НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ БИАТА ТРАНКМАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2018-01-30 Парламент

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр (2018.01.30) НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтад Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн захирал Брюс Штийн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Даниела Гашпарикова, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Д.Тогтохсүрэн нар байлцав.

Уулзалтаар Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2018-2021 онд хэрэгжүүлэх ‘Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь’ төслийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, төрийн албаны орчин үеийн баялаг туршлагатай орноос туршлага судалж, Монгол Улсад зөв нутагшуулах асуудал чухал байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг зөв хэрэгжүүлж чадсанаар иргэдэд үйлчилж буй төрийн үйлчилгээний чанарт эрс ахиц гарна гэж найдаж байна. Төрийн алба шуурхай, шударга, мэргэжлийн, өндөр чадвартай байх нь чухал бөгөөд энэ бүгдийг хэрэгжүүлж, үр дүнд хүрэхэд бидний хамтын ажиллагаа гол байр суурь эзэлнэ гэлээ.

НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкман Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, “Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд тогтвортой төрийн алба чухал үүрэг гүйцэтгэнэ. Уг төсөл нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарсны дараа, 2018 оноос хууль хэрэгжиж эхэлж байгаа энэ үед таарч байгаа нь цагаа олсон явдал юм. Канад Улсын Засгийн газар Монгол Улстай төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр 2010 оноос хамтран ажиллаж, судалгаа, Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн боловсруулах талаар зөвлөмж өгч, Төрийн албаны зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр мэргэжлийн туслалцаа үзүүлж ирсэн. Төслийн ерөнхий зорилго нь Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм журам, арга хэрэгслийг боловсруулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчид болон Засгийн газрын байгууллагуудад холбогдох чадавхийг бий болгох замаар уг хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхэд оршино” гэв.

Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог төслийн ерөнхий бодлогын удирдлагыг хангах стратегийн түнш болгон сонгон авсанд талархал илэрхийлээд, төрийн албаны шинэтгэл, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд төр, засгийн болон сургалтын байгууллага хоорондын уялдааг хангах, цаашид төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно гэлээ. Мөн Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй урт хугацааны турш хамтран ажиллаж байгааг тэмдэглээд ‘Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх’ төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ‘Монгол Улсад төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх’ төслийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулахад хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.