүүлэх долоон үндсэн чиглэлийг боловсруулсан байна.

Үүнд: Нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэвтрүүлэх

Хоёрдугаарт, орон сууц, нийтийн үйлчилгээний эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх

Гуравдугаарт, хөдөө аж ахуйн органик аж ахуй

Дөрөвдүгээрт, хог хаягдлын менежментийн системийг сайжруулах

Тавдугаарт,  усны нөөцийн удирдлагын системийг сайжруулах

Зургаадугаарт, “цэвэр” тээврийн хөгжил

Долоодугаарт, экосистемийн хамгаалалт, үр дүнтэй удирдлага

Өнөөдөр дэлхийн инновацийн 40 хувь нь “ногоон” эдийн засагт ноогдож байгаа бөгөөд тэдгээрийн 50 хувь нь “ногоон” эдийн засагт чухал хүчин зүйл болох эрчим хүчний хэмнэлт, эрчим хүчний үр ашигтай зарцуулалтын инноваци юм байна. Эрчим хүч нь зөвхөн эдийн засгийн өрсөлдөх чадвар, аюулгүй байдал, гэр орондоо дулаахан, гэрэл гэгээтэй байхын төлөө ажилладаг юм биш бөгөөд бохирдлын ялгарлын 50%, хүлэмжийн хийн ялгарлын 70% -ийг эрчим хүч ялгаруулж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, эрчим хүчний багтаамжийн түвшин нь үндэсний эдийн засгийн экологийн болон  уур амьсгалын бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлдог аж. Энэ үзүүлэлтээр дэлхийд Казахстан наймдугаар байр эзэлдэг бөгөөд Орос улс бол арван тавдугаарт ордог. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний үр ашигтай зарцуулалт  нь манай эдийн засгийн эмзэг цэг юм.

Бэлтгэсэн Д.Баярцэнгэл

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.