Сургуулиуд хориглосон хүнс худалдсаар байна

2017-03-24 Мэдээ, мэдээлэл
Хэвлэлийн бага хурал

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт явуулжээ. Энэхүү шалгалтын дүнг өнөөдөр /2017.03.24/ НМХГ-аас танилцууллаа. Шалгалтад Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 127, төрийн өмчийн бус 70 ерөнхий боловсролын сургуулийг хамруулжээ. Шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна.

  1. Хамрагдсан сургуулийн 34.5 хувь нь зориулалтын цайны газаргүй, 25 хувь нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй байна.
  2. Цайны газруудын 32 хувь нь хүүхдийн байгууллагад худалдахыг хориглосон /чихэр, бохь, жигнэмэг, хатаасан жимс, чипс, мөхөөлдөс, царцмаг, байгалийн бус гаралтай ундаа, шүүс, ороомог, пирошки/ бүтээгдэхүүн буфетээр худалдаж байгаа нь “ЭМС-ын 2013 оны 207 тоот тушаал”-ын 4.15 дугаар заалтыг зөрчиж байна.
  3. Шалгалтад хамрагдсан сургуулиудын 35 буюу 17.7 хувь “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд бага ангийн сурагчдад зориулсан хоол үйлдвэрлэл явуулж байгаа ажлын байранд ажил үйлчилгээний дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулаагүй байна.
  4. Шалгалтад хамрагдсан сургуулиудын бага ангийн багш, гал тогооны ажиллагсад нь журамд заасан хугацаанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй байжээ.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу 21 аж ахуйн нэгжид 105 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, нийт 25 байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 7.170.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж ажиллалаа. Мөн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн цайны газар нь зориулалтын бус эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, цаашдаа бэлэн бүтээгдэхүүнээр /нарийн боов, сүү, таргаар/ үйлчлэхээр болжээ.

Тус шалгалтыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн байгаль, орчны газар, Шинжлэх ухаан Техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль зэрэг зургаан байгууллага хамтран явуулсан байна.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.