УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүнийг томилох тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд хориг тавьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Улаан:
-Манай Ерөнхий сайд томилогдохдоо хууль дээдлэн гэж байсан. Энэ зарчим алдагдаж байна. Энэ хуралдаан дээр олон гишүүн Оюутолгойн орд, Дубайн гэрээний тухай ярьж байна. Оюутолгойн гэрээний хэлэлцээрийн явцад Монгол Улсад туйлын ашиггүй байдалд хүргэсэн. Монголын энэ үнэт ордыг луйвардаж, дээрэмдэж байгаа тухай асуудал тавьж байгаа. Дараа дараагийн ухаалаг хөвгүүд энэ гэрээг Монголдоо ашигтай болгох байх.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:
-Бид ард түмнээсээ ичиж амьдрах ёстой. Хууль сахиулах ойлголт ард түмнээс холдлоо. Хэдэн жил бид худал үнэн нь мэдэгдэхгүй манан дунд явах юм билээ. УИХ-ын танхимд хориг тавьсан гэж орж ирээд, хүн доромжлоод суудаг байж болохгүй. Өнөөдөр энэ бүхэн газар сайгүй халдварлаж байгаа. Нам, найз нөхөд хагаралдаж байна. Энэ нөхцөлд бизнесийн орчин яаж сайжрах юм бэ. З.Энхболд гэдэг хүний үгнээс 30 гэр бүл гэж гарч ирсэн. Одоо 300-г хайх юм. Цаашдаа 3000 болох юм байна. Бид хуулиа биелүүлж чадахгүй болохоор ард түмнийг мунхруулж, хагаралдуулдаг.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Ерөнхийлөгчийг эвлэрүүлэхийн тулд сонгосон.Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд хориг тавьсан гэж яриад байна. Ерөнхийлөгч чөлөөлөх хориг тавьж болно. Гэтэл чөлөөлөгдсөн сайдын шийдвэр дээр хориг тавьж байна. Энэ асуудлыг оруулж ирдэг нь хуульзүйн хувьд буруу юм. Энэ асуудалд анхааралтай хандах ёстой. Бид ажил ярихгүй бол сүүлийн үед урам хугарч байна. Зарим нөхдөд гомдож байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Монгол Улсын Үндсэн хууль 25 жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. Зарим хүмүүс энэ Үндсэн хуулинд гар хүрэх шаардлагагүй гэж үздэг. Өнгөрсөн дөрвөн жилд цахим лиценз олголт гэдгийг өмнөх парламент хавтгайруулж олгосон шүү.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Би болон манай ах нар өмч хувьчлалаас амбаар ч худалдаж авч үзээгүй. Төсвийн мөнгөөр нэг ч тендэр аваагүй.Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл авч үзээгүй. Одоогоос 9 жилийн өмнө буюу 2008 онд “Хотгор шанага” ордыг барьцаалж зээл авсан. Ямар нэг лиценз зараагүй, наймаалцаагүй. 2006 онд М.Энхболд даргыг Ерөнхий сайд байхад гэрээ боловсруулаад батлаагүй. 2007 онд батлуулсан Оюутолгойн гэрээнд би ороогүй. Яагаад гэвэл миний ахалсан гэрээ байсан. “Дубай”-н гэрээ хийх үед би сөрөг хүчин хийсэн. Намайг өндөр үнэтэй байранд амьдардаг гэсэн. Би гурван өрөө байранд амьдардаг. Надад илүү юу ч хэрэггүй. Сангийн сайдад нэр дэвшсэн, хориг тавьсан сар гаруй хугацаанд дэндүү доромжлуулж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Өнөөдрийн энэ хуралд би сэтгэл дундуур харамсаж байна. Зарим гишүүд хор, хов хоёрт ховсдуулсан юм шиг байна. 30 гэр бүл гэж ярьж байна. Гэтэл одоо байтлаа тэрийг өөрсдөө ол гэж байна. З.Энхболдын толгойноос олох юм уу, Х.Баттулгын тархинаас олох юм уу. Өнөөдөр Монгол Улс гурван Ерөнхийлөгчтэй юм шиг боллоо.
Ингээд Засгийн газрын гишүүнийг томилох тухай УИХ-ын 58 дугааар тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хороодын дүгнэлтээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 84 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.
Одоо чуулганы хуралдаанаар 2018 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.