Хүй хүзүүгээ орооно гэж юу гэсэн үг вэ?

2018-01-13 Мэдээ мэдээлэл

Энэ асуулт таны санааг зовоож байж магадгүй. Жирэмсний хугацаанд ургийн хүй хүзүүгээ ороосныг хэт авиан шинжилгээгээр оношлодог. Жирэмсний эхний болон хоёр дахь гурван сарын хугацаанд ургийн хөдөлгөөн идэвхтэй байхын зэрэгцээ ураг орчмын шингэн харьцангуй их байдаг тул ураг чөлөөтэй сэлж хөдлөж байдаг. Энэ үед ургийн хүй хүзүүгээ ороосон байх нь хэт авиан шинжилгээгээр оношлогдож болох боловч энэ нь ямар нэгэн хор нөлөө үзүүлдэггүй тул санаа зовсны хэрэггүй. Харин жирэмсний сүүлийн хугацаанд ураг томорч умай доторх хөдөлгөөн хязгаарлагддаг. Үүнтэй холбоотойгоор хүй хүзүүгээ ороосон байвал удаан хадгалагдах хандлагатай байдаг.

Хүүхэд эхнийнхээ хэвлийд байхдаа хүйгээрээ боогдоно гэсэн асуудал байдаггүй.
Учир нь ураг эхнийн хэвлийд байхдаа амьсгалдаггүй. Харин ураг хүйн судсаар дамжуулан хүчилтөрөгч болон хоол тэжээлийн бодисоо эхийн цуснаас авч нүүрсхүчлийн хий болон хаягдал бодисоо эхийн цус руу ялгаруулж байдаг. Ихэсийн судасны багцуудад мембраны нэвчилтийн замаар эхийн цус болон ургийн цусны хооронд бодисын солилцоо явагдаж байдаг бөгөөд эх болон ургийн цус хэзээч холилддоггүй байна.
Хүйнд гурван судас байдаг. Эдгээрийн нэг нь венийн судас байдаг бөгөөд энэ судсаар ихэсээс ураг руу хүчилтөрөгчөөр хангагдсан цус ирдэг бол харин хоёр артериар нүүрсхүчлийн хийгээр баялаг цус ургаас ихэс рүү очдог. Иймд энэ гурван судас ургийн хийн болон бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэгээс ураг умай дотор байхдаа амьсгалдаггүй байна.

Одоо бид хүй ямар үүрэг гүйцэтгэдэг тухай мэдэж авлаа. Хэрэв хүйн судас зарим шалгааны улмаас боогдох эсвэл бөглөрвөл урагт хангалттай хэмжээний хүчилтөрөгч очиж чадахгүй болж бүтэлт үүсдэг. Эцэстээ удаан хугацаанд хүчилтөрөгч дутагдвал тархи үүнд их мэдрэг байдаг тул эргэшгүй өөрчлөлтөнд орж үхэлд хүрдэг.
Жирэмсний хугацаанд бүх зүйл сайхан байж болно. Харин төрөлтийн үед ураг төрөх замаар доошилдог тул энэ үед хүй хүзүүгээ олон болон чанга ороосон байвал сунаж дарагддаг байна. Үүний улмаас хүйн судасаар урсах цусны урсгал саатдаг. Мөн энэ үед ургийн мөр толгой болон нөгөө талаас эхийн аарцгийн уйтан хэсгийн хооронд хүй дарагддаг тул бүтэлт үүсэн магадлалийг улам өндөр болгодог. Гэвч ийм байдал ховор тохиолддог бөгөөд сул ороосон татагдалт багатай байвал урагт хор нөлөө үзүүлдэггүй. Иймд төрөлтийн өмнө хүй хүзүүгээ ороосон эсэхийг оношлож төрөлтийн үйл ажиллагааны явцад ургийн зүрхний цохилтыг нарийн хянах шаардагатай.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.